Хатан зөгий

Онгоцны буудалд нислэгээ хүлээн сууж байтал миний андахгүй, гэхдээ намайг танихгүй топ модель хүүхэн олны дундаас содон харагдлаа. “Топ” маань гайгүй зүс царайтайн дээр, гарт байгаа номоо уншиж буй дүр эсгэх нь багагүй боловсролтой болохыг нь харуулах шиг. Нисэх буудлын хүлээх танхимын сандалуудыг сэлгэн сууж бусдын анхаарлыг аргагүй л өөр дээрээ татах аж.
Бүл салж нисэх хатан зөгий шиг хэсэг бүлгээрээ яваа гадаад эрчүүдийг бараадан сандал сэлгэж явсаар бидний зэргэлдээх сандал дээр суух үеэст нь уншиж буй дүр эсгэх номын нэр, гарчгийг нь зэрвэс хартал “Гэмт хэргийн ертөнц” хэмээх номын “Гудамжин дахь цуст аллага” гэсэн гарчиг нүдэнд тусах нь тэр... Би өөрийн эрхгүй цочирдсон.
Гадны хүнд бол эх хэл дээрээ их л чухал ном уншиж суугаа сайхан хүүхэн харагдаж байсан байх, ингэж харагдахыг хүсэж байгаа нь ч ойлгомжтой байлаа.
Түүнээс арай зайтайхан ээж нь болов уу гэмээр хөгшин, жаахан охин хоёр олны хэл амнаас цэрвэсэн байдалтай сууж харагдлаа. Ээж, охин хоёртоо юу гэж хэлж суулгачихаад, цэцэгний сайхныг сонгон нисэх зөгий шиг яваа юм бол.
Сайхан хүүхэн харчихаад зөгийтэй зүйрлэсэн маань учиртай. Зөгийний амьдрал өнөөгийн хэт их олшроод байгаа топ модель, загвар өмсөгч, гоо бүсгүй нарын амьдралтай их адилхан санагдаад байдаг юм. Бүл зөгийнд нэг хатан зөгий байх аваас тэр бүлд байгаа бүх зөгийнүүд зөвхөн түүнд үйлчилнэ. Залуухан охид, хүүхнүүд маань хатан зөгий адил шимэгчийн амьдралд хэт их шунаж, хэд хэдэн эрээс хамааралтай болж, бусдыг зөвхөн өөрийн төлөө амьдрагч ажилчин зөгий мэтээр дээрэлхэн бодно.
Хайрлан, халамжилж явах ёстой эцэг эхээ хүртэл зарцлан, амар хялбар амьдрал хайж мөнгөтэй л бол гадаад дотоод, хөгшин залуу хамаагүй эрчүүдийн дээгүүр эргэлдэн нисэх нь өрөвдөлтэй. Хатан зөгий амьдралын турш ганцхан удаа үржилд ордог бөгөөд насан туршдаа үр авгалдайгаа тээж төрүүлэх үндсэн үүргээ огтхон ч орхигдуулдаггүй болохоор зөгийн бүл өсөж үржсээр байдаг.
Харин хатан зөгийтэй зүйрлээд байгаа гоё сайхан охид хүүхнүүд маань үүрэггүй, хариуцлагагүй, ухаангүйгээр өдөр хоногийг өнгөрөөсөөр л... Тэгэхээр тэд хэн болж таарах вэ?
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







