Миний жаргалтай өдрүүдийн нэг, Миний төрсөн өдөр

Амьдралын минь жаргалтай өдрүүдийн нэг болох төрсөн өдөр минь болж өнгөрлөө. Намайг энэ хорвоод мэндэлсэнд баярладаг хүмүүс ямар их байдаг юм бэ? Хамгийн эхлээд энэ сайхан амьдралыг бэлэглэсэн ээж минь “ хайрт охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе. Миний охин энэ дэлхийн хамгийн сайн охин шүү” гэж хэлэхэд би ямар их баярласан гээч. Нүдэнд минь баярын нулимс тодорч, ээж дээрээ шууд л оччихмоор санагдсан. Гэвч би чинь энд эрдэм сурах гэж ирсэн шүү дээ. Сэтгэлийн хөөрлөөрөө ирж очоод байдаг цаг минь өнгөрсөн гэж өөрийгөө зоригжуулан байлаа. Үүний дараа арван жил хамт сурч, амьдралын минь баяртай гунигтай бүхий л өдрүүдэд хамт байж чаддаг найз минь, Зорилго нэгт их сургуулийн андууд, Танилцаад удаагүй ч сэтгэлд нэг л дотно ажлын маань эгч, цаашлаад таних танихгүй олон хүн facebook дээр минь мэнд хүргэсэн байхыг хараад миний сэтгэл их л догдоллоо. Энэ өдөр хүмүүс зөвхөн надад мэнд хүргэж байсан ч миний хувьд би ээждээ л талархахыг хүссэн. Хэрэв ээж хэмээх агуу хүн байхгүй бол бидний хэн нь ч байхгүй. Амьдралд тохиолдох азтай , баяртай, гунигтай бүхий л өдрүүдийн амтыг мэдрэхгүй байсан. Би ээж гэдэг хүнийг амьд бурхан гэж боддог. Хатуу хөтүү амьдралын нугачаанд үрээ гэж хайран сайхан залуу насаа бидний төлөө л зориулдаг. Гэвч хэзээ ч биднээс хариу хүсдэггүй. Аав минь ч гэсэн миний амьдралын зайлшгүй нэгэн хэсэг.Тэднийхээ ариун хайрын үр дүнд л би энд байна. Гэвч би ээжтэйгээ илүү адилхан, илүү дотно бас сайн ойлголцож, ярилцаж чаддаг.. Өөрөө даарч байсан ч үрээ даарчихвий гэнэ.Өлсөж, өвдөж байсан ч түүнийгээ харуулахгүйг хичээнэ. Миний ээж ийм л хүн. Наанаа хатуу чанга мэт ч цаанаа уяхан зөөлөн сэтгэлтэй, Ухаалаг , эгэл даруухан миний ээж. Ээж гэдэг хүн энэ орчлонг гэрэлтүүлж , хатууг зөөллөж байдаг. Тиймээ бүхий л ээжүүд үрийнхээ сайн сайхны төлөө л амьдардаг. Тиймээс бид ч гэсэн ээжийнхээ итгэл найдвар, гэрэл гэгээ нь байж, энгүй их ачийг нь их бага гэлтгүй хариулж амьдрах хэрэгтэй. Би ээжийнхээ хэвлийд байхдаа хүйгээр нь холбогдож байсан бол энэ дэлхийд ирээд сэтгэл зүрхээрээ холбогдсон. Миний жаргалтай өдрүүдийн минь нэг миний төрсөн өдөр.

