Аян замын тэмдэглэл

 

Газар шороо мину

Би гэдэг хүн хөдөө явж үзээгүйгээ хүнээс нууж явдаг хотын унаган охин. ”Хөдөөний амьдрал” гэдгийг  багадаа уншиж өссөн ном зохиол мөн бусдын яриагаар л төсөөлдөг байлаа. Хөдөөний гэх тодотгол бусдын адил надад “хуучирсан” “хоцрогдсон” гэдэг ойлголттой дүйдэг байсныг нуух юун. Өнгөрсөн өвөл Өвөрхангай аймагт очиж ажиллах хэд хоногийн томилолт авсан юм. Тэгэхэд хотын амьдралаас холдож хэсэг зуур амсхийсэн минь хөдөөний сайханд ам таших эхлэл байсан гэхэд болно. Идэр есийн хүйтэнд даарна гэж дээл хувцас бэлдэж их л дулаалсан юм даг. Харин хавар намрын шахуу хувцастайгаа өвөлжих тэр нутгийнханд бяцхан атаархах сэтгэл эрхгүй төрж билээ. Тунгалаг агаар, хүний сайхан сэтгэл, бас жинхэнэ монгол хоол... Тэр цагаас хойш хөдөө явах нь хэцүү зүйл биш болохыг, монгол хүний жинхэнэ омогшлыг төрүүлэх, өөрийгөө хэн болохыг олж мэдэх хамгийн чухал зүйл болохыг ухаарсан билээ. Харин саяхан аавын төрсөн нутаг руу аялах боломж гарсан юм. Энэ хэд хоног миний хувьд хэзээ ч мартахын аргагүй дурсамж болон үлдсэн юм.

 

Өвөөгийн суварга

Холын замд гарсан гурван машинаараа бид байгалийн элдэв сайхныг харж замдаа түр саатан цай цүү ууж явсаар олон зуун километрийн цаадах зорьсон нутагтаа ирлээ. Цэлийсэн уудам талыг нүд бэлчээн харж, нэг ч мод ургадаггүй нь их л сонин санагдсаар хотын давчуу сэтгэхүйгээр хучигдсан стресс маань алга болох шиг боллоо. Хээр тал гэж чухам ийм л газрыг хэлдэг байх даа хэмээн эрхгүй санагдаж, ёстой л цээж тавиун амьсгалмаар боллоо. Энэ бол миний аавын төрсөн газар, өвөө эмээгийн минь төрөлх нутаг-Сүхбаатар аймаг билээ. Хоёр жилийн өмнө өвөөгийн дурсгалд зориулан бүтээсэн цагаан суварга руу хамгийн түрүүнд очлоо. Эртний туурь байсан газарт ганцаар сүндэрлэх тэр суваргын эргэн тойронд хэдэн тагтаа нисэлдэх нь эзнээ сахиж байна уу гэлтэй. Тэр ариун догшин газарт Үүд овгийн үр хүүхэд бид арван есүүлээ сүү цагаа өргөж зан үйл үйлдээд, өвөөдөө хүндэтгэл үзүүлэн цааш одлоо.

Алтан овоо

Уран зурагнаас л олж хардаг байсан Алтан Дарь Овооны бараа харагдаж эхэлмэгц сэтгэл хөдөлж нүдээ улам том болгон тасралтгүй хэсэг харлаа. Энэ бол миний зорьж ирсэн хамгийн гол зүйл. Сүхбаатар аймгаар овоглодог хүн бүр энэ хайрхнаа тахин шүтэж, амьдрал ахуйгаа даатгадаг билээ. Овооны тахилга үүрээр эхэлж, тал бүрээс ганган дээл хувцастай хүмүүс цуглаж эхлэв. Овоогоо эргэж, замдаа сунаж мөргөн залбирсаар нэг тойроход дөрвөн километр орчим замыг туулах бөгөөд ийнхүү гурвантаа тойроход сая зорилго биелж бусдын адил сэтгэл уужирлаа. Алтан овоог цагаан морьгүйгээр төсөөлдөггүй юм билээ. Цав цагаан өнгөтэй ганц морь ууланд явах нь ер бусын харагдана. Харин эрчүүл нь Овооныхоо оройд гардаг нь олон зуун жилээс улбаатай ёс жаяг. Үнэхээр хүний хийморь гэдэг байгаль дэлхийтэйгээ нарийн учигаар холбогдож байдаг гэлтэй. Ингээд алдарт Алтан Овооныхоо өвөрт орших Дарьганга нутгаар аялсан эхний сэтгэгдэл хүлээж байснаас минь илүү гүнзгий байлаа.

Шилийн богд

Бидний дараагийн маршрут бол алдарт Шилийн Богд байв. Энэ сүрлэг Богд уул хагас тойрог хэлбэртэй, оройдоо Овоо тахилгатай, үнэхээрийн бахдан бишрэхээс аргагүй хайрхан байлаа. Өмнө нь Алтан овоогоо доороос харсан бол энэ удаад уулан дээрээс эргэн тойрныг харахад үгээр хэлэхийн аргагүй бахдам сайхан байсан юм. Энд тэнд сөнөсөн галт уулын өвөрмөц тогтоцтой үлдэцүүд. Яг л гурван хэмжээст фантастик зураг харж байгаа мэт эсвэл үлгэрийн оронд ирсэн мэт гайхам сонин мэдрэмж төрж байлаа. Хийморийн дарцгаа хийсгэж сүүний дээжээ өргөж байх хооронд Улаанбаатараас ирсэн гурван ламтай таарлаа. Шилийн Богд дээр даллага авахуулж номын дуу сонсоно гэж зүүдэлсэнгүй хэмээн олон хүмүүс олзуурхаж байсан юм. Энэ өндөрлөгөөс дурандаж харвал зүүнтэй хилийн дээс харагдана. Өмнө нь хил гэдгийг онгоцны хянан шалгахаар л давж үзсэнээс биш өөрийн нүдээр ийнхүү жинхэнээр нь харж байсан удаагүй билээ. Миний эх орон тэр заагнаас цааш дуусаж байгаа.

Оргихын булаг

Хун чуулдгаараа цуутай Ганга нуурын хөвөөнд очиж нүд баясган хэсэг амарлаа. Цаад эрэг дээр арав гаруй хун үзэсгэлэнтэй нь аргагүй хөвж явна. Харийн нутгийн амьтны хүрээлэнгийн тэжээвэр хунг бодвол жинхэнэ байгалийн амьтан гэж ондоо юмаа. Санаж байснаас цөөхөн байсан ч тэр ховрын амьтанг алсаас харж чадсандаа би сэтгэл хангалуун байлаа. Ингээд холгүйхэн байдаг Оргихын булагт зочлов. Хааш хаашаа алд хэртэй газарт пор порхийх тэр булаг дуу авианы үелзлэлээр улам оргидог юм байна. Нэгэн дор ийм олон сайхан зүйл үзэж яваадаа нэг бодлын итгэмээргүй ч юм шиг. Ингээд бид “Үлэмжийн чанар” дууг хэр чадлаараа дуулахад Оргихын булаг маань баярлан хөөрч улам ихээр оргиллоо. Байгаль эх амьд гэдэг юутай үнэн үг вэ?

Тоорой банди

Заавал очих ёстой дурсгалт газруудын нэг бол Шилийн сайн эр, домогт Тоорой Бандийн хөшөө. Эрт цагаасаа сайн эрчүүдээрээ гайхагддаг байсан энэ нутгийн нэгэн бахархал бол Тоорой Банди мөнөөс мөн. Зовсон ард түмэндээ адуу мал тууж ирдэг байсан, одоогийнхоор бол ард түмний элч, шударга ёсны төлөө тэмцэгч байсан гэж ойлгож болох юм. Хийморьлог энэ мундаг эрийн хөшөөнд очиж хүндэтгэл үзүүлээд дараагийн газар луу явахад нэг л сайхан омогшил төрж билээ.

Хурдны морьд

Ирэх замд, ер нь хаа сайгүй элбэг тааралдсан зүйл бол адуу. Монгол хүнээс салгаж бодохын аргагүй цөөхөн зүйл байдгийн нэг нь морь билээ. Урт хөлтэй, зэгзгэр сайхан биетэй, янз бүрийн ховор зүсмийн азарга адууд хотын бидэнд бол нүдний гэм. Тэр тусмаа Сүхбаатар аймгийн морьд хурднаараа гайхагддаг нь учир мэдэх хүний ярианаас бол цус сайн сэлбэсэнтэй холбоотой юм гэнэ лээ. Үнэхээр ч дэл сүүлээ хийсгэн давхилдах гоо төгс морьд уул талдаа хичнээн сайхан зохилдож байсныг онцлон тэмдэглэмээр санагдлаа. Би ийм л сайхан морьтой нутгийн охин юм санжээ.

Чоно

Битүүхэндээ харчих юм сан хэмээн горьдож явсан нэгэн хүсэл маань “хэцүү нэрт”-ийг харах. Ижил тэнгэртэйдээ харагдаж, илүү тэнгэртэйдээ алагддаг тэр ховор амьтан гэнэт л зам дээр гараад ирдэг юм билээ. Нүдэндээ ч итгэж ядан, орилж хашгиралдсан бидний гурван машин ухаан жолоогүй араас нь давхиж, мань чоныг эцтэл нь хөөв. Энэ хэдэн хором хүн бүрт хэзээ ч мартагдашгүй баяр хөөр авчирсан бөгөөд замын доргионтой бичлэг хийсэн маань энэ явдлын гэрч болон үлдсэн юм. Буян хийж яваа болохоор амьтны гол таслахгүй хэмээн тэр хийморлог амьтныг орхисон бөгөөд нэг машиныхаа хоёр дугуйг хагалж тэр “үзвэр”-ийн төлбөрийг төлөөд буцсан билээ. Хэсэгтээ л чонотой учирсан яриа бидний дундаас салаагүй бөгөөд энэхүү аяллын хамгийн мартагдашгүй үнэтэй дурсамж болсон юм. Бидний хувьд чоно олж харсан азтай өдөр. Чонын хувьд амиа алдалгүй өршөөгдсөн азтай өдөр.

Талын агуй

Тал дунд газар руу орсон агуй байдаг гэж гадаадын хүнд хэлвэл нүдээр харахаас нааш итгэхгүй байх. Би ч гэсэн мянга сонссоноос нэг үзэхээр шийдэж, байгалийн тэрхүү гайхамшгийг харах эрхэм нэгэн зорилготой очсон билээ. Тал дунд хонхойж орсон тогоо шиг газрын яг голд нь хадтай хэсэг байх ба хүн орох нарийхан зайтай юм санж. Энэ бол талын агуйн үүд хаалга. Дотогш орлоо. Тас харанхуй, хүйтэн хоёр нэг л айдас төрүүлэм. Ямар нэгэн олон зуун жилийн нууц энд байх шиг, цаанаа л ер бусын мэдрэмж төрүүлж байлаа. Миний тооцоо зөв бурууг хэлж мэдэхгүй юм, ямартай ч хорь орчим метр замыг намхан таазтай хэсгээр бөхийж явсны дараа агуйн жинхэнэ том хэсэг рүү орж явчив. Энэ бол жинхэнэ гайхамшиг. Тааз нь гялтганасан талстаар дүүрэн байх бөгөөд голдоо яг л хүний гараар урласан мэт “тооно”-той. Энд тэнд хадаг яндаг уясан нь гар чийдэнгийн гэрэлд харагдана. Газар доор ийм сонин “ордон” байна гэдэг үнэхээр сонин. Шилийн сайн эрчүүд хэдэн азарга адуу тууж ирээд нуудаг байсан юм гэнэ лээ. Ингээд бодохоор хадаар хучигдсан тэрхүү газрын хөндий нэлээд том зайтай байгаа биз. Сэтгэл хөдөлж, дотор нь дуугаа хэдэнтээ цуурайтуулаад гарч ирлээ. Байгалийн сонин содон тогтоц гэж үнэхээр гайхаж баршгүй юм даа хэмээн шагширсаар аяллаа цааш үргэлжлүүлэв.

Чулуун тоглоом

 

Төрсөн нутагтаа би таалагдсан гэдэгтээ итгэлтэй байна. Яагаад гэвэл төрсөн нутаг минь надад онцгой таалагдсан. Атга шороо нь хүртэл надтай хамааралтай тийм сайхан нутаг. Буцах цаг боллоо, холын зам урд зурайна. Ингээд би газраар дүүрэн байх гоёмсог жижиг чулуунуудаас өөртөө дурсгал болгон авахыг хүслээ. Гэхдээ чулууг байрнаас нь хөдөлгөвөл гурван жил зовдог гэсэн үг санаанд бууж, цуглуулсан чулуун тоглоомуудаа тэнд нь орхихоор шийдлээ. Харин нүдэнд туссан ганцхан хөөрхөн чулууг халаасандаа үлдээсэн юм. Учир нь тэр яг Алтан Овоо шиг хэлбэртэй. Ингээд би өөрийн гэсэн хайрладаг нутагтай, шүтдэг уултай, биширдэг байгальтай, хүндэлдэг ард түмэнтэй, жинхэнэ Дарьганга охин болоод хүлгийн жолоо буцлаа. Баяртай аавын нутаг минь, дараа уулзатлаа сайн сууж байгаарай!

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.