“Хүрэл тогоот-2012”

2012 оны 10 сарын 6-26-ны өдрүүдэд “Хүрэл тогоот-2012” эрдэм шинжилгээний бага хурал хуралдаж байна. Тэртээх 12 жилийн өмнө анхныхаа хурлыг хийж, танхим нь ч дүүрэхгүй шахам байсан хурал өнөөдөр зөвхөн нэг салбар хуралдааны хүмүүс нь танхимдаа багтахааргүй болтлоо өргөжжээ.
Анх ШУ-ны бүх салбарынхан нэг танхимдаа хуралддаг байсан бол одоо тус тусдаа зургаан салбараар хурлаа зохион байгуулдаг болж. “Хүрэл тогоот” гэдэг энэ нэр залуу эрдэмтэд болоод багш судлаачдын дунд аль хэдийнээ брэнд болж, өөрийн байр сууриа эзлэн оршжээ.
Жил бүрийн намар эрдэмтэд “Хүрэл тогоот”-д цуглаж, бүтэн жилийн хийж гүйцэтгэсэн эрдмийн ажлаа бие биендээ илтгэн тайлагнаж, алдаа оноогоо хэлэлцдэг, уламжлал тогтсон гэлтэй.
Энэ хурлыг Монголын залуу эрдэмтэд санаачлан БШУЯ, ШУА, ШУТС, Технологийн Инкубатор төвтэй хамтран зохион байгуулсаар ирсэн. Мөн жил ирэх бүр хамтран ажиллах байгууллага, ивээн тэтгэгчдийн тоо нэмэгдсээр байгаа.
Шагналын сан нь жил ирэх тусам нэмэгдэж, энэ жилээс салбар тус бүрээс хоёр судлаачийг шалгаруулж, тус бүр 4 сая төгрөгийн грант олгохоор шийдвэрлэжээ. “Оллоо” аяллын хөтөч тусгай байрын шагналыг олгодог уламжлалтай болжээ.
Энэ жилээс www.emegteichuud.mn цахим сэтгүүл тус хурлын мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж эхэллээ. Мөн өөрийн сайтын нэрэмжит өргөмжлөл, шагналыг бий болгож анхныхаа шагналыг Байгалийн ухааны салбарын эрдэмтэн, ШУА-ын эрдэм шинжилгээний ажилтан Б.Ханджамц-д гардууллаа.

