Нэвтрүүлэгч Чимгээ: “Эмэгтэй хүн болж төрнө гэдэг их хувь заяа шүү”

МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч Чимгээ эх орондоо ирээд удаагүй байгаа билээ. Мэдээний цаг хүртэл бидэнд 20 минутын ярилцах боломж гарсан бөгөөд дуртай ажлаа хийгээд завгүй гүйж яваа аз жаргалтай эмэгтэйг хэсэгхэн хором өөрийн сайтын уншигчидтайгаа уулзуулахыг зорилоо.

 

-Та Тайваньд гурван жил болоод ирлээ. Явсан газрын сонин сайхан? Эх орноо их санав уу?

            -Тайваньд төв Хятадын хамгийн элит баячууд нь амьдардаг учраас хятадаас хамаагүй өөр. Эрүүл, тайван газар. Монголдоо            эргээд   ирэхэд бүх юм үнэхээр өөрчлөгдсөн байна. Цаг хугацаа зогсдоггүй учраас гурван жил, гурав хоногт ч юмс хувьсаж, өөрчлөлтүүдийг дагуулж байдаг юм байна. Хамгийн их өөрчлөлтийг хувь хүн, ялангуяа эмэгтэйчүүдээсээ олж харлаа. Бие хаа, зүс царай, үс гэзэг гээд бүх зүйлдээ анхаардаг болжээ. Улс хөгжихийн хэрээр хүн нь бас дагаж хөгжиж байна.

-Та бүсгүйчүүдээ илүү их анзаарчээ?

-Тиймээ, гуравхан жилийн дотор манай бүсгүйчүүд асар их өөрчлөгдсөн байна шүү. Гуравхан гэж байгаа боловч энэ бол гэдэг асар их хугацаа. Ирсэнээсээ хойш урлагийнхны нэлээд олон үйл ажиллагааг хөтөллөө. Тэр дундаа Драмын театрын 80 жилийн ойн баярыг хөтлөхөд нэг ч тарган хүн олж харсангүй. Жүжигчид нь маш их залуужсан байна. Үнэхээр ямар гоё болоо вэ гэж бодсон. Зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд ч биеэ сайхан авч явдаг болж. Монгол эрчүүд ихэвчлэн гүзээтэй, тарган байдаг шүү дээ. Харин одоо тийм байхаа хэдийнэ больжээ. Хүмүүсийн ухамсар өөр болж амьдралынхаа хэв маягт хүртэл анхаардаг болжээ.

- Үнэхээр тийм шүү, таргалалт багасаж, бас эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн их хэрэглэдэг болсон...

-Би энэ тал дээр эсрэг байр суурьтай байдаг хүн. Манайхан залхуурч зүгээр сууж байгаад турахыг хүсдэг. Тэр бол хамгийн буруу. Тайваньд биеийн хөдөлгөөн хамгийн нэгдүгээрт тавигддаг. Дал ная гарсан хөгшчүүл хөл гар нь тал харваад мэдээгүй болчихсон хэрнээ яаж ийж байгаад өдөрт нэг удаа заавал өндөр уулын орой дээр гардаг. Хүн өөрийгөө хөдөлгөөнөөр үнэлж байгаагийн нэг илрэл энэ. Мэдээж өндөр хөгжилтэй улс учраас уулын өөдөө чулуу модон дээгүүр алхаад явахгүй л дээ. Гэрэл чийдэн, суух сандал, уух ус, бие засах газар гээд бүгд бэлэн. Харин манайд юу ажиглагдсан бэ гэхээр зүв зүгээр сууж байгаад ямар ч хөдөлгөөн хийхгүйгээр турж, гоё сайхан болчихно гэж бодоцгоох юм. Уучлаарай, аливаа юм заавал хөдөлмөр, хөлс хүч шаардаж байж, ямарваа нэгэн золиос шаардаж байж үр дүн гарна шүү дээ. Цаг гаргаад биеийн тамирын хөдөлгөөн хийдэггүй юм гэхэд тухайн хүн өөрийнхөө өдөр тутмынхаа амьдралд байнгын хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Ядаж уусан цайныхаа аягаа крант руугаа шидчихээд өглөө босож угаадагаа больё. Өдөр тутмын хамгийн наад захын хөдөлгөөнүүд хийхдээ битгий залхуур. Тэгж байж та эрүүл, гоё сайхан байна.

-Эрүүл байхад хөдөлгөөнөөс гадна хоол хүнс их чухал. Эх орондоо ирээд хүнсээ хэрхэн зохицуулж байна?

-Анх Тайваньд очоод хоол унданд нь яаж дасна даа  гэж санаа зовж байсан. Тэд чинь голчлон өвс ногоо иддэг хүмүүс шүү дээ. Хүн гэдэг амьтан амархан дасан зохицдог болохоор удалгүй хоол унданд нь дассан даа. Хэсэг хугацаа өнгөрөхөд монголдоо очоод махнаас гарна гэж боддог болсон. Гэхдээ худлаа юм байна. Бидний соёл иргэншил, цаг уурын нөхцөл байдал гээд мах идэхгүйгээр амьдрах нөхцөл боломж үнэхээр алга. Гэхдээ зөв зохистой хэрэглээ байх ёстой. Ялангуяа бүсгүйчүүд маань махыг хэдэн цагт яаж зөв хэрэглэх вэ, юутай хольж идэх вэ гэдгээ мэддэг байхад заавал махнаас татгалзаад байх шаардлагагүй байхаа.

 

        -Тэгэхээр таны хоололтын хэв маягт өөрчлөлт гарсан байж таарах нь ээ?

- Гурван жилийн өмнө би махны зөв хэрэглээний талаар боддоггүй байж л дээ. Жин хасъя гэж хүсдэг хэрнээ тайзан дээр өмсдөг даашинзандаа арайхийн багтаад л явдаг байлаа. Одоо бол арай өөр хооллолт, зөв хэв маягтай орчинд нь ороод, амьдраад ирсэн болохоор миний бодол өөрчлөгдсөн. Илүү ухаалгаар юманд хандана. Шөнийн 12 цагт тайзнаас бууж ирээд эсвэл мэдээгээ дуусгаад ажлаасаа оройтож ирэнгүүтээ өөхтэй мах огтлоод лапша идээд суухгүй болсон.

- Гурван жилийн хугацаанд тайзаа, эфирээ хэр санав?

- Өө, маш их санасан. Телевизийн энэ мундаг том хамт олон, цэвэр “алт” шиг болчихсон хүмүүсийн дунд ажиллаж байсан би ямар их азтай хүн бэ гэдгээ хүний газар очоод илүү ойлгосон. Тэгээд тэр эрч хүчээрээ ажилдаа ороход үнэхээр сайхан байна.

- Таныг ч гэсэн монголын үзэгчид их үгүйлсэн байх. Айл бүрийн хойморт цэнхэр дэлгэцээр зочилдог нэвтрүүлэгч Чимгээ охид бүсгүйчүүдийн бахархал, үлгэр дууриал болсоор ирсэн. Ингэхэд та эмэгтэй хүн болж төрснийхөө аз жаргалыг ямар үед илүү их мэдэрдэг вэ?

-Эмэгтэй хүн болж төрнө гэдэг үнэхээр их хувь заяа. Бүсгүй хүн хүүхэд төрүүлснийхээ дараа сэтгэл ямар их уясаж, хайр ямар ихээр бялхдаг билээ дээ. Тэр бол эмэгтэйчүүдэд бурхнаас өгсөн хосгүй хувь заяа. Эрэгтэй хүн бол хэзээ ч тэр сайхныг бидэн шиг гүнзгий мэдрэхгүй шүү дээ. Эмэгтэй хүмүүс магадгүй зарим нь төмөр шиг хатуу байж байгаад хайлсан тугалга шиг болдог. Хүүхэд төрүүлсний дараа ээжийгээ хайрлана, эцгийгээ хайрлана. Аливааг чин сэтгэлээсээ хайрлана гэдэг агуу чанар шүү дээ.

- Чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа, танд ажлын амжилт хүсье.

-Баярлалаа. Уншигч эмэгтэйчүүд, бүсгүйчүүддээ удахгүй болох шинэ жилийн мэндийг уламжилъя.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.