Өсвөр насны охидын жирэмслэлт
Өсвөр үеийнхэнд тохиолддог олон ээдрээтэй асуудлуудын нэг нь охидын жирэслэлт. Энэ нь өнгөц харахад хэн нэгэн охинд тулгарч буй хувийн шинжтэй асуудал мэт боловч нийгмийн олон салбарын онцгой халамж анхаарал шаардсан эмзэг нарийн асуудал байдаг. тэд хамгийн ихээр эцэг эх нь түүнийг ойлгож туслах эсэхэд сэтгэл зовж шаналдаг.
“Охидын жирэмслэлт“ гэдэг үгийн цаана зарим үед эцэг болох тухайгаа огтхон ч бодоогүй өсвөр насны хөвгүүдийн асуудал гардаг. Манай улсад сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн гол насны буюу үндсэн бүлгийн эмэгтэйчүүдийн төрөлт жилээс жилд буурч байхад өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлтийн давтамж нэмэгдсээр байна. Жирэмсэлсэн охидын ихэнх нь хүсээгүй үедээ, тохиолдлын байдлаар, гэр бүл болоогүй байхдаа жирэмсэлдгээс төв суурин газрын охид үр хөндүүлэх, хөдөөгийн охид хүсээгүй хүүхдээ төрүүлэх замыг ихэвчлэн сонгодог. Аль ч замыг сонгосон эцэг эхдээ зэмлүүлэх, үе тэнгийнхнээсээ ичиж зовох, ирээдүйдээ итгэл алдрах, эмнэлгийн тусламж авахаас айх зэрэг сэтгэлийн дарамтанд ордог. Тоглон наадаж, сурч боловсорч, баяр баясгалангаар бялхаж байх учиртай гэнэн томоогүй хүүхэд насандаа алдаж эндээд жирэмсэлсэн охидыг хамгийн дотны хүмүүс болох эцэг эх нь хүртэл буруутгаж зэмлэдэг нь тэднийг буруу шийдвэр гаргахад хүргэдэг.
Судалгаанаас үзвэл өсвөр насныхан дунджаар 16-17 насандаа жирэмслэхээс болон бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалах ямар нэгэн арга хэрэглэхгүйгээр бэлгийн харьцаанд ордог байна. Хүүхдүүдийн дунд анхны бэлгийн харьцаагаар жирэмслэдэггүй гэх зэрэг буруу ойлголт ам дамжин яригддаг. Гэтэл тэд хүссэн үедээ үнэн зөв мэдээлэл, зөвлөгөө авах хязгаарлагдмал байгаа нь охидыг хүсээгүй үедээ жирэмслэхэд хүргэж байна. Жирэмсэлсэн эсэхээ мэдэхгүй, мэдсэн ч хэнд хандахаа мэдэхгүй айж ичиж явсаар үр хөндөж болох хугацаа өнгөрсөн хойно аргагүй хэвлий нь томорсон үед эмнэлэгт хандах нь цөөнгүй байдаг.
Б. Агиймаа
