Соёл урлагийн салбарт “Норовбанзад шагнал” –ыг бий болголоo
Урлаг соёлын тансаг гэгээн ертөнцөд сувдран гялалзаж, ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн Монгол эмэгтэйчүүд олон бий. Тэдний нэг нь та бидний сэтгэлд мөнхөрсөн авьяас билиг төгс алдарт дуучин Н.Норовбанзад билээ. Гагцхүү монгол эмэгтэйн гэмээр сайхан дүр, эрхэмсэг намба төрх, уянгат сайхан дуу хоолой, дотоод сэтгэлийн гэрэл гэгээ сацруулсан энэ дуучны эгэлгүй их авьяас чадварыг монголд төдийгүй дэлхий дахинаа бахдан шагшиж байна.
“Уртын дуун хатан хаан” хэмээх эрхэм өргөмжлөлийг түмэн олноосоо хүртсэн Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Норовбанзадын мэндэлсний 80 насны ойг тохиолдуулан шинжлэх ухаан, утга зохиол, урлаг соёлыг дэмжигч “Норовбанзад” сангаас Соёл урлагийн дээд хүндэтгэл “Норовбанзад шагнал”-ыг бий болгож, 12 сарын 14-ний өдөр анхны шагналтнуудаа тодруулах ёслолын үйл ажиллагааг ГЯЯ-нд зохион явуулсан юм. Н.Норовбанзад дуучны авьяас билгийг мөнхжүүлэх, Монголынхоо урлаг соёлын хөгжлийг дэлхийн зиндаанд хүргэхээр энэ шагналыг бий болгожээ. Урлагийн Шилдэг Оюуны Бүтээл, Шилдэг Уран Бүтээл, Шилдэг Уран Бүтээлч гэсэн номинациар 2 жилд тутамд явуулах энэ нэр хүндтэй шагналын анхны эзэд хэн бэ?
Урлагийн Шилдэг Оюуны Бүтээлээр Урлаг судлалын ухааны доктор, “Хобби” сургуулийн захирал, хатагтай Д.Оюунцэцэгийн
“ Монголын дуулалт яруу найргийн төрөл- уртын дууны хувьсал, хөгжил ” хэмээх бүтээл,
Шилдэг Уран Бүтээлээр ДБЭТ-ын тайзнаа тавигдсан “Аида” дуурь,
Шилдэг Уран Бүтээлчээр АЖ, морин хуурч Ч.Батсайхан нар тус тус шалгарчээ.
“Норовбанзад сан”-гийн тэргүүн, хатагтай Б.Дэлгэрмаа хэлэхдээ: “Хүндэтгэл гэдэг үг ...” гэсэн юм. Үнэхээр ч энэ сайхан ээжийн охины хэлсэн үг монгол эмэгтэйчүүдийн ур ухаан оюун билиг илрэл болж байна. Анхны шагналыг эмэгтэй эрдэмтэн авсан зэрэг нь билигшээлтэй байна. Эх хүний ариун цагаан сэтгэл, алдар хүндээр өлгийдүүлсэн “Норовбанзад шагнал”-ын сүүн зам уртын урт байж, дэлхийн хэмжээний нэр хүндтэй шагнал байг.






