Ард түмнийхээ амьдралыг бодитоор мэдэрч яваа эмэгтэйг нутгийнхан нь дэмжих хэрэгтэй

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл МАН-аас УИХ-ын сонгуулийн есдүгээр тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Д.Балдан-очир нарын өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрөлх нутагтаа хийж бүтээсэн ажил, бүрэн эрхийнхээ хугацаанд санаачилж батлуулсан хуулиудын талаар Завхан аймгийн МАН-ын удирдлагуудад танилцууллаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 1990-ээд оны үед Завхан аймгийн МАН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж, энэ нутгийн ард түмний ажил амьдралыг сайн мэддэг болсон завханчуудад элэгтэй нэгэн юм. УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын санаачилсан хууль тогтоол, ажлын санаачилгуудыг нь үргэлж дэмжиж тусалдаг. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тус аймгийн МАН-ын удирдлагуудтай уулзах үеэрээ “Монголын эмэгтэйчүүдээ төлөөлж төрд дуу хоолой нь болж яваа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол бол шаргуу, хөдөлмөрч, тууштай тэмцэгч, зоригтой айхыг мэддэггүй шилдэг лидер улс төрч эмэгтэй” гэж тэмдэглэж байлаа.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Завхан аймгийн нүүр царай нэлээд өөрчлөгджээ. Манай намаас сонгогдсон гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд багагүй ажлыг хийж гүйцэтгэсэн нь харагдаж байна. МАН-ын гурван гишүүн маань өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт суулгуулж багагүй ажлыг хийсэн. 100 гаруй тэрбум төгрөг гэдэг бага тоо биш. Энэ их мөнгийг төсөвт суулгуулахад Д.Оюунхорол гишүүний зүтгэл их бий. Улсын төсөвт мөнгө суулгуулах ажлыг зөвхөн УИХ-ын гишүүн хүн л хийж чаддаг гэдгийг ард түмэн ойлгох хэрэгтэй. Тухайн орон нутгийн Засаг дарга, нутгийн удирдлагууд төсөвт суулгуулсан мөнгийг ажил болгох үүрэгтэй. Түүнийхээ дагуу ажлуудыг хийсэн байх. Завхан аймагт ирэх дөрвөн жилд хатуу хучилттай зам тавигдах бүрэн бололцоотой болсон. Д.Оюунхорол гишүүн уг асуудлыг шийдүүлэхээр зүтгэсний үр дүнд хэрэгжих шатандаа ирчихээд байна. Түүнээс гадна Хөвсгөл аймгийнхан Могойн голын дулааны цахилгаан станцыг барих гээд учраа олохгүй тээнэгэлзэж байхад нь Д.Оюунхорол гишүүн Тэлмэн суманд дулааны цахилгаан станц бариулах шийдвэр гаргуулсан. 100 тэрбум төгрөгөөр 60 мВт-ын дулааны цахилгаан станцыг ирэх дөрвөн жилд барьж ашиглалтанд оруулна. Тийм учраас энэ том ажлыг санаачилж, шийдвэрлүүлсэн гишүүнийг УИХ-д дахин сонгож эхэлсэн ажлыг нь дуусгуулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нийгмийн бодлогын талд томоохон өөрчлөлтүүдийг хийсэн. Мөн боловсролын салбарт Д.Оюунхорол гишүүний санал санаачилгагүйгээр гарсан хууль гэж байхгүй. УИХ-аар боловсролын багц хуулийг батлуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн оюутнуудад сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэмж олгох ажлын хэсгийг ахлаж ажиллан шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд уг асуудлыг шийдвэрлүүлж чадсан. Мөн эхчүүдэд алдарт эхийн одон олгох, мөнгөн урамшууллыг нэмэгдүүлэх тухай хуулиудыг санаачилж батлуулсан. Жендэрийн тухай хуулийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол санаачилж чармайж зүтгэсний үр дүнд батлуулж чадлаа. Халамжийн хуулийг санаачилж батлуулсан. Халамжийн тухай хуулиар ирэх жилээс бага, дунд орлоготой иргэдэд 21 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох эрхзүйн орчин бүрдлээ. Энэ мэтчилэн түүний батлуулсан хуулиудыг дурдаад байвал дуусахгүй. Түүний санаачилсан хуулиудыг харахад яг л бодит амьдралд хэрэгтэй унацтай баримт бичгүүд байдаг. Монголын эмэгтэйчүүдийн дуу хоолой болохоос гадна ард түмнийхээ амьдралыг бодитоор мэдэрч яваа энэ эмэгтэйг нутгийнх нь ард иргэд дэмжих хэрэгтэй” гэж хэлэв.







