”Өвлийн эмгэн” байдаг уу?

Чин сэтгэлээсээ  догдлон хүлээсэн шинэ жилийн баяр ойртсоор л... Өдөр хоног өнгөрөх тусам, яараад л байх юм.  Нээрээ л шинэ жилийн баяр хамгийн гоё нь... Шинэ жил гэхээр хамгийн түрүүнд өвлийн өвгөн, цасан  охин, гацуур мод санаанд ордог. Харин уншигч та өвлийн эмгэн байдаг гэж сонсож байв уу?  Би л хувьдаа “ Өвлийн эмгэн”-ний тухай төсөөллийг нь сонсоод, хүүхдийн бодол, хүүхдийн төсөөллийн ертөнц ямар агуу  юм бэ гэж гайхширлаа. Томчууд бидний ч санаанд оромгүй зүйлүүдийг тэд бодож, төсөөлж чаддаг аж.

Таван настай хүү маань:

- Ээжээ та “өвлийн эмгэн”ийг харж байсан уу? гэж асуув. Тэрхэн агшинд би юу ч бодолгүй

-Үгүй ээ. “өвлийн эмгэн” байдаг юм уу гэчихлээ.

Хүү :- ээжээ та том хүн байж одоо болтол “Өвлийн эмгэнийг” хараагүй гэж үү? гээд гайхширлаа. Хүүгийнхээ урмыг хугалсандаа миний санаа зовж, миний хүү ээждээ “Өвлийн эмгэний” тухай ярьж өгөөч гэлээ. Харин хүү маань" Өвлийн эмгэний" тухай ийнхүү ярьлаа.

... Өвлийн өвгөн байдаг юм чинь, эмгэнтэй  л байж таараа ... Өвлийн эмгэн чинь, өвлийн өвгөнөөсөө илүү их ажил хийдэг байхгүй юу. Өвлийн эмгэн энэ дэлхийн хүүхдүүдийн хүслийг биелүүлэхийн тулд, бүх хүүхдийн нэрсийн жагсаалтыг гаргана, хүссэн бэлэгнүүдийг нь цуглуулах гэж дэлгүүр хэснэ, бас цуглуулсан бэлэгээ уутанд хийнэ. Харин өвлийн өвгөн , өвлийн эмгэнийхээ бэлдэж өгсөн бэлэгнүүдийг нэрсийн жагсаалтаар нь тараах л ажлыг хийдэг юм. Өвлийн өвгөн телевизээр дандаа л гардаг, манай цэцэрлэг дээр жил бүр ирдэг хэрнээ эмгэнийгээ ерөөсөө дагуулж явдаггүй. Яагаад гэвэл өвлийн эмгэнд  тэгэж явах зав ерөөсөө  гардаггүй юм. Би өвлийн эмгэнийг зүүдэндээ л олж хардаг... гэж ярьсан юм. Энэ бол таван настай хүүгийн төсөөллийн ертөнц...

Тийм дээ. Өвлийн өвгөн байдаг юм чинь эмгэнтэй л байж таараа.

  У. Чимэг

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.