Би таны үргэлжлэл...


Ээжээ гэж би хэлд орсон


Энхэр нярай насандаа
Эгшиг бүүвэй үгүйлээд
Ээ ээ, ээдээ ээдээ гээд
Ээрч муурч уйлахдаа
    Энэрэл хайрын учир   
    Ээжээ ээжээ хэмээн
    Энэ л сайхан үгээр
    Эрхэлж анх хэлд орсон
Элдэв өнгөнд дурлаж
Энэ биеэрээ гоёсон
Эрмэг залуу насандаа
Ээжээ гэж дуудахдаа
    Эмгэрч яваа ээж минь
Эрхгүй муухай санагдаж
Эргэж харахдаа уцаарлан
Ээдэж анх ухаан суусан
Эргэх хорвоогийн талаар
Эсэргэн бүхнийг амсаад
Эргүү арилах насандаа
Элбэрэл хайраа санахдаа
    Ээжээ ээжээ хэмээх
    Энэ л муухай хүний
    Энгэрт нь нэг тэврүүлж
    Эмтэрч анх хайр төрсөн

Ээжээ би таньд хайртай !
Би энэ хорвоод ээжээ гэж дуудах нандин эрдэнэтэй болж, харин та минь ээжээ гэж дуудуулах амин эрдэнэтэй болсон...


Сайн байна уу?  Хайртай хонгорхон ээж минь, амьдралын баяр баясгалан минь ээ. Таньдаа олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе!
Энэ хорвоо ертөндөд зөвхөн таны охин болж мэндэлсэндээ би хязгааргүй их баярлаж бурхандаа талархадаг. Таны үнэр, таны дуу хоолой, таны инээмсэглэл, таны үгс, таны үйл хөдлөл, таны харц тань цаанаа л нэг уян зөөлөн хайр шингэж, ухаарал бэлэглэсэн байдаг. Охин нь таниараа дэндүү бүр дэндүү ихээр бахархадаг. Аминаас тань тасарч амь болсон гурван охиноо гүнж мэт хайрлаж, хайртай ханиа хаан мэт дээдэлж эгэл жаргалтай гэр бүлээ хатан ухаанаараа залж чиглүүлж авч явдаг хатан ээжээрээ үргэлж бахархаж явдаг шүү охин нь...

    Хаяа би таныхаа ярьдаг түүхийг эргэж нэг санадаг бас харуусдаг. Үгүй ээ харуусаж шаналахаасаа илүүгээр таниараа бүр дэндүү ихээр бахархадаг, сэтгэлийн тэнхээг тань гайхдаг.
Эхийнхээ ангир уургаасаа ч салаагүй байхдаа хайртай ээжээсээ өнчирч эхийн хайр халамжийг мэдэрч өсөөгүй ч өдий зэрэгтэй сайн хүн болсонд тань бахархаж байна.

Та минь эхийн хайраар дутаж өссөн тэр хоосон зайгаа үр хүүхэд биднээрээ нөхөх гэсэн шиг охидуудаа дэндүү ихээр хайрлах юм. Гэхдээ таньд минь хорвоо тийм ч хатуу хандаагүй ээ. Таныг минь эхийн хайраас өөцгүйгээр эцгийн бас эгчийн хайраар өсгөж  хүний дайтай хүн болгосон хүмүүс бол тэнгэрийн орноос биднийгээ харан суугаа хайртай өвөө минь, хайртай нагац эгч нар минь билээ. Та гуравтаа баярлалаа гэдэг үгийг хэлэхийг хүсэж явдаг хэдий ч нэг ч удаа хэлж байгаагүй уучлаарай...
Одоо би чангаас чанга, тодоос тод, нүүр бардам та гуравтаа БАЯРЛАЛАА гэж хэлье.  Миний ээжид бас надад амьдрал бэлэглэсэн хайртай өвөөдөө, нагац эгч нартаа, сэтгэлийн минь гүнд, төсөөлөлд минь орших Эмээдээ баярлалаа.

Таны Отгон охин чинь таны үргэлжлэл харин би Отгон охины тань үргэлжлэл....

Таны хайртай охин Агиймаа-с
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.