“Эрх чөлөөний парад-2012” тав дахь жилдээ
Хүний эрх, эрх чөлөөний тухай хангалттай мэдлэггүйгээс болж залуус бид эрхээ эдэлж чадахгүй, мөн бусдын эрхийг хүндэтгэх чадваргүй хүн болж, амьдрах орчноо нээлттэй бус болгож байдаг. Энэ байдлыг өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй залуус нэгдэн 2008 оноос хойш “Эрх чөлөөний парад”-ыг жил бүр уламжлал болгон амжилттай зохион явуулж байна. Энэ жилийн парадыг “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” нэртэй Залуусын байгууллага, Монголын “Эмнести Интэрнэшнл” ОУБ, “ЛГБТ” төв, “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ, Охид-залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв, “Мөрөөдлийн хөтөч” зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.
“Эрх чөлөөний парад”-ын гол зорилго нь хүүхэд залууст хүний эрхийн мэдлэг өгөх, охид эмэгтэйчүүдийг гадаад үзэмж, хувцаслалтаар ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд ашиглахын эсрэг уриалах, хүйсийн чиг хандлагын талаар зөв ойлголтыг нийгэмд түгээхэд оршиж, хүн бүр оюун санаа, бие мах бодиороо цорын ганц, бүгд адил үнэ цэнэтэй, эрхэм чанартай бас тэгш эрхтэй гэдгийг мэдрүүлж, эрх чөлөөнийх нь мэдрэмжийг сэргээхэд бүхэлдээ чиглэсэн юм.
Парадад залуу дуучид, бүжгийн хамтлагууд болон хүүхэд залуучууд оролцож нэг өдрийг хөгжилтэй бас өөрсдийн эрх чөлөөгөө мэдэрч өнгөрүүллээ.





Б. Агиймаа



