Ц.Болортамир: “Шүүсэн ус эрдэсгүй, амьд биш байдаг”


“Усыг хайрлах хэрэгтэй, гамнах ёстой” гэдгийг хэн бүхэн мэддэг хирнээ хэзээ ч үүнийг биелүүлдэггүй дутагдал “Монголынх”. Өнөөдөр Монгол улс шиг гүний усаа ахуйн болон үйлдвэрт ашигладаг орон дэлхий дээр байхгүй болжээ. Үргэлжилсэн цементэн замтай Япон шиг улсуудыг бид “сайхан” хэмээн эндүүрдэг ч үнэндээ,  энэ нь усны чанарт хамгийн муу гэнэ. Бидний мэдэхгүй, усны тухай олон баримтыг дэлгэхээр бид ШУА-ийн Физик-математик-химийн салбарын Бага чуулганы  эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Ц.Болортамиртай ярилцлаа. Бүсгүйчүүддээ дуустал нь уншихыг санал болгож байна.

Судалгааны ажлынхаа талаар танилцуулаач

-       Миний мэргэжил бол хими-технологич. Үйлдвэрийн хаягдал бохир ус болон байгалийн эрдэсийн түүхий эд гэсэн хоёр чиглэлээр судалгаа явуулдаг. 2009 онд Японд Токиогийн технологийн их сургуульд химийн инженерчлэлийн чиглэлээр “Арьс ширний үйлдвэрийн хаягдал усан дахь хромын ионыг Монголын байгалийн идэвжүүлсэн цеолитоор шингээж ялгах нь” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалаад ирсэн. Судалгааны үр дүн сайн гарч,  Монголын байгалийн эрдэс түүхий эдийг ашиглан бохир усыг цэвэрлэж болох юм байна гэдгийг тогтоосон. Японоос ирээд үүнийгээ практикт нэвтрүүлэхээр зорьсон. Улаанбаатар хотод Монгол улсын арьс ширний үйлдвэрлэлийн дийлэнх хувь төвлөрч байгаа бөгөөд одоогийн байдлаар 30 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. “Харгиа” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдон 20 шахам жилийн нүүр үзэж байгаа бөгөөд дээрх үйлдвэрүүдийн тогтвортой ажиллагааг сайжруулах хүрээнд 2010 онд Харгиа цэвэрлэх байгууламжийг улсын харъяанд  авснаар “Урьдчилан цэвэрлэх байгууламж” нэртэй болсон. Цэвэрлэх байгууламжид гардаг асуудлууд гэвэл нэгдүгээрт үйлдвэрээс гарч байгаа бохир усны үнэрийн асуудал,  хоёрдугаарт бохир усанд агуулагдаж байгаа химийн хорт бодисууд, гуравдугаарт лаг буюу хортой хатуу хог хаягдал. Ийм гурван асуудал байнга яригддаг сэдэв болсон. Эдгээр асуудлуудыг эрдэмтэд олон талаас нь судалж, 2010 оноос эхлэн шинэчилсэн технологийг нэвтрүүлэх талаар баг болон ажилласан байгаа. Одоо бол урьдчилан цэвэрлэх байгууламжид л арьс ширний үйлдвэрүүд л стандарт заагдсан хэмжээний дагуу усаа нийлүүлдэг, мөн бохир усаа хольж нийлүүлэхгүй бол асуудалгүй гэхэд болно. Арьс ширний үйлдвэрийн бохир усыг Урьдчилан цэвэрлэх байгууламж цэвэрлээд Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж, тэндээ цэвэрлээд Туул гол руу цутгадаг гэж ойлгоход энгийн байх.

Сүүлийн жилүүдэд айл албан байгууллагууд шүүсэн ус их хэрэглэх болсон зөв үү? Хлортой ус хортой юу?

-       Ер нь усыг цэвэршүүлдэг зүйл бол хлор л доо. Мэдээж хлорын хэмжээ стандартад заагдсан хэмжээнээсээ их байвал хортой л байж таарна. Бидний өдөр тутмын хэрэглэдэг крантны усыг буцалгаад уухад ямар ч хортой нөлөөгүй. Харин ч  сүүлийн үед гарч байгаа янз бүрийн нано материал ашигласан гэх шүүлтүүрүүдээс дээр байж мэдэх юм. Усанд агуулагдах эрдэс гэж юм бий. Дээр дурдсан шүүлтүүрүүд нь усанд агуулагддаг эрдэсүүдийг алга болгочихдог тал байна. Байх ёстой эрдсүүд нь байхгүй болсноор хүн эрдэсийн дутагдалд орж, эргээд түүнийгээ нөхөх шаардлагатай болдог. Ер нь хамгийн зөв шийдэл бол крантны усаа буцалгаад хэрэглэхэд нэг их буруутгахгүй дээ. Яагаад сүүлийн үед шүүлтүүрийг хэрэглэж байна гэдэг асуудал гарч байна. Хлоржуулалтаас илүү зэвний асуудал байна. Энэ л харин хурц асуудал байгаа учраас шүүлтүүр ашиглаж байна. Сүүлийн үеийн савалгаатай  уснуудаас бид байнга хэрэглэж байна. Ууж байгаа усаа шинжлүүлэхэд ямарч эрдэс байхгүй “нэрмэл ус” л байх жишээний. Энэ нь өнөөх л ямар ч эрдэсгүй, хүний биед ашиггүй ус. Миний судалж мэдсэн эрдэстэй хоёрхон л усыг мэдэх юм байна. Үүнд “Хужирт”, “Тэрэлж” байна.

Үзмэрч, бөө хүмүүс усаар мэдээлэл дамжуулдаг гээд яриад батлаад байдаг. Энэ тал дээр эрдэмтэн хүний хувьд ямар бодолтой байдаг вэ?

-       Аливаа юмс учир холбогдолтой л байдаг. Шинжлэх ухаан бол үгүйсгэж ирсэн боловч Японы эрдэмтэн Масуро Эмото 25 жил усны кристалл бүтцийг судалсан байдаг.  Энэ хүн хоёр аяганд  ус хийгээд,  эхний усанд сайхан үг хэлэхэд тухайн ус зөв бүтэцтэй, нөгөөд нь муухай үг хэлэхэд зөв бүтэц нь алга болж тархай бутархай болж байх жишээтэй.

Улаанбаатар хотын иргэд цэвэр ус хэрэглэж чадаж байгаа болов уу? Усны нөөцийн талаар?

-       Манай орон шиг гүний усаа ахуйн болон үйлдвэрт ашигладаг улс орон дэлхий дээр байхгүй. Туул голын ай сав газарт  манай улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг. Туул гол Хэнтий нуруунаас эх аван 868 км урсаж, Орхон голд цутгах ба Сэлэнгэ мөрнийг усаар тэтгэж, Байгаль нуурт цутгана. Улаанбаатар хотын ундны усны 99 хувийг  зөвхөн Туул голын  хөндий дэх газар доорхи ус бүрдүүлдэг. Ийм болохоор Туул голын ай сав газрыг хамгаалж усаа хайрлаж хэмнэх хэрэгтэй. Жишээлбэл, зарим албан байгууллагуудын крантны ус сул гоожижл байдаг тэрэнд анхаарал тавьдаг хүмүүс их бага байдаг, энэ ус бидний нөгөө яриад байгаа гүний ус л урсаад байна. Харин бид эсрэгээрээ гэрт ямар нэгэн крант эвдэрчихээд ус гоожиход тэр дор нь сантехникч дуудаж засуулдаг. Бид үүнийг өөрчлөх л хэрэгтэй. Үүний тулд цэцэрлэгийн хүүхдээс эхлэн тэдэнд экологийн хичээл тэр дундаа усаа хэрхэн хэмнэхийг зааж сургах хэрэгтэй л гэж боддог. Учир нь өнөөдөр нийслэлийн усны хоногийн бодит хэрэглээ 323600 м3 хүрээд байгаа гэсэн дүн байдаг бөгөөд  хэрэглээний бүтцээр нь авч үзвэл жишээлбэл: төвлөрсөн ус хангамжид 50 гаруй хувийг, ДЦС- техникийн ус хэрэглээнд 19 хувийг,  үлдсэн хувьд нь хувийн үйлдвэр, хувийн байшин, газар тариалан гэх мэт орж байдаг. Иймд усаа хайр гамгүй хэрэглээд байвал, арав хорин жилийн дараа усны хомсдолд орж магадгүй шүү дээ. Усны хомсдолд орох аюул зөвхөн бид бүгдээс л шалтгаалах учраас дусал усыг ч хэмнэе гэж уриалмаар байна.

 

Туул голын эрэг орчим барилга барих болжээ:

-       Бүтээн байгуулалт хийж байгааг хараад би мэдээж баярлаж байна. Хэтийн төлөвлөлтөд усны хэрэгцээг хамгийн ихээр бодолцох хэрэгтэй. Би 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрт усны асуудлыг сайн тооцоолсон боловуу гэдэгт их эргэлздэг. Бас Туул голын сав дагуу орон сууц, барилга байгууламж ихээр барьж байна. Энэ нь үнэхээр буруу лдаа. Нэгдүгээрт, Туул голын орчмын судалгаагаар газар хөдлөлтийн хамгийн өндөр магадлалтай бүс, хоёрдугаарт, цэвдэгтэй,  гуравдугаарт, усны түвшинг багасгаж байгаа гэдгийг тогтоосон байдаг.

Туул голын түвшинг ихэсгэхийн тулд мод тарьвал нэмэгдэхүү?

-       Мэдээж нэмэгдэнэ. Туул гол  жил бүр тасраад түвшин нь багасаад л байна.  Үүнд юу их нөлөөлж байна вэ гэхээр Туул голыг бохирдуулагч бид өөрсдөө юм. Бид гэдэгт туул голын орчимд үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын газрууд, хувь хүмүүс, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд, элс хайрга олборлодог газрууд орно лдоо. Энэ тал дээр манай академийн  эрдэмтдийн баг олон талаас нь судлаад цаашид хийх ажлын төлөвлөгөөг  БОАЖЯ-руу хүргүүлсэн байгаа. 

Таны түрүү хэлсэн хэрэглэсэн усаа ашиглах тал дээр арга хэмжээ авч болох болов уу? Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, хувь хүн байгаа юу?

-        Миний хувьд энэ тал дээр  ажиллаж л байна. Манай орон байгалийн баялаг ихтэй орон. Дан нүүрс, алт биш. Галт уулын дэлбэрэлтээс үүссэн байгалийн эрдэс түүхий болох цеолит байна. Цеолитийг гадаадад бүх л салбарт ашиглаж байна. Тухайлбал,  анагаахын салбарт эм, гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэж байна. Хөдөө аж ахуйд бордоо гэдэг ч юм уу.  Цеолит үнэр сайн шингээдэг учраас янз бүрээр ашиглаж болно. Ер нь цеолитийн талаар хүмүүс бага ойлголттой байдаг. Иймд байгаль дээр бэлэн байгаа энэ цеолитийг ашиглах цаг тун удахгүй ирнэ л гэж хэлмээр байна.

 

Сонирхолтой яриа өрнүүлсэн явдалд баярлалаа.

 




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.