Есдүгээр сард цочир хүйтэрнэ

Есдүгээр сарын цаг агаарын тойм мэдээг Ус, цаг уурын хүрээлэнгээс гаргасан байна.

БАРУУН ЗҮГИЙН НУТАГ

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16, өдөртөө 23-28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8, өдөртөө 18-23 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ. Хоёр ба гурав­дугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнө­дөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн цочир хүйтрэх ба өдөртөө 6-11 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүй­тэн, өдөртөө 7-12 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үеэр нь ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.

ТӨВИЙН НУТАГ

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр Хангай, Хөвс­гөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 23-28 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, цочир хүйтрэх ба өдөртөө 8-13 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе ба эцсээр хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр их төлөв бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с, ялангуяа хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе ба эцсээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

ЗҮҮН ЗҮГИЙН НУТАГ

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3-8, бусад нутгаар 7-12, өдөртөө ихэнх нут­гаар 23-28 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр сэрүүсч Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн цочир хүйтрэх ба өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6, өдөртөө 11-16 градус дулаан байна. Гурав­дугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр шөнөдөө нутгийн хойд хэсгээр 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4 градус дулаа­наас 1 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн зарим газраар хур тунадас, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Дээрх үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с хүрч ширүүсэх ба ялан­гуяа нэг ба хоёрдугаар арав хоно­гийн дунд үе ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 18-20 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй.

ГОВИЙН НУТАГ

Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар шөнөдөө 10-15, өдөртөө 24-29 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнө­дөө 0-5 градус дулаан, хөрсөн дээр хасах 2 градус хүрч сулхан цочир хүйтрэх төлөвтэй, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8, өдөртөө 14-19 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлч болон гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр эрс сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус дулаа­наас 3 градус хүйтэн, цочир хүйтрэх ба өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6, өдөр­төө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 6-11, өдөртөө 18-23 градус дулаан байна.

 

 

 

medee.mn

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.