“Монгол хурим эрхэмсэг оршихуй” өдөрлөг боллоо

Гэрлэх ёслолын ордон, “Монгол костюмс” төвөөс хамтран шинээр гэр бүл болж байгаа залуу хосууддаа зориулж Монгол ёс заншил, эрхэмсэг оршихуйг таниулах зорилготой нэгэн шинэлэг арга хэмжээг өнгөрөгч баасан гарагт зохион байгууллаа.

Уг арга хэмжээг Гэрлэх ёслолын ордны дарга, хатагтай X.Оюунчимэг үг хэлснээр морин хуурын хөг, уртын дууны уянгаар үйл ажиллагаа цааш өрнөсөн юм. Үүний зэрэгцээ “Монгол костюмс” төвөөс гаргасан Хүннү, Боодогтой сэвгэр, Олон үндэстэн ястаны хувцас загварын коллекциуд болон хуримын хувцасны загварын үзүүлэх тоглолтууд тавигдсан нь цугласан олны анхаарлыг ихэд татсан юм.

Энэ үеэр тус төвийн захирал, хатагтай Б.Сувд дээрх загварын үзүүлбэртэй холбогдуулж Монголын эртний түүхэн хувцас, хуримын хувцас, үс засал чимэглэлийн талаар ойлголт тайлбаруудыг өгсөн юм. Мөн судлаач эрдэмтэн Т.Намжил, Г.Баяндалай, Л.Дашням, Ч.Зэгиймаа, У.Эрдэнэбат, Б.Солир нар оролцож монгол хурим, ёс заншил уламжлал болон хуримын хувцасны талаар мэдээллийг өгч байлаа.

Өдөрлөгийн үеэр “Ер нь гэрлэх ёслол гэдэг бол маш их ач холбогдолтой үйл хэрэг. Гэтэл орчин үеийн залуус үүнийг нэг их сайн мэдэхгүй байна. Хүннүгийн үеэс эхлээд одоог хүртэл Монгол болон бусад үндэстний хуримын хувцас ямар байсан, үс засал, мөн хуриманд өгдөг цэцэг, найрын ямар дуу байх ёстой гээд дэг жаягийг залуучууд маань тодорхой хэмжээнд мэдэж байх ёстой. Тиймээс энэ бүгдийг таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулсан” хэмээн Х.Оюунчимэг захирал тодотгож байсан юм.

Гэр бүл болох ёс заншлын талаар эрдэмтэн судлаач Т.Намжилаас тодрууллаа. Тэрээр Тэрлэх ёс гэдэг гэр бүл болж буй хүмүүс нийгмийн өмнө тодорхой үүргийг хүлээлээ гэдгийг харуулсан төр ёсны агуулгатай арга хэмжээ учраас бүгдээрээ л хүндэтгэлтэй ханддаг. Ерөнхийдөө хуримын ёс бэлтгэл, эхлэл, явц, төгсгөл гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх ёстой байдаг. Гэхдээ монголчууд олон овог ястантай. Ястан бүр өөрийн гэсэн гэр бүл болох ёс, дэг жаяг, уламжлалтай.

Жишээ нь, Боржигон хуримлах ёс өөрийн гэсэн чанга хатуу дэгтэй. Баруун аймаг гэхэд хурим хийхээс өмнө гэр бүрэх ёс гэж байдаг. Үүний дараа гэр бүл болдог уламжлалтай. Үүнээс гадна гадаад хүнтэй суух нөхцөлд аль ёсыг барих талаар горимын ёс монголчуудад нэн хэрэгтэй гэж бодож байна. Мөн сүй тавих гэдэг ойлголт эрт үеэс уламжлалтай одоо ч энэ үйл байсаар байгаа. Энэ нь жинхэнэ хайр дурлалыг үгүйсгэж байгаа гэсэн үг юм. Хүнийг өмчилж байгаа гэж хэлж болно.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.