Д.Болортуяа: Эмэгтэй хүн яг л өргөст сарнай шиг

Манай улсад дрифт шоунууд их болдог. Гэхдээ оролцож буй оролцогчлын хувьд дандаа залуус оролцдог. Харин тэдэн дунд өөрийн зориг, чадвараа гайхуулан яваа нэгэн бүсгүй бол Д.Болортуяатай билээ. Өнгөрөгч ням гаригт болсон Skytel компаны D20-н нэрэмжит дрифт шоунд оролцохоор ирсэн эмэгтэй дрифтчин бүсгүйтэй цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
Сайн байна уу. Намайг  Болортуяа гэдэг. Одоо 22 настай, Raffles International Institute-д эдийн засгийн чиглэлээр сурдаг. Одоо төгсөх курсийн оюутан.

-Энэ тэмцээнд хэр бэлтгэсэн бэ? Оролцоход бэлэн үү?

Уг нь үзээд  алдъя гэж бодсон боловч миний автомашинд бага зэргийн гэмтэл гараад оролцох боломжгүй болчихлоо. Гэхдээ найзуудыгаа дэмжинэ дээ.

-Та аль клубд харьяалагддаг вэ. Хэр удаан хугацаанд дрифт хийж байна?
Би “I drift club”-ын гишүүн. Би чинь 2008 оны жолооч ш дээ. Тэгээд 2010 онд энэ автомашинаа аваад байхад “I drift club”-с санал ирээд тэнд харьяалагдах болсон. Ерөнхийдөө 2010 оноос хойш дрифтээр хичээллэж, дрифт хийж байна.

-Өмнө нь уралдаан тэмцээнд хэр их орж байсан бэ. Таниас өөр эмэгтэй дрифт хийдэг хүн байдаг гэж сонсож байсан?

Миний хамгийн анх оролцсон тэмцээн бол “Drift King”. Энэ тэмцээний анхны эмэгтэй оролцогч болсон юм. Нийтдээ гурван тэмцээнд оролцсон. “UB Night Drift”-т оролцож гуравдугаар байр эзэлсэн. Монголдоо би анхных нь. Сүүлд нь Ганаа гэж охин дрифт хийж сурч байгаа гэсэн. Монголдоо гэвэл бид хоёр л байгаа. Дэлхийд бол олон бий. Ялангуяа Японд энэ спорт үүссэн учир эмэгтэй дрифтчид олон байдаг.

-Хоёулаа яриагаа Болороо гэж хувь хүний тухай чиглүүлье гэж бодлоо. Та хэр эмэгтэйлэг вэ?
Ер нь эмэгтэйлэг шүү. Эмэгтэй хүн зоригтой, ухаантай, өөртөө итгэлтэй бас эмэгтэйлэг байх хэрэгтэй гэж боддог. Өөртөө итгэлгүй өөрийгөө илэрхийлж чадахгүй эмэгтэй хүнийг сул дорой эмэгтэй гэх байх гэж боддог.

-Эмэгтэй хүнийг юутай зүйрлэх вэ?

Эмэгтэй хүн яг л өргөстэй сарнай шиг юм болов уу? Өргөстэй гэдэг нь ааш араншинтай бол араншинтай, уур уцаартай. Харин сарнай бол хэний ч нүдэнд сайхан үзэсгэлэнтэй харагддаг цэцэг шүү дээ. Тиймээс эмэгтэй хүн ч ялгаагүй яг л улаан сарнай шиг гэж боддог.

-Өөрийгөө цөөн үгээр тодорхойлбол?
Зоригтой тэвчээртэй, өөртөө итгэлтэй, эмэгтэйлэг, ухаантай

-Таны гарын хоол ямар хоол вэ? Гэрийн эзэгтэй болж амжсан уу?

Миний гарын хоол цуйван. Хаана ч байсан цуйванг сайхан хийчихнэ шүү. Одоогоор хүнтэй гэрлээгүй. Гэхдээ найз залуу байгаа. Өөрийгөө сайн гэрийн эзэгтэй болно гэдэгт итгэлтэй байдаг.

-Дрифт хийж сурах чин хүсэлтэй охид залууст юу гэж зөвлөх вэ?

Өөрөө дрифт хийх чин хүсэлтэй, зоригтой байх хэрэгтэй. Мөн ямарваа нэг эрсдэл гарахад хүлээх чадвартай, өөрийн гэсэн автомашинтай байх ёстой. Мөн автомашин чинь механик кроптой байх хэрэгтэй. Дрифт хийхэд механик автомашин илүү амар байдаг. Мөн ард талаа түгждэг байх, хойд хэсэг нь эргэдэг зориулалтын байх, турбо хөдөлгүүртэй байвал сайн гээд шаардлагууд байдаг.

-Хүн бүрт хүмүүст чин сэтгэлээсээ хэлэхийг хүсдэг өөрийн үг байдаг шүү дээ. Таны хувьд?
Ер нь хувь хүн өөрөө хичээж чадвал амжилт цаанаасаа л гийдэг. Тийм болохоор аливаа юманд тууштай, зоригтой байгаарай бүсгүйчүүдээ!

Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа.
 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.