Хүү минь

   Эмэгтэй хүн болж төрөхийн үнэ цэнэ гагцхүү эх хүн болоход оршино. 

    Хүүгээ хэвлийдээ тээгээд хөдөлтөл нь дөрвөн сар хоолойгоор ус, баахуу, хар талхнаас өөр зүйл давахгүй, 57 кг-аас 49 кг болтлоо турж, олны хэлдэгээр нүднээс гарч, жорлон тэвэрч хэвтсэнсэн. Шөнийн гурван цагаас хойш нойр хүрэхгүй хөрвөөсөөр арайхийн үүр цайлгана, өндийх гэхээр толгой эргээд босох, алхах ч тэнхээгүй байлаа. “Давахгүй нь дээ” гэсэн бодол толгойд минь хэд хэдэн удаа эргэлдсэнсэн. Нэг гэрээс гарахад намар болж навчис шарлаж, шаржигнаад зун байгаагүйсэн билүү гэсэн бодол толгойд эргэлдэж, дахин нэг гэрээс гарахад өвөл болж цас хаялаад намар байгаагүйсэн билүү гэсэн бодол толгойд эргэлдэж байлаа. Бөөн бөөн гуниг, бас хүлээлтийн дунд өнгөрсөн сарууд нэг л өглөө төгсгөл болж өмнөх орой хэвлийг минь маажих шиг болсон мэдрэмж үнэн болж, түлхэх жийх мэт хөдөлгөөнийг үр минь хийж билээ. Цээжинд бугласан тэр бөглөө нэгэн өглөө мултраад аяга аягаар нь цай залгилж, таваг тавгаар нь хоол идмээр мэдрэмж төрж, дэндүү их өлссөнөө тэгэхэд нэг мэдэрч билээ. 

    Хүүгээ олдсон эхний саруудад сардаа гурваас дөрвөн удаа, сүүлдээ нэг удаа эход харуулж яаж өсч том болж байгааг нь ажиглана. Эход харуулсны дараах хэдэн өдрүүдэд аз жаргалаар бялхаж, хүүгийнхээ ирээдүйн тухай төсөөлнө, бодно, мөрөөднө. Таван сартай байхад нь 4D эход харуулж “хоёр гар, хоёр хөлийн хуруу бүрэн, эрхтэн бүрэн, хүү байна” гэж эмчийн аяархан хэлсэн үг одоо ч чихэнд минь тодоос тод сонсогдож байна. Ингээд хэвийн өсч байгаа ээж хүү хоёр үүрэгт ажлаа хийж, өглөө оройдоо хальтарч уначихгүй шиг тэмтчин байж гэртээ харьдаг байлаа. Оройн хоолны дараа, унтахын өмнө, өглөө сэрэхэд хэвлий дотроо их тонгочноо, миний хүү. Ээжийгээ ажил ихтэй байж ядрахад гэдсэндээ чангарч хатууран сандаргана, за тэгээд ер нь эсэргүүцлээ бол үе үе маш сайн илэрхийлнэ шүү. 


   



    Хаврын урь орсон нарлаг сайхан нэгэн өдөр гарч хэсмээр, зугаалмаар, хаашаа ч юм явмаар, элдэв янзын амт мэдэрмээр тийм хачирхалтай мэдрэмж төрж, бүтэн өдөржин явсаны маргааш өвдөлт өгч эхэллээ. Эмчийн товлосон хугацаанаас зургаа хоногийн өмнө төрөх гэж байлаа. Арав арван минутын зайтай өвдөх тэр өвдөлт хоёр гурван цагийн дараа тэсэхийн аргагүй болж, ус нь гарсны дараа бүүр тэсэхийн аргагүй болж, төрөхийн орон дээр дөрөв таван удаа гаран буун байж таван эмч, хоёр сувилагчийн хамт арайхын хоёр яс салж би гэдэг хүн биенээсээ бие, амьнаасаа амь тасдан байж хүүгээ төрүүллээ. Тэр их өвдөлтийн дараа “дахиж төрөхгүй” гэсэн амлалтыг олон эмэгтэйчүүд өгдөг шиг бодол толгойд ер буусангүй, харин ч эсрэгээрээ “дахиж төрнө дөө” гэсэн бодол тээн төрөхийн орон дээр хоёр цаг хэвтлээ. 

    Дөнгөж төрсөн улаан нялзрай, үгүй ээ үгээр илэрхийлэхийн аргагүй хөөрхөн тэр бяцхан үрийг минь гэдсэн дээр минь шууд гаргаад тавих тэр агшин тархинд минь тодоос тод бичигдэн бас л үлджээ. Төрөх тэр аймар өвдөлтийг мэдрэх үед гараагүй нулимс, төрсний дараа өрөөнд ижийг минь орж ирэхэд барилтгүй асгарсансан. Ээж болсон хүн ээждээ эрхэлж байгаа нь тэр. Хүүг минь энэ орчлонд мэндлэхэд надаас өрсөж аав нь харсан юм. Яг л аав гээд эмч нар дуу алдан магтана. Би гэдэг хүн нэг л амгалан, хөнгөн, тайван болсон тэр мэдрэмжийг мэдрээд баатарлагаар хэвтэж байсансан.

    Хэдхэн хоногийн өмнө “ээдээ, ээдээ, ээдээ” гээд хүүгээ орилохыг сонсоод хоёр нүднээс минь нулимс асгарч, энхрийхэн үрээ дэндүү ихээр хайрлах мэдрэмжийг мэдэрлээ. Одоо хүү минь том болсон ээжийгээ ганцаардахад хань, гансрахад түшиг нь болсон. Уйлахад нулимсыг минь арчиж, уйтгарлахад араас минь тэвэрдэг болсон. Хүүгээ өвдөхөд өр минь өвдөж, өлсгөчихвий гэж сүүгээ эвлүүлсээр өнгөрүүлсэн зуу зуун өдрүүд шуурга мэт хийсэн одож эр өсч, эсгий сунаж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
бүсгүй (103.26.195.77) 2015-08-31 15:45:36
Сайхан шүү ккккк
key (112.72.11.107) 2015-08-25 19:40:47
gaihaltai