Охидоо, соёлтой байцгаая!

Охидоо, соёлтой байна гэдэг бас нэг сайхан чанар шүү. Хараал хэлдэг, хүн унагах шахам мөрлөчихөөд уучлалт ч гуйлгүй өнгөрнө гэдэг бүдүүлэг хэрэг. Санаатай ч бай, санамсаргүй ч бай, ямар ч байсан хүн мөрлөх, шүргэх, хөл дээр гишгэсэн бол заавал уучлалт гуйж байгаарай. Энэ бол дан ганц охид ч гэлтгүй хүн бүрт байх ёстой соёл мөн. Автобус, олон нийтийн газар явахдаа биеэ зөв авч явах нь чухал. Олон нийтийн газарт найзуудтайгаа чанга чанга инээлдэн, зүй зохисгүй үг хэрэглэж буй хүнийг хараад соёлтой хүн гэж хэн ч хэлэхгүй. Бусдад өөрийгөө сайнаар үнэлүүлэхийг хүсэж байгаа бол биеэ зөв авч яваарай.
Бүх хүнийг бүдүүлэг гээгүй юм шүү. Зарим нь л тийм байгаа юм. Гадуур явахдаа хаа хамаагүй газар тамхи татаж, элдэв хараал хэлдэг охид харагдах болсон. Тамхи татах нь сайхан харагддаг гэсэн утгагүй бодлоо хаяад эрүүл мэндээ бодсон нь дээр гэж санагддаг юм. Ирээдүйн эрхэмсэг хатагтай, гэр бүлийнхээ гэрэлт нар нь болох охид минь соёлтой байцгаая. Элдэв муу зуршлаас хол байж, үг хэлэндээ анхааран, хэнтэй ч харилцахдаа зөв сайхан харилцаж байгаарай.
Цэцэглэн







