Т.Хулан: “Сурын харваа өөрөө их тэвчээр шаарддаг”

Эр бяраа гайхууланхан байдаг эрийн гурван наадамд эрчүүдээс дутахгүй хүчээ сойдог эмэгтэйчүүл бол эрхий мэргэн харваачид. Эмэгтэйчүүд.мн нь энэхүү спортын төрөлд өөрийн бяцхан түүхээ бичиж яваа аймгийн “Тод мэргэн” цолтой харваач охин Түмэндэмбэрэлийн Хулантай ярилцсанаа уншигчддаа хүргэе
-Өөрийгөө уншигчидад маань танилцуулаад, яагаад нум сум харваа сонирхох болсон шалтгаанаа тайлбарлаач?
-Намайг Түмэндэмбэрэлийн Хулан гэдэг. Хорин настай, энэ хавар МУИХ сургуулийн Польш хэлний ангийг төгсөөд байна. Ховд аймагт төрж өссөн. Би 5-р ангиасаа нум сумаар хичээллэж эхэлсэн. Нум суманд дурлах болсон шалтгаан гэвэл миний аав, хоёр ах маань энэ спортоор хичээллэдэг энэ их нөлөөлсөн байх. Манай гэрт дөрвөн нум сум бий. Аймгийнхаа баяр наадамд дөрвүүлээ оролцоно, ээж маань ар гэрийн ажлаа амжуулаад л, бид хэдэд хоол цай зөөдөг дөө.
-Энэ хугацаанд ямар амжилтууд гаргаж байвдаа ?
-Би ер нь жил бүр л байр эзэлдэг. 16 настайгаасаа насанд хүрэгчдийн харваанд оролцоод хоёрдугаар байранд орж байсан. насанд хүрэгчдийн уралдаанд аймагтаа гурван удаа түрүүлээд, аймгийн “Тод мэргэн” цолтой болсон.
-Сур харваачдын цолын талаар уншигч бүсгүйчүүдийн маань мэдлэг болохуйц багаахан тайлбар өгөөч?
-Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд харвах зай нь өөр харин цолны хувьд адилхан. Нэг удаа түрүүлвэл “Аймгийн мэргэн” хоёр удаа бол “Хошой мэргэн” гурав түрүүлсэн бол “Гоц мэргэн” гэсэн дараалаар дээшээ өгсдөг.
-Харин харвах хэмжээний хувьд?
-Эмэгтэйчүүдийн хувьд онох байгаасаа 65 метр эрэгтэйчүүд 75 метрийн хол зайтай байдаг.
-Харваачид хэдийнээс хаана наадмын бэлтгэлдээ гардаг вэ?
-Хотын харваачид бол цэнгэлдэх хүрээлэндээ сурын талбайдаа, бараг дөрвөн сараас харваж эхэлдэг. Миний хувьд нутагдаа очоод наадамын өмнөхөн л бэлтгэлдээ гардагдаа. Улсын чанартай тэмцээнд би 1 удаа оролцоод 5-р байранд орж байсан. Сургууль соёл цаг зав гээд шалтгаануудаас болоод бэлтгэлдээ тэр бүр сайн гарч чадахгүй байна. Харин одоо сургуулиа төгсчихсөн бэлтгэлээ сайн хийж байгаад улсын наадамдаа оролцох бодолтой байгаа.
-Мэдээж өөрийн чинь хүндэлж, үлгэр дууриалал авдаг эмэгтэй харваач байгаа л байх?
-Би Норжмаа мэргэнийг их хүндэлж явдаг. Сур харваа гэдэг спорт өөрөө их тэвчээрийг шаарддаг. Олон цагаар зогсоно, олон сум тавина, үүнд их тэвчээр шаардагддаг.
-Наадмын өмнө дээлээ өмсөөд л талбай тийш явахдаа их л догдолдог байхдаа?
-Мэдээж догдлолгүй яахав. 14 хоногийн өмнөөс харваачид бэлтгэлдээ гарна. Нэг талбай дээр хамтдаа бэлтгэл хийнэ. Хэн нь яаж харвах нь харагддаг. Энэ жил хэн хэн ямар амжилт гаргах бол гээд л догдлол, хүлээлт байдаг даа.
-Эмэгтэй хүн нум сум харвахын давуу тал юу байдаг юм бэ?
-Эмэгтэйчүүд эрчүүдээс дутах ааргүй тэсвэр, тэвчээрийг гаргаад, тэр их хатуу нумыг татаад зогсдог. Давуу тал нь гэвэл эмэгтэйчүүд байгалиасаа төрөхдөө нягт нямбай, нарийн ур ухаантай хүмүүс, тэр ч утгаараа энэ спортод хүч түрэн орж ирж чадсан, сайн ч харваж байгаа.
-Харваачидад сэтгэл зүйн бэлтгэл мэдээж их чухал болов уу?
-Мэдээж, энэ бол чухал асуудал. Сэтгэл санаагаа зэгцэлж, тайван байх хамгийн чухал л даа миний хувьд би өөртэй итгэж, би чаднаа гэсэн сэтгэлдтэйгээр харвадаг. Олон хүний нүдэн дээр сандрах асуудал бас гардаг.
-Хүмүүс чамтай харваач гэдэг үүднээс чинь хэрхэн ханддаг вэ?
-Найзууд ойр дотныхон маань маш их дэмждэг. Бэлтгэл хийж байхад дагаж явна, тэмцээний үед хөгжөөн дэмжиж уриа өгнө. Бас төрсөн өдөр баярын үед өгөх бэлэг дурсгалын зүйл нь нум сумын бяцхан сувинер өгөх ч юм уу, ер нь бол нэлээд дэмжиж тусалдаг даа. Хамгийн үнэнч туслах фен маань, миний ээж. Ээж маань бид дөрвийг сурын талбай дээр өнжөөд ядарч, халууцаж зогсоход байнга эргэж тойрж, хоол цай зөөж, урам өгч байдаг.
-Мэдээж урдаа тавьсан их том зорилго байгаа байх, түүнийгээ уншигчидтай маань хуваалцаж болох уу?
-Би аймгийн наадамдаа нэлээд олон жил харвалаа. Улсын наадамдаа оролцох бас амжилт гаргах зорилготой. Сүүлийн жилүүдэд оюутан байсан болохоор улсын наадамд оролцох боломж тэр бүр олдсонггүй.
-Харваагаар хүүхдээ хичээллүүлэх гэж байгаа эцэг эхчүүдэд хэрэгтэй байх, энэ спортоор хэдэн настайгаасаа эхлэж хичээллэвэл тохиромжтой вэ?
-Мэдээж аль болох багаасаа хичээллэвэл үр дүнтэй. Гэхдээ үнхээр өөрөө сонирхолтой, бас бага зэргийн эв дүй байгаад, хичээл зүтгэл сайтай байх хэрэгтэй.
Бидэнтэй ярилцсанд их баярлалаа. Амжилт хүсье. Тавьсан нум тань эрчтэй, сум тань мэргэн байг гэж ерөөе. Улсын мэргэн цолтой болсон хойно тань эргээд уулзахын ерөөл тавъя.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.






