Аз жаргалын хурим

...Амраг хосын хайрыг гагнасан
Сүүн цагаан хурим...
Бүсгүй хүн бүрийн сэтгэл дотроо мөрөөдөж, хүсч явдаг зүйлүүдийн нэг бол хуримын цагаан даашинзаа өмсөөд, хайртай ханхүүгийнхээ гараас хөтлөөд хуримаа хийх...
Хуримын өдөр... хайртай хосуудын хувьд энэ өдрийг хоног тоолон хүлээсээр, сэтгэл догдлон учирдаг. Энэ өдөр бол аз жаргалтай амьдралынх нь хамгийн анхны, хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай өдөр.
Урьсан хосууд уяран баясч, уригдсан зочид нь бэлэг бэлгийн дээжээ өргөн барьж, ерөөлийн сайхан үгээ харамгүй хайрладаг тийм л нэгэн баярын өдөр. Гэтэл манай Монголчуудын мухар сүсэг бишрэлээс улбаатай нэгэн муухай ёс ч юмуу, ёр ч юмуу байдаг, “Хуримтай тааралдах муу байдаг” гээд “нулимах” юм. Аз жаргалтай амьдралаа эхлүүлж байгаа хосуудыг араас “нулимдаг” нь яасан муухай “ёс заншил” вэ?
Хэдийнээс, хэн гэгч нь ийм ёс гаргаад ирчихвээ? “Хуримтай тааралдах нь муу ёр” гэсэн атлаа “Оршуулгатай таарах сайн” гэцгээх юм.
Хуримын өдөр найман настай балчираас эхлээд наян настай буурлууд нь баярладаг аз жаргалын, амраг хосын баярын өдөр. Харин оршуулгын өдөр бол хав хар өдөр. Энэ өдөр бүгд гашуудан харамсаж, нулимс унаган уйлцгаадаг өдөр...
Уг нь ямар ч эрүүл ухаантай хүн энэ хоёр өдрийг ялгаж, салгаад ойлгох л энгийн асуудал баймаар. Гэвч амнаас ам дамжин, зуунаас зуун дамжсан, өнөөх л бурангуй ёсны “мухар сүсэг”, XXI зууны монголд оршсоорл байх юм.
Аливаад бодолтой ханддаг, Монгол хүний уужуу тайван сэтгэл хааш нь одоод байна даа?
Аз жаргалынх нь араас битгий нулимаач, хүмүүс ээ!
У.Чимэг
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







