ХАА НЭГТЭЭ НАМАЙГ ДУРСАХ ААВДАА
Сайн байна уу та, гэж монгол хүний ёсоор мэндчилье. Хэзээ хүрэхийг нь мэдэхгүй ч танд захидал бичиж сууна. Таны бие лагшин сайн биз дээ. Хүний газар биеэ бодож, эрүүл байгаарай. Манайхан сайн бүгд ажлаа хийцгээгээд л. Миний хоёр дүү одоо томоо эрс. Хэн ч харсан бахархмаар сайхан эрчүүд бий. Харин ээж минь олон хүнд жилүүдэд дарагдаад жижигхэн эмэгтэй болсон. Заяа маань гэр бүлтэй болоод ээж минь удахгүй эмээ болох гэж байгаа. Манай гэр бүлээр нэг иймэрхүү сонинтой.
Уучлаарай, аав гэж дуудаж чадахгүй нь. Төрсөн цагаас минь эхлэн энэ үгийг дуудах боломж надад олдоогүй юм. Одоо хэлье гэсэн ч ам эвлэхгүй биз. Гэхдээ зүгээрээ, зарим үед өөр хүүхдүүдийг “аав ээж чинь” гэж хэлэх зүрх зүсэм үгсийг сонсохдоо сэтгэлдээ л чимээгүйхэн уйлж явсанаас биш амьдралын хатууг нуруундаа үүрээд, биднийг хүн болгох гэж зүтгэсэн ээжээсээ таныг нэхэж, зовоож байсангүй. Таныг орлосон өвөө эмээгийнхээ буянаар хүний зэрэгтэй хүн шиг амьдарч байгаа. Хамгийн сүүлд таны царайг харсанаас хойш олон жил өнгөрчээ. Одоо бол хажуугаар өнгөрөхөд нь бараг танихгүй биздээ. Таныг хүлээсэн олон өдөр шөнүүд өнгөрсөн ч та хэзээ ч бидэн дээр ирж байгаагүй ээ. Та нэгэн цагт бидний тухай бодож байв уу? Энэ асуултыг тантай уулзахдаа асуух юмсан гэж боддог байлаа. Хэн ч гэсэн өөрийн мах цусны тасархай болсон үр хүүхдээ санаж үгүйлдэг байх гэж би боддог. Гэвч та үгүй юм шиг. Харин би үр хүүхэдтэй болохоороо маш хариуцлагатай өсгөж, өөрийн мэдэрсэн аавтай мөртлөө аавгүй өсөхийн зовлонг үзүүлэхгүй. Хэзээ ч өөрийнхөө дуудаж үзээгүй тэр үгийг мэдэхгүй өнгөрүүлэхийг хүсэхгүй байна.
Гэхдээ би танд энэ бүхнийг гомдоллох гэж өгүүлсэнгүй. Энэ хорвоогийн хаа нэгтээ миний мах цусны тасархай гэж намайг ойлгодог танд хорвоод мэнлүүлсэнд баярлалаа гэдгээ уламжилъя. Охиндоо болон хоёр хүүдээ эцгийн ёсоор сайн сайхныг ерөөгөөрэй.
Таныг хүндэтгэсэн охиноос нь . . .







