Тэр "Монголоороо гоёж" чадсан

 

Монгол эмэгтэй хүн эх орон, эх түүхийнхээ төлөө хатуу хэцүүг сөрж, бартаат замыг туулахдаа эр хүнээс дутахааргүй гэдгийг үйл хэргээрээ харуулсан эмэгтэй бол Ц.Санчир. “Тархан суурьшсан Монголчууд” ТББ-ын тэргүүн, соёл судлаач тэрээр найман зуун жилийн өмнөх тэр л түүх, тэр л ард түмэнтэй нүүр тулсан нэгэн. Аяны богцоо үүрээд хэний ч төсөөлөөгүй үлгэр домгийн мэт ертөнц рүү зорилго, зориг шулуудан ганцаар алхсан эмэгтэй бол тэр. Эзэн хааны зарлиг хүлээж суугаа алс хязгаар нутгийн буурлуудад чин сэтгэлээ өвөрлөн очсон энэ бүсгүйн урт холын замын үр дүн Монголчуудын минь мянга мянган жил үргэлжлэн хөврөх түүхийн үнэт хэлхээс болж байна. Хэдэн үеэрээ эх нутгаа харуулдан, хүсэл мөрөөдөл болсон ард түмнийг зорин очсон анхны магадгүй заримынх нь хувьд сүүлчийн “Монгол хүн”–ий бараа эмэгтэй хүн байсаан.

“Дэлхийд тархан суурьшсан Монголчууд”  хэмээх судалгааны ажлын тань талаар Монголд мэдэхгүй хүн гэж үгүй болжээ. Тэгвэл энэ удаагийнхаа ярилцлагыг бид тархан суурьшсан Монгол эмэгтэйчүүдийн амьдралын талаар онцолж ярилцъя гэж бодлоо.

-      Баярлалаа. Нэг үеэ бодвол харьцангуй мэдээлэлтэй болж байгаа гэж найдаж байна. Бидний судладаг үндсэн сэдэв: “Эзэнт гүрний байлдан дагууллын үеэс тархан суурьшсан Монголчууд, Монгол соёлын дурсгалууд” гэдэг маш өргөн хүрээг хамардаг болохоор “эмэгтэйчүүд” гэж тухайлан ярьж байсангүй. Бидний ажлын онцлог ихэнхдээ хаалттай нийгмийг зорьдог. Тэр л буурай дорой амьдрал, исламын ертөнц, дотоодын мөргөлдөөн дунд эмэгтэйчүүдийн эрх, сурч ажиллаж, амьдрах нөхцөл гэдэг үнэндээ хэцүү зүйл л дээ. Түүхийн нугачаанд дэлхийн энгээр тархан суурьшсан Монгол эмэгтэйчүүдийн төдийгүй нийт Монголчуудын хувьд тусгаар Монгол улс гэдэг “хүсэл мөрөөдлийн улс” билээ. Тухайлбал, исламын ертөнцөд гивлүүрийн цаана аж төрж байгаа эмэгтэйчүүд улс нийгэмдээ ажил хийж алба хаших нь бүү хэл олон нийтийн газар эрэгтэй хүнтэй ярих ч эрхгүй, бусдын өмнөөс эгцлэн харах ч эрхгүй тийм л хаалттай хоригтой амьдралаар амьдардаг. Харин Өвөр Монгол, Дээд Монгол, Цаст Монгол, Буриад, Халимаг эмэгтэйчүүдийн хувьд харьцангуй нээлттэй газар байгаа болохоор арай илүү дээр амьдарч байна. Найман зуун жилийн тэртээ их хааны зарлигаар эзлэсэн нутгаа хамгаалан үлдэж өнөөдөр харийн оронд алс газарт аж төрж байгаа эмэгтэйчүүдийн амьдрал хэцүүхэн л байна даа.

Тэр хэцүү амьдралтай байгаа Монгол эмэгтэйчүүдийн тухай дэлгэрүүлээч?

-Наад зах нь эмэгтэй хүн өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө тэмцэж, замнаж, хүссэн зүйлээ хийх боломж хязгаарлагдмал улс оронд амьдарч байгаа эмэгтэйчүүд тухайн нийгмийн  дарамт, хаалт хориг хууль  цаазанд нухлагдаад л, тэнд байгаа бусад үндэстнүүддээ хавчигдаад л амьдарч байна. Бидний хувьд эдгээр улс оронд эзэнт гүрний байлдан дагууллын үеэр тархан суурьшсан Монголчуудаа зорьдог л доо. 1227 онд Чингис хаан Тангуд улсыг дайлаар мордох замдаа шархдаж тамирдсан цэргүүд, аяншиж ядарсан хүмүүсээ үлдээсэн зарлигийн дагуу одоо хир нь мөнөөх газар нутгуудад Монголчууд маань аж төрж байна. Нэг тосгон сууринд хамгийн өндөр настан нь “Хаан энд үлд гэсэн учраас бид хаашаа ч нүүж болохгүй ээ. Эргээд иртэл нь эндээ байна” гэж үр хойчидоо өнөө хир нь сургаал захиасаа үлдээдэг. Тэдгээр алслагдсан газарт тархан суурьшсан Монголчуудын хувьд найман зуун жилийн дараа Монголоос ирж байгаа хүний сураг сонсоод хөлөг баатар л ирнэ гэж төсөөлдөг. Харин ганцхан эмэгтэй яваад очихоор бүгд гайхдаг л даа. Тэд эзэн хааны зарлигийг биелүүлэхээр хэзээ нэгэн цагт Монгол нутгаас хөлөг баатрууд ирээд аваад явна гэсэн хууч яриатайгаар найман зууны турш та биднийг хүлээж байгаа хүмүүс.

 

-       Та дэлхийд тархан суурьшсан Монгол эмэгтэйчүүдээс өөрийн сэтгэлд хэзээ ч мартахгүй, үлдсэн  эмэгтэйн тухай яриач?

-       Очсон газар болгондоо онцгой сайхан хүмүүстэй уулзаж, олон сайхан үйл явдал болдог л доо. Тэр дундаас хамгийн анх зорьж очиж байсан Цагаан Монголчууд санаанаас огт гардаггүй юм. 1227 онд Төвдийн өндөрлөгийн зүүн хэсэг болоод шар мөрний сав газар үлдсэн тэд өнөө хир нь мөнөөх газраа аж төрсөөр суудаг. Анх тэр газрыг зорихдоо чухам ямар хүмүүс биднийг хүлээж байгаа талаар ямар ч мэдээлэл, төсөөлөлгүй очиж байсан. Найман зуун жилийн өмнө тэд нүүдэлчин соёлтой, мал аж ахуй эрхэлдэг талын морьтон баатрууд байсан бол он цагийн эрхэнд суурин соёлтой, газар тариалан эрхэлж амь зуух болсон байна. Эмэгтэйчүүд нь  газар хагалахаас эхлээд хар бор бүх л ажлыг хийдэг. Цагаан Монголчуудын зарим тосгонд ганц хоёр айл л анжисны шар үхэртэй байдаг. Миний очсон сууринд анжисны шар байдаггүй болохоор айлын эгч маань өөрөө анжисандаа ороод газраа хагалдаг байв. Ёстой л уулыг тал болтол хагална шүү дээ. Хэдэн толгодыг бүхэлд нь нэг айлынхан л хагалж, хариуцдаг. Эгч маань анжисан дээрээ хоёр хүүхдээ зогсоогоод л анжисны шараар хагалуулдаг газрыг өөрөө  анжисанд ороод хагалдаг. Гар нь бол бараг л шир болсон нь нар салхи, тариа ногоо гээд гадаа гарч эр, гэрт орж эм болдог хүмүүсийн хувьд наад захын зүйл байдаг.

Охид ариун бол цус ариун гэдэг. Дэлхийд тархан суурьшсан Монголчууд гэхээр хүмүүс энэ олон жил цусаа хадгалж үлдсэн болов уу гэж эргэлзэх хандлага бий?

-       Түүхэнд дөчин улсыг нэгтгэсэн Эзэнт гүрний үр хойчис эдүгээ олон улс оронд олон цөөнөөрөө аж төрж байна аа. Тийм болохоор оршин сууж байгаа  улсынхаа нийгмийн байдал, дарамт шахалтаас эхлээд уусах хайлах хүчин зүйл их байдаг ч Монгол гэдэг эрхэм нэрээ авч үлдэхийн тулд цул цэврээрээ байхын тулд дор бүрнээ тэмцэж, хатуу хэцүүг үүрч байгаа Монголчууд олон бий. Жишээ нь нэг тэр бум хүмүүсийн дунд алс хязгаар газар дөрөвхөн мянгуулаа аж төрөх Монголчууд маань угсаа гарлаа авч үлдэнэ гэдэг төсөөлөөд л бодоход ямар хэцүү билээ дээ. Харин тэд муж дамжиж, нутаг алгасч Дээд Монгол, Дагуур Монголоос бэр буулгадаг байх жишээтэй. Зарим газар оронд аж төрж байгаа хүмүүсийн хувьд хичнээн боловсролгүй, хичнээн харь улсын соёлд автсан байлаа ч Монгол гэдэг угсаа, үндэстнийхээ эрхэм зүйлийг авч үлдэхийн тулд дор бүрнээ чадахын хирээр зүтгэж амьдарсаар л байна даа.

Харин өнөөдөр тусгаар Монгол орондоо, эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа хэдий ч Монгол эмэгтэйчүүд маань харийн хүмүүстэй гэрлэж байна. Үүнийг нээлттэй нийгмийн сүүдэр гэж нэрлэмээр санагддаг. Дэлхий даяарчлагдаж байгаатай, хүний эрхтэй холбож өмөөрч болох хэдий ч зарим нь бүр эзэнт гүрний үед их монголын боол зарц байсан тэр улс үндэстнийг тахин шүтэж ураг холбож байна. Хаан түүхтэй язгуур угсаагаа зүгээр л цаг зуурын сайхан амьдралын төлөө сольж байна. Өөрийнх нь л амьдрал хангалуун сайхан болж байвал, өвөг дээдэс минь амь амьдралаараа золиослон байж авч үлдсэн үндэс угсаагаа хайрлах сэтгэл алдарч байх шиг. Хэрэв их хаад минь ийм зүйлийг хардаг бол ямар эмгэнэлтэй вэ. 

Гэтэл Биднээс хэдэн мянган километрийн цаана, зуу зуун жилийн тэртээ тасраад үлдсэн хүмүүс Монгол эмэгтэйчүүдийн хувьд амьдрал нь хичнээн ядуу дорой, хатуу харанхуй байлаа ч Монгол цусаа, Монгол язгуураа хадгалж үлдэх гэж амь насаараа тэмцэж, байна шүү дээ. Өчигдөрхөн бид үүнийг мэддэггүй байлаа, харин өнөөдөр мэддэг болж байгаа учраас үндэс язгуур, удам угсаа гэдэг ямар чухал юм бэ гэдгийг ойлгох цаг болсон болов уу?  

Монгол эмэгтэйн зуу зуун  жил хадгалж ирсэн нийтлэг зан заншлуудаас тэд  юуг нь хадгалж үлдсэн байх юм?

-       Газар газрын онцлогоос шалтгаална. Дотоодын мөргөлдөөнтэй улс орон, исламын шүтлэгтэй газар бол Монгол хувцас зүүсгэл, хэл бичиг, зан заншлаа авч үлднэ гэдэг хэцүү. Монгол бичиг соёл, зан заншлаа биднээс илүү аваад үлдчихсэн ард түмэн ч бий. Өнөөгийн бидний хувьд ч Монгол уламжлал заншилаа мартсан, сарнисан харийн соёлд хэтэрхий их автсан байгааг тархан суурьшсан Монголчуудаа хараад ухаарах үе ч байдаг. Яагаад тэр л олон хүмүүсийн мөрөөдөл болсон тусгаар тогтносон Монгол улсдаа амьдарч, аж төрж байж дэлхийд гайхагдсан үндэснийхээ онцлогоор бахархахгүй, залгамжлахгүй, дэлгэрүүлэхгүй байна вэ? Бид Монгол гэдэг энэ л эрхэм сайхан зан заншил, хувцас зүүсгэл, өв соёл, гайхалтай түүхээрээ бүрэн дүүрэн гоёж чадах тэр үед дэлхий дахин Монголыг минь Монголчуудыг хүндлэнэ шүү дээ.

Та энэ судалгаанаасаа өмнө юу хийж байв аа? Таны хийсэн бүтээсэн зүйлээр бахархаж байна?

-       Би уг нь зураач, урлаг судлаач мэргэжилтэй. Монголчууд бид өндөр дээдсээс уламжилсан өв соёл, түүх дурсгалынхаа төлөө, түүнийг ирээдүй хойчдоо үнэн мөнөөр нь залгамжлахын төлөө хүсэл мөрөөдөл байвал юуг ч хийх боломжтой гэж бодож, ажиллаж яваа тийм л нэг судлаач. Байгаа бүх зүйлээ бид ажилдаа зориулдаг. Яагаад гэвэл бидний олж байгаа мэдээлэл, судалгааны үр дүн, бүтээж байгаа үйлс, үлдээж байгаа түүх ирээдүйд мянга мянган жил өвлөгдөн үлдэх учираас. 

-Танд баярлалаа. Амжилт хүсье!

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.