Хайр мөн гэж үү?

Бүсгүй минь чи хичнээн хичээсэн ч тэр чамайг орхиод явчихсан уу? Гэвч өнгөрсөн явдлын хойноос гутарч гуниад яахав. Эцсийн эцэст чи чухам юунд харамсаад байгаагаа бодож үзсэн үү. Үнэхээр чи түүнд хайртай байсан гэж үү? Үүнийг уншаад та эдгээр асуултыг өөрөөсөө асууж үзээрэй.
1. Дассан сэтгэл
Нэгэн сайхан өдөр чи хэн нэгэнтэй учирчээ. Аажмаар та хоёр хамтдаа байх болов. Чи түүнд амттай сайхан хоол хийж өгөх гэж янз бүрийн жор цуглуулна. Тэр ч байтугай хувцасныхаа өнгийг түүний санаанд нийцүүлэн сонгоно. Үсээ засуулахдаа ийм хэв түүнд таалагдах болов уу гэж бодно. Гадагшаа гарахдаа ч хамтдаа явна. Үргэлж тэр хажууд чинь байсаар байгаад чи түүнд дасаж орхижээ. Үүнийгээ хайр гэж андуурах болж. Хүн дассан зуршлаасаа салж чаддаггүй нь үнэн. Тиймээс хэн нэгнээс холдох нь юуны өмнө дадсан заншлаа өөрчлөх болно гэсэн үг. Ямар ч зуршлаа орхиход хэцүү байдаг. Гэхдээ нэг зүйлийг санахад илүүдэхгүй. Чи нас залуу байна, амьдралдаа дахиад хэн нэгэнтэй учрах болно. Харин тэр үед өмнөх амьдралынхаа сургамжийг мартсаны хэрэггүй. Хайр дурлал, хэн нэгэнд дасдаг хүний араншин хоёрыг хооронд нь ялган ойлгож сайтар тунгаагаарай.
2. Тооцоон дээр тогтсон амьдрал
Чи түүнтэй муудсанаас болоод явган алхдаг болов уу. Хайртай залуугийнхаа ганган машинд суухаа бүр больжээ. Бас зөвхөн өөрийнхөө цалингаар амьдрах болсон чинь бухимдал төрүүлж байгаа биз? Эцсийн эцэст чи түүнээс зөвхөн амьдралынхаа материаллаг талыг бэхжүүлэхэд хэрэг болж байсан юм гэжүү. Хэрэв тийм бол түүнийг мартаж орхи. Санхүүгийн нарийн тооцоон дээр тогтсон харилцаа, хүнд жаргал авчирсан удаагүй. Тэрнээс илүү хайр халамжтай, чинээлэг баян хүн амьдралд чинь тааралдана гэдэгт итгээрэй.
3. Уйтгарын манан
Чи түүнтэй хоёр тийшээ болсноос хойш амьдрал чинь жигтэйхэн уйтгартай байгаа мэт санагдаж байж болно. Хэн нэгэн амралтын өдрүүдээр чамайг урихгүй. Хотоос гадагш гарах хүнгүй, оройдоо өдрийн болсон явдлаа ч хэн нэгэнд ярих боломжгүй ганцаараа дуугүй суугаад байх нь үнэхээр уйтгартай. Найз нөхдийнхөө төрсөн өдөрт очоод бүжиглэх ч хүнгүй байна гэж бодохоос гунигтай байгаа биз? Зүгээр ээ, дажгүй. Удахгүй бүх юм сайхан болно, чи аль болох өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй. Хүний залуу насыг яруу найрагчид романтик сэтгэлээр “үүлэн чөлөөний нартай үзэгдээд өнгөрөх зүйл” хэмээн зүйрлэсэн байдаг.
4. Ганцаардлын айдас
Хонгор найз чинь чамайг орхиод явсан тэр өдөр тэнгэр цэлмэг байгаагүй нь мэдээж. Тэр ч байтугай нөхөр, хүүхэд ч үгүй, хайр дурлалын ирээдүй хүлээж байна гэсэн бодол нөмөрч, айдас төрүүлсэн байж болно.
Сэтгэл зовоосны хэрэггүй. Эрчүүд хаанаас ч олдоно. Хамгийн гол нь чи өөртөө итгэлтэй, хэнээс ч хамааралгүй амьдарч сур. Орчлон хорвоод хүн болж төрсөн чинь хамгийн том баяр баясгалан гэдгийг мартуузай. Ганцаардалд орох эсэх нь зөвхөн өөрөөс чинь шалтгаална.







