Эзэн Богд Чингис хааны АЛТАН АРГАМЖийн хэлхээс
Чингис хаан өөртөө дагаар ирсэн томоохон аймаг ханлигуудтай найртай харилцах, олон овог аймгийг өөртөө нэгтгэн захирч байх зорилгоор тэдгээр аймгийн «хан», «бэхи» нарт өөрийн сурвалжит гүнж охидыг хатан болгон өгч байсан нь эзэн хааны дипломат бодлого «төрийн ураг барилдах ёсон» буюу «Алтан аргамжийн хэлхээс»-ийн нэг гэлтэй.
Чингис хаан гүнж нараа багаас нь халуун эх оронч, уужим тэнүүн ухаан бодолтой, хүнлэг энэрэнгүй, ёс журамыг сахигч, өвөг дээдэс, эцэг эхийнхээ сургаалийг хүндлэн дагагч болгон өсгөн хүмүүжүүлж байжээ.
Чингис эцгийн таван охиноос Алаха бэхи сэцэн мэргэн холч ухаанаараа алдаршиж төр түшилцэж явжээ. Алаха бэхи нь Онгууд аймгийн эзний хатан юм. Онгуудуудыг цагаан татарч гэж бас нэрлэдэг бөгөөд Монголын өмнөд нутгаар буюу Цагаан хэрэмийн араар нутагладаг хүчирхэг аймаг аж. 1207 онд Чингис хаан дагаар ирсэн Онгууд аймгийн эзэн Алахууш тэгины ахмад хүү Буяншбалыг сайшаан соёрхож Алаха бэхи охиноо хатан болгон өгөхдөө:
«Харайхад минь хөл болж
Хазайхад минь түшиг болж
Халтирахад минь тах болж
Халамж тус хүргэхээ
Хайрт Алаха минь мэдтүгэй.
Энэ бие хэврэг боловч
Эрхэм нэр мөнх шүү.
Саруул ухаанаас илүү сайн нөхөр байдаггүй
Мунхаг ухаанаас илүү муу дайсан байдаггүй
Эрхэм итгэлтэй олон боловч
Энэ бие бүхнээс итгэлтэй.
Хайрлах юм олон боловч
Халуун амийг хамгаас хайрлалтай
Хатуужиж явбал хамагт тустай
Ариун явбал ашид тустай....» хэмээн сургасан байна.
Онгууд аймагт төрийн үймээн дэгдэж, Алахуш Тэгин, Буяншбал эцэг, хүү хоёул хороогдсон тул Алаха бэхи, Алахуш Тэгины хүү Буюух болон Алахуш Тэгин ахын хүү Жинхүү нартай албат ардаа авч дутаан гарчээ.
Алаха бэхи хаан эцэгтээ элч зарж, их цэргийн тусламж аван Онгууд аймгийг дахин хурааж, Жинхүүд хан цол өргөмжлөн Онгууд аймгийг захируулжээ.
Монголчуудын эртнээс уламжилсан эрхэм ёс заншлын нэг болох бэлбэсэн хоцорсон эхнэрийг төрхөмд нь буцаадаггүй нөхрийнх нь урагт үлдээх нүүдэлчдийн «асрахуй» ёсны дагуу Алаха бэхи Жинхүү хантай залган сууж Онгууд аймгийн хүндэт эзэгтэй хэвээр үлдсэн байдаг. Онгуудын газар нутаг нь умар өмнөдийг холбосон худалдааны зам дээр орших бөгөөд өмнө зүгт гарах чухал боомт газар байсан байна. Тийммэс Чингис хаан алсын хараатай нэгэн байсны хувьд хайрт охины тэр нутгийн захирагчид соёрхосон юм.
1229 онд Буюуху ноён Чингис хааныг даган Хорезмд дайлаар мордох үед Жинхүү хан Онгууд аймгийн цэргийг дагуулан Мухулай вангийн удирдлага дор Алтан улсьг дайлахаар мордож «тэрээр завшаан бусаар насан эцэслэв». Жинхүү Алтан улс лугаа дайлаар мордсон хойно Алаха бэхи Онгууд аймгийг орлон захирч эцгийн захиасаар итгэл хүндлэлийг алдалгүй явж, ухаан чадвараараа ихэд тодорчээ. Иймд 1219 онд Чингис хаан дундад Азид морилохдоо ард талын амар түвшинг батлахын тулд охин Алаха бэхи, дүү Отчигин ноён нарт төрийн хэргийг захируулж говийн өмнөх ба умардыг тус тус захируулсан учир хожмын түүхэнд «төр захирагч гүнж» гэж алдаршжээ. Энэ тухай 1221 оны орчимд Бээжинд ирж Мухулай сэцэнтэй уулзсан өмнөд Сүн улсын элчин Мэн Хуны бичсэн «Монгол Татарын бүрэн тэмдэглэл»-д : «... дэд гүнж Алаха бэхи .... Онгууд аймгийн Алахаш тэгины ахмад хүү Бай-шибу /Буяншбалыг хэлж буй бололтой/ гэгчид гараад/урагласан/бэлэвсэрч, өдгөө цагаан татар-Онгууд аймгийн улсын хэргийг мэдэж буй өдөр тутам ном уншиж, эмэгтэйчүүд хэдэн мянган хүнээр сувилуулмой. Аливаа дайн гарах ба чавчих алалдах явдлыг биеэр шийдвэрлэнэ” гэжээ. Энэ бүхнээс үзвэл Алаха бэхи төрийн хэргийг захирах чадвартай төдийгүй бичиг, цэргийн эрдэм хосолсон хаан угсааны эрхэмсэг гүнж байжээ. 1225 онд Чингис хаан дундад Азийн аян дайнаас Монгол нутагтаа буцаж ирэхэд Буюуху Онгууд аймагтаа харьж тухайн жил ах Жинхүүгийн хэргэмийг залгамжлан Алаха бэхитэй залган суужээ.
Чингис хаан мөн өөрийн охин Алалтун бэхигээ Уйгарын Идүүд ханд өгөхдөө дахин билиг сургаалаа айлдсан байдаг. 1207 онд Уйгарын Идүүд хан Чингис хаанд дагаар орохоор ирэхдээ:
« Чингис хаан соёрхвол, алтан бүсий чинь горхиноос барьж
Ариун дээлий чинь үртэснээс олж, тавдугаар хөвүүн чинь болж хүч өгье.» гэж өчиж элч илгээжээ. Тэр үгийг сонсоод Чингис хаан таалж, хариу хэлж соёрхсон нь:
«Охиноо өгье. Тавдугаар хөвүүн болтугай. Алт мөнгө, сувд, тана, хоргой хээт оёмол, торго уурсыг авч иртүгэй» гэж илгээвэл: Идүүд соёрхогдов гэж баясаж, алт, мөнгө, сувд, тана, торго, хоргой зэрэг уурс авч ирээд Чингис хаантай уулзав.Чингис хаан, Идүүдийг соёрхож, Алагтун бэхи охиноо өгөөд сургасан нь:
«Хатагтай хүнд гурван эр бий
Анхны эр нь алтан төр
Түүний дараах эр нь ариун нэр
Түүний дараах эр нь авсан эр мөн билээ
Алтан төрийг хатуужин дагавал
Ариун нэр бэлэн болно
Ариун нэрийг бэхэлбэл
Авсан эр ангид үл одно»
1207 онд Зүчи, Баруун гарын цэргийг авч, ойн иргэдийг эзлэхээр очиход Ойрад /ойн иргэд/-ын Худуга бэхи, түмэн ойрадаа авч дагаар ирсэн байдаг. Ингээд Ойрадын Худуга бэхийн урдаас угтан, түмэн Ойрадаа дагуулан элсэж ирэв гэж соёрхож, түүний хөвгүүн Иналчид Чингис хаан Сэцэнхэн охиноо ураглаад :
«.. Эрт босож, орой хэвт
Одор шөнө нэгэн сэтгэлээр хатууж
Амны ухаан билгээ тогтоо
Эс сурсан мууг энд тавьж од.
Сурсан сайныгаа аваад од,
Ойрад иргэнээ сэлбэн холбон соёрхогтун» хэмээсэн амуй.







