Ж.Сарантуяа: Манай телевиз “Тотго нь намхан, босго нь өндөр байгууллага”


Яруу найрагч, зохиолч Ж.Сарантуяа: Манай телевиз “Тотго нь намхан, босго нь өндөр байгууллага”

МҮОНТ гэх их айлын ууган гишүүдийн нэг сэтгүүлч, яруу найрагч Ж.Сарантуяатай ярилцсан юм. Тэрээр энэ сарын 25-д уран бүтээлийн цэнгүүнээ хийх гэж буй.

-Манай уншигч бүсгүйчүүдэд хандаж хэлэх үгээр яриагаа эхлэх үү?

-Би эмэгтэйчүүддээ хайртай. Учир нь ертөнцийг эмэгтэй хүн чимж, чимэхээр барахгүй буй болгож эмэгтэйчүүдийнхээ хүчээр дэлхий тэнхлэгээрээ эргэдэг. Дэлхийн тогтох цэг, цөм нь эмэгтэй хүн, эжий байдаг байх.

- 45 жилийн ойгоо угтаж байгаа танай телевизийн хамт олонд баяр хүргэе. Таныг баярын өмнө уран бүтээлийн тоглолтоо тавих гэж байгаа гэж сонслоо?

-Баярлалаа. МҮОНТ-ийн байгуулагдсаны 45 жилийн ой энэ сарын 25-д болох юм. Манай телевизийг үздэг, үздэггүй, сонсдог сонсдоггүй хамаагүй бүх хүмүүстээ ойн баярын мэндийг хүргэе. Ойн баярынхаа өмнө өөрийнхөө тоглолтыг цэнгүүн гэхүү тайлан гэхүү энэ сарын 25-д 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд хийх гэж байгаа. Тоглолтонд минь шүлгийг нь бичсэн дуунууд дуулагдаж, бичсэн богино өгүүллэгийг жүжигчин уншиж, элэглэлүүдийг хөтлөгч маань хэлнэ. Үүн дээр болсон явдлууд, Москвад сурч байхдаа болсон явдал, телевизийн нэвтрүүлгүүд хийж байхад тохиолдсон сонин хөгжилтэй явдлуудыг ярьж тоглолтоо чимэх болно. Энэ тоглолтонд маань үзэгчиддээ барих бэлэг байгаа. Одоогоор нууц хэвээр үлдэг. Би анх уран бүтээлч 9 Сарантуяа цуглуулж нэвтрүүлэг хийж байлаа. Зарим нь одоогоор гадагшаа яваад тоглолтонд маань тав нь оролцоно. Уртын дуучин МУГЖ Сарантуяа маань уртын дуугаа дуулна. Гэхдээ би уртын дуу зохиогоогүй. Ийм сонинтой ойгоо угтаж байна даа, эгч нь.

-Таны тоглолтын цөм нь элэглэл, хошин тоглолт голлох нь ээ?

-Тийм. Мөн надтай хамтарч ажиллаж байсан улсууд маань ирж мэндчилгээ өргөнө. Зөвхөн мэндчилгээ өргөөд зогсохгүй, надтай холбоотой хөгжилтэй зүйлсээ ярина. Ер нь өөрийн чинь хэлдэг зөв боллоо л доо. Программаа хараад байхад ер нь инээд бэлэглэсэн талдаа. Инээд хошин талдаа тоглолт болох нь.

-Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна?

-Тоглолт хийнэ гэдэг чинь нэлээн ажилтай байдаг юм байна. Бид нэвтрүүлэг хийгээд “Зөндөө их ажил хийчихлээ ярвигтай шүү” гэдэг. Гэтэл тоглолтын хажууд нэвтрүүлэг маань арай гайгүй юм. Хамгийн гол нь би өөрийгөө тоглолтондоо санаа зовохгүй, ачаалал багатай байна гэж бодож байгаа. Учир нь манай телевизийн хамт олон, тэр дундаа манай Уран бүтээлийн 2-р нэгдэл Соёл урлагийн редакцийн хамт олон маань буйгаараа хөдөлж байгаа. Тэгээд юу хэрэгтэй байна, одоо яахав гээд л санаа тавьсан хүмүүс. Би зүгээр хааяа нэг утас цохисон хүн байна. Эд маань тоглолтоо хийх гээд байна уу, би тоглолтоо хийх гээд байна уу гэж заримдаа бодож байна ш дээ. Тэгэхээр би маш сайхан хамт олонтой. Эднийгээ л хайрлаж явахаас өөр юугаар тус хүргэхээ мэдэхгүй л байна. Хүн ер нь мэддэггүй юм байна ш дээ. Бүгд л анхаарал тавьж “Тоонд муу шүү, тооцоогоо гаргаарай гээд л... эрвийх дэрвийхээрээ дарга цэрэггүй ажиллаж байна. Манай телевизийн зариргаа нэлээн анхаарал тавьж байгаа. Хамгийн гол нь үүнд л баярлаж сууна. Гэр бүлийнхэн мөн тусалж дэмжинэ.

-Таны бичсэн ямар шүлэг дуу болсон бэ?

-Надад ээж, аав, ханийн тухай дуунууд бий. “Эмээ болохгүй” киноны “Эмээ болно” МУГЖ Энхзулын дуулсан “Эрийн тэнгэр”, хамгийн авъяаслаг сайн дуучин тенор Наранхүүгийн дуулсан аавын тухай дуу гээд нэлээн хэдэн уран бүтээл бий. Зарим дуучид нь гадаадад ажлаар явна.

-Та тоглолтондоо өгүүллэгээсээ унших уу?

-Жүжигчид уншина. “Хүний үр” богино өгүүллэгийн МУГЖ Равдан, хошин өгүүллэг МУГЖ Л.Чаминчулуун, Жүжигчин Р.Алтансүх, амидаа Сарантуяа нар уншина. Миний хамгийн хайртай “Салхи Дамбий” гэж телевизийн зохиол 8, 9 сериал гарсан. Гол дүр Бямбацогт маань урд хөршид гэрээгээр тоглолтонд оролцож байгаа учраас ирж чадахгүй нь гэдгээ хэлсэн. “Би оролцох ёстой байсан юм. Яах вэ?” гэж ярьсан. Уг нь эндээ байсан бол Бөхийн өргөөг морьтой тойруулъя гэж бодсон юм. Үнэхээр гэрээтэй хариуцлагатай ажил хийж байхад миний тоглолтонд ир гэж сатааруулах бодол хэнд байхав. Сэтгэл нь сайхан юмдаа.

-МҮОНТ-ийн босгоор алхаад хичнээн хугацаа өнгөрөв?

-Би энэ телевизийн босгыг алхаад 20-д жил болж байна. Тотго нь намхан, босго нь өндөр байгууллага. Ихэнх нь цагаа телевиздээ өнгөрөөдөг болохоор миний хоёр дахь гэр юм. Мэргэжлийн хүмүүсийг муулж байгаа хэрэг биш шүү. Би яаж санхүүч, хуульч болчихоогүй юм болоо гэж заримдаа боддог. Ажилдаа ороод ирэхэд соёл урлагийн албанд нэг нь хуучир дуугарч, хүүхдийн албаны нэг хүүхэд “Маамуу наашир” дуулж байх, хажуу талд нь нийгмийн албанд “Хориглохгүй ч байж болно” нэвтрүүлэгт ярилцлага өгөх гээд нэг хуульч сууж байх жишээний. Дандаа дуулсан, хуурдсан, бичлэгтэй гэж яарсан, нэвтрүүлэгтэй гэсэн гэрэл гялалзаж, хүн бүрээс уран бүтээлийн их энерги цацарсан л газар байдаг юм шүү дээ. АХА ч юм уу, “1 минут, 1 сая” гээд л лааз бөмбөг нь дуугараад л их тийм хөглөгдсөн хүн ядрах бодол байдаггүй. Ийм хамт олон дунд 20-иод жил ажиллаа. Бурхан надад маш сайхан хамт олон заяаждээ гэж баярладаг юм.

-Телевизийн хүн байхын тухайд?

-Телевизийн хүн байна гэдэг тийм амар биш. Хариуцлагатай ажил. Түдэв дарга нэг удаа хэлж байсан юм. “Сараа энэ телевизийн хүн байна гэдэг айлын хойморт л гарч байгаа шүү дээ, та нар чинь” гэж. Үнэхээр л бид айлын хойморт гараад суучихдаг улс. Ертөнцийг харах цонх ном байсан бол одоо цэнхэр дэлгэц болсон. Цэнхэр дэлгэц маань боловсроод нимгэн нарийн олон янзын дэлгэцтэй болсон ч нөгөө л гардаг хэвээрээ.

-Уран бүтээлийн хоёрдугаар нэгдлийнхээ талаар яривал?

-Манай уран бүтээлийн 2-р нэгдэл Гэрэлтэй цонх, Өглөө хөтөлбөр хоёрыг нэгтгээд хуучин Соёл-Эрдэнэ редакци маань ам бүл нэмсэн. Залуучууд олонтой. Ахимагаас Ёолк бид хоёр байна уу даа. Бусад нь дунд хэр насны залуучууд голдуу. Бидний хийдэг нэвтрүүлгүүд өргөн талын соёл урлагийн мэдээлэл, асуудал дэвшүүлсэн нэвтрүүлгүүд энэ жилээс  хийх гэж байна. Ер нь улс орныг соёлоор нь эхэлж таньж дараа нь энэ ямар улс вэ гэдгийг дүгнэдэг учраас бидний хийх нэвтрүүлэг маш чухал. Соёл урлаг гэдэг тусдаа ойлголт. Манайхан одоо соёл урлаг гээд зөвхөн урлагаа яриад байдаг. Соёл гэдэг урлагаасаа тусдаа том шинжлэх ухаан. Салгаж ойлгож, салгаж нэвтрүүлэг хийж, салгаж ойлголт өгөх гэдэг тал дээр хичээж ажиллаж байна.

-Таныг телевизийнхээ хамгийн инээмтгий хүн гэж сонссон юм байна?

-Намайг элэглэл бичиж байхад Дашдооров гуай “хүн шоолсон хүн өдтэй явдаггүй юм шүү” гэж байсан. Өөрт нь элэглэл бичсэн болохоор тэгж байхгүй юу. Тэр худлаа юм байна даа. Би сайн явж байгаа гэж боддог ш дээ. Нөгөөтэйгүүр би үнэхээр инээмтгий. Залуу байхад худлаа үнэн л юм харвал инээгээд байдаг бараг өвчтэй юм уу гэмээр л байлаа. Нэвтрүүлгийн бичлэг эхлэх гээд “мотор” гэхэд ямар нэг сэжим хараад л инээчихнэ. Тэгээд л манайхан “Өө за өнөөхийн чинь өвчин хөдөлчихлөө, энэ хооронд тамхи татъя” гэдэг байхгүй юу. Инээж инээж байгаад л одоо яг инээхгүй цаг болчихлоо гээд мотор гэнгүүт л дахиад инээчихнэ. Ёооё өнөөх чинь одоо мөдгүй үдээс хойш бичдэг юм уу гэх зэргийн л юм болдог.

-Эмэгтэй хүний хувьд гоо сайхандаа хэр анхаардаг вэ?

-Би байнга гоо сайханд ороод байж чаддаггүй юм. Шингэхэн унаганы сэвлэг шиг зөөлхөн үстэй болохоор үсчинд орохоор засах хүн олддоггүй байхгүй юу. Байнга очдог үсчин маань л “Сараа эгч ороод ирлээ” гэж янзална. Ихэнхдээ өөрөө янзлаад л эфирт гардаг. Гоо сайхандаа монгол бүтээгдэхүүнүүдээ хэрэглэнэ. Ядаж л химийн найрлага багатай санагддаг.

-Ажлын шугамаар ч, амин хувийн ажлаар ч хөдөө их явж байсан байх?

-Хөдөө явах дуртай. Аялах дуртай. Хөдөө явах цүнх, хувцас байнга бэлэн байдаг. Шүүрээд гарахад бэлэн шүү дээ. Телевизийнхээ буянаар Монгол орныхоо Увс, Ховд хоёр аймгаас бусдад нь давхардсан тоогоор олон явсан.

Цагаан идээ их иддэг. Аарууланд их дуртай. Манайхан хөдөө явахаараа Сараа аарууланд нугасгүй гээд авчирч өгнө. Шүд их сайн, монгол хоолоо гээд гурилтай шөлөндөө дуртай. Заримдаа шарсан хуурсан юм идэх дуртай, тарваганы маханд, адууны хавирга чанаж идэх дуртай. Долоо хоногт нэг удаа саунд суучихна. “Саун Сараа” гээд нэртэй. Алжаалаа тайлаад дараагийн долоо хоногийн ажилдаа орох эрч хүчтэй байдаг.

-Ойн баяраа угтаж байгаа хамт олондоо баярын мэнд хүргэвэл?

-МҮОНТ-ийнхээ нийт бие бүрэлдэхүүн хамт олондоо, телевизийг үздэг үзэгчиддээ ойн мэнд дэвшүүлье. 





 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.