Д.Болортуяа: Дрифт бол “Урлаг”
Монголд дрифт хийдэг бүсгүй байдаг гэдгийг сонсоод багагүй гайхаж, басхүү уулзаж ярилцах хүсэл төрсөн юм. Эгэл даруухан Болортуяа хэмээх залуухан бүсгүйтэй хэдэн хором ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэж байна.
- Сайн байна уу. Танд өдрийн мэндийг хүргэе?
- Баярлалаа. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.
- Та хэдэн оны жолооч вэ. Дрифт хийгээд хэр удаж байна вэ?
- Би 2008 оэы жолооч. Дрифт хийгээд 2 жил болж байна.
- Яагаад дрифтийг сонирхох болсон юм бэ?
- Би багаасаа л спорт машин сонирхдог байсан. Гэхдээ дрифт хийнэ гэж огт бодож байгаагүй. Бараг мэддэггүй байлаа.

Анх машинаа авсны дараагаар клубуудээс санал ирснээс би “I Drift”-т орсон. Клубдээ орсны эхний жилдээ дрифт яаж хийхийг заалгасан. Надад замын хэцүү эргэлтүүдийг хийх, хурдаа тохируулах зэрэг нь их таалагддаг.
- Дрифт хийж байхад ямар мэдрэмж төрдөг вэ?
- Дрифт хийхэд үнэхээр сайхан санагддаг. Зүйрлэшгүй эрх чөлөө, хүссэнээрээ байх гэж хэлж болох юм.
- Миний бодлоор дрифт гэдэг маш их эр зориг шаардах байх. Таны хувьд дрифт хийхэд эр зориг чухал уу, ур чадвар чухал уу?
- Ер нь бол ур чадвартай байж л дрифт хийнэ. Гэхдээ эр зориг хамгаас чухал. Зоригтой байвал бүх зүйл болно.
- Та хэр зоригтой хүн бэ?
- Зоригтой. Баргийн зүйлээс айдаггүй. Адал явдалд дуртай. Миний айдаг нэг зүйл гэвэл өндөр. Ер нь өндрөөс л айдаг даа /инээв/.

- Монгол болон дэлхийд эмэгтэй дрифтчид хэр их байдаг вэ?
- Монголд би анхных нь. Сүүлд нь Ганаа гэж охин дрифт хийж сурч байгаа. Монголдоо гэвэд бид хоёр л байгаа. Дэлхийд бол олон бий. Ялангуяа Японд энэ спорт үүссэн учир эмэгтэй дрифтчид олон байдаг.
- Монголд энэ төрлийн уралдаан тэмцээн хэр их болдог вэ?
- Монголд үйл ажиллагаагаа явуулж буй арав гаруй клуб бий. Үүнээс 4 клуб нь албан ёсны зөвшөөрөлтэй байдаг. Зуны улиралд клуб бүр өөрсдийн нэрэмжит тэмцээн зохион байгуулдаг. Удахгүй 2-р сард “Ice drift” болно.
- Уралдаан тэмцээнд хэр их оролцсон бэ. Гаргасан амжилтуудаасаа дурьдвал?
- Миний хамгийн анх оролцсон тэмцээн бол “Drift King”. Энэ тэмцээний анхны эмэгтэй оролцогч болсон юм. Нийтдээ гурван тэмцээнд оролцсон. “UB Night Drift”-т оролцож гуравдугаар байр эзэлсэн.

- Дрифт хийж сурах хүсэлтэй охидуудад хандаж юу гэж хэлэх вэ. Ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
- Өөрөө дрифт хийж сурах чин хүсэлтэй, зоригтой байх хэрэгтэй. Мөн ямарваа нэг эрсдэл гарахад хүлээх чадвартай, өөрийн гэсэн машинтай байх ёстой.
- Машин ямар байх ёстой вэ?
- Машин бол механик байх хэрэгтэй. Дрифт хийхэд механиз машин илүү амар байдаг. Мөн ард талаа түгждэг байх, хойд хэсэг нь эргэдэг зориулалтын байх, турбо хөдөлгүүртэй байвал сайн байдаг.
- Дрифт гэдгийг тодорхойлбол?
- Дрифт гэдэг бол гайхалтай хурд хүч, авъяас шаардсан зүйл. Нэг үгээр хэлбэл “Урлаг” юм.
- Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
- Баярлалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(182.160.49.176)
2013-02-26 11:36:29
мундаг юмаа өшөө сайн хөнгжүүлээрэй амжилт
0
0
0
Хариулах
