Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тохиолдолд хэрхэх вэ?

Өдрөөс өдөрт ажлаасаа үндэслэлгүйгээр халагдан хохирч буй иргэдийн тоо нэмэгдсээр л....
Тэдний цөөнх нь шүүхийн байгууллагад хандан эрхээ сэргээлгэж ахин ажилдаа орж байхад, дийлэнх нь хууль, эрх зүйн мэдлэг дутмагаасаа болж хохироод л хоцорч байна. Иймд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах ямар үндэслэл байдаг талаар болон хэрэв үндэслэлгүйгээр халагдсан тохиолдолд яаж эрхээ сэргээлгэж болох талаар доорх зөвлөмжийг хүргүүлж байна.
Юуны түрүүнд ажилд орж буй хүн болгон ажил олгогчтойгоо харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээгээ байгуулах шаардлагатай. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцож буй ажил олгогч, ажилтны хоорондын харилцааг хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг зааж өгсөн.
Үүнд:
- аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;
- ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;
(ажил олгогч дээрх хоёр үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй)
- ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн;
- ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;
- мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;
- сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон;
- контрактад заасан үндэслэл буй болсон.
Дээрх үндэслэлүүдийн аль нэг нь байхгүй тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан бол хууль зөрчсөн үйлдэл болно.
Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоон ажлаас халах тухай шийдвэр гаргана. Мөн ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг халагдсан өдөр нь өгөх үүрэгтэй байдаг. Хэрэв ажилтан нь цэргийн жинхэнэ албанд татагдсан, өндөр насны тэтгэвэр авах болсон, цомхотголд орсон, мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас халагдаж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 1 сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй байдаг.
Ажлаас халах шийдвэрийг эс зөвшөөрч хууль бус гэж үзвэл ажилтан тухайн ажил олгогчийн оршин байгаа харъяалах сум, дүүргийн шүүхэд, тушаалаа гардан авсан өдрөөс хойш 1 сарын дотор ажилд эгүүлэн тогтоох өргөдөл гарган шийдвэрлүүлэх эрхтэй.
Хэрэв ажлаас үндэслэлгүйгээр халагдсан нь тогтоогдон шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон бол ажил олгогч түүнийг урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн ажиллуулах ба ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй нь тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажиллаж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй.
Харин ажил олгогч түүний оронд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгөх үүрэгтэй байна.







