Зэргэлдээх уран бүтээлийн ертөнц - С.Ариунаа
Монголын Урчуудын Эвлэлийн Хороо хэмээх нэгэн гайхамшигт ертөнцийн хаалгыг татахад мянга мянган магадгүй түм буман ертөнцийн хаалгыг татахтай эн тэнцүүхэн бүлгээ. Энэ өдөр зураач Хаймчиг овогт Заяат, Урианхайн Содномын Ариунаа нарын тэс өөр ертөнц бие биенийхээ харцыг ширтэнхэн, зэрэгцэнхэн оршино. “Домог эхлэх цаг” хийгээд “Сар ба аялгуу” давхцсан энэ үдшийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Энэ сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү үзэсгэлэнг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан ивээн, эрхэм олон журмын нөхдөөр сайшаагдсан ариун номын цагаа хадагт гэгээн үдэш байлаа.
МУЭ-ийн гишүүн академич, зураач С.Ариунаа:
“Эмэгтэй хүн өөрөө байгаль эх”
Таны бүтээлүүдийн дүрийн нүд ихэвчлэн гунигтай, нулимстай эсвэл аньсан байх юм? Энэ таны дотоод ертөнц үү? Эсвэл...
Би ихэвчлэн өөрийнхөө дотоод ертөнцийг зурдаг. Тэгэхээр их би их гунигтай хүн юм байна / инээв /. Энэ бол байгаль дэлхий, бас би. Харин ихэвчлэн нүдээ аньсан зурагнууд маань нүдэнд гол анхаарлаа хандуулахгүйгээр үндсэн зурганд гол анхаарлаа хандуулах ёстой гэсэн үг юм. Нүд нууцлаг байж л сэдвээ тодотгох зураг бол аниулж зурдаг.
Танийг багш тань өмнө удаад хэд хэдэн үзэсгэлэн гаргаж байсан гэсэн?
2002 онд гаргасан анхны үзэсгэлэн маань Зүүдэнд гэрэлтсэн ариухан зул нэртэй байлаа. Дараагаар нь 2005 онд Зураг цэцэг ваар нэртэйгээр, 2008 онд “Аяз” ваар урлалын үзэсгэлэн харин өнөөдөр “Сар ба аялгуу” нэртэй үзэсгэлэнгээ гаргаж байна. Миний хуучины нэг үзэсгэлэн маань дан муур урласан үзэсгэлэн байж билээ. Учир нь би мууранд их хайртай.
Эрэгтэй болоод эмэгтэй уран бүтээлчдийн хооронд хэр их зай байдаг юм болоо?
Эмэгтэй хүн өөрөө их уяхан, эрэгтэй хүн бол илүү ноён нуруутай чанга хатуу байдаг. Илэрхийлж байгаа зүйлс нь яг л хувийн храктераа гаргасан нь харагддаг. Тухайлбал, эмэгтэй хүнийг зурахад эрэгтэй хүн хэдийгээр бидний ертөнцийг мэдэрсэн хэдий ч арай л өөр, нэг л ондоо сэтгэчихсэн байдаг. Гэтэл бидний ертөнцийг бид өөрөө л илүү сайн нээж чадна.
Зураач Х.Заяат та хоёрын үзэсгэлэнг яг голд нь зогсоод харахаар тэс өөр ертөнц мэдрэгдэж байгаа юм. Хаана байгаагаа нэг л ойлгохгүй, бүтээлүүд нь ч мөн адил. Тухайлбал, та хоёрын эмэгтэй хүн зурсан байдлыг харлаа?
/Инээв/ Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг зурахдаа ихэвчлэн үзэсгэлэн төгс эсвэл гоо сайхан зурдаг харин эмэгтэй хүн түүнээс гадна өхөөрдөм хөөрхөн, хайр татам зурж чаддаг. Би сая бодлоо. Ингэхээр эмэгтэй хүнийг эрэгтэй хүн ихэвчлэн гадаад талаас нь, харин эмэгтэй хүн дотоод байдлыг нь ил гаргадаг юм болов уу?
Магадгүй тийм байх. Харин таньд зурах авьяасыг хэн бэлэглэв ээ? Эсвэл өөрөө бүтээчихэв үү?
Манайх гэр бүлээрээ уран бүтээлч.
Гэр бүлээрээ уран бүтээлч байхын жаргал юу юм бэ?
Бид гэртээ энгийн л хүмүүс шиг байдаг, харин гэрээс гараад явахдаа уран бүтээлч хувирдаг юмдаа.











