“Эх дэлхийн эмэгтэйчүүдийн Оройн дээд Монгол хатад”

Олон жил гэртээ ном сахиж, хөдөө нутгаар хөлөө цуцтал бэдэрсэн эмэгтэйн чин хүсэл өндөр заяат Монголчууд өвөг дээдсийнхээ агуу их билэг оюуны гайхамшгийг мэдрээсэй, мэдээсэй гэсэн ганцхан хүсэл. Тиймээс ч тэрээр “Өндөр Гэгээнтэний цадиг, Адистэд урлаг аврал” номоо мянган номын хуудас шүүж, зуу зуун бээр газарт өөрийн бие сэтгэлээр хүрч, түмэн удаа судлан шинжилсний эцэст мэргэн цэцэн ардынхаа гар дээр хүртээл болгожээ.

“Ариун номын орон” Монголын гэгээрэл бясалгалын төвийн тэргүүн Н.Оюунчимэг та энэ номоо бичих болсон түүхээ хуучлаач?

Агуу их түүхийн орон зайн цадиг  болсон  удирдагчдын талаар одоогийн хүмүүс хуран 2005 оны 7 дугаар сарын 6-ны өдөр чуулж “Өндөр Гэгээнтэн Занабазарын түмэн өлзий гийсний  370 жилийн ойд” зориулан эрдэм шинжилгээний бага хурал хийвээ.  Энд би Дамбын Шагдарсүрэн гэж радиогийн сэтгүүлч, мундаг хүнтэй танилцсан юм. Тэр босч ирээд “Одоогийн соёлжсон боловсорсон гэх хүмүүс бид, их хүмүүсийн өвийг харгалдуулан хоёр их хутагтын үйл хэргийг жижигрүүлж, одоо хүртэл Төв халх, баруун ойрдоор талцан оюун санааны хоосрол, уйвагүй хийрхлээр мунхран зүтгэхийг нь харахад сэтгэл зүрх эмзэглэнэм, гунигтай” гээд л цээжний гүнээсээ хэлсэн үг нь миний ой тойнд, өнөөх сэтгэлийн мухар гэгчид хүрсэн юм. Ингээд л Өндөр гэгээнтнийхээ тухай үргэлжлүүлэн судлах аян зам маань дахин нээгдсэн. Үнэхээр л соёлжсон боловсорсон хүн бол нэг түүхээс нөгөө түүхэд гэгээрч байх ёстой бишүү. Өндөр Гэгээнтэнийхээ бүтээсэн түмэн зүйлийн ариун  авралд нь хүн бүхэн багтаасай гэсэн хүслийг минь Шагдарсүрэн ах хөглөж өгсөн юмаа.

Ингээд таны номын аялал эхлэв үү?

Бусдад өглөг өгөх төрөлх зангаараа өдрийн сайныг тохион хүүгийнхээ найзуудыг урин цайлж, түгээл өргөөд 2008 оны 8 дугаар сарын 23-ны өглөө Ширээт цагаан нуурыг зорьлоо.  Говь, хээр, хангай хосолсон аргагүй л сайхан энэ нутагт ирээд Ширээт цагаан нуур, Их Монгол уулын тухай сэтгүүлч Д.Шагдарсүрэн ахын амаар хэлүүлсэн баримжаагаар охиныхоо хамт явган аялалд гарсан юм.  “Их Монгол уул” шүлэг:

Өлмий дор мөнх ногоон арц хөглөрнө

Өндөр  Богдын минь сэвлэг юм билээ гэсэн Шагдарсүрэн ахын мөртүүд байн байн сэтгэлд буугаад л тэр зун хур бороо ихтэй байсан болохоор Их Монгол уул, Ширээт цагаан нуураа олж очиход өнгө зассан бургас, улиас, хар модоор тойрон хүрээлүүлэн үнэхээр гайхамшгийн орон шиг байж билээ.

Номонд тань бурхадын дүр их харагдаж байна?

Би Бурхан шашны гүн ухааны судлаач багш мэргэжилтэй. “Аугаа их түүх соёл нь урлаг урлал хэмээх мөнх ертөнцөд дархжин үлддэг хэмээн боддог”. 2005 онд “Өндөр Гэгээнтэний амьдрал уран бүтээл” номондоо Өндөр Гэгээнтэний урласан аугаа мутрын бурхадын лагшин дүрийг төрөлжүүлэн эмхэлж “Боловсролын их сургууль”-д шинжлэ ухааны магистр хамгаалсан. Ер нь бурханы ном гэдэг цаг нь болж чанар нь гүйцээгүй бол эвлэж өгдөггүй юм билээ. Өндөр Гэгээнтэний мөрөө үлдээсэн “Есөн зүйл”, “Ширээт цагаан нуур”, Амарбаясгалант, “Өндөр Гэгээнтэний намтар цадигийг” анхлан сударласан наран адислалт Халхын анхны Зая бандид Гэгээнтэний нутаг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Мухар Хужиртын рашаан зэрэг газраар өөрийн хоёр хөлөөр бидрэ явж аян замын тэмдэглэл хийж, очсон газар болгоны зургийг авах зэргээр ажиллаж байж сая ном маань бүтсэн.

Монголчуудын Сэрэхүй, мэдрэхүй их урлал, бүтээлийн үнэ цэнийг Монгол хүн бүрт хүргэхийг зорьсон.

Өндөр Гэгээнтэний алдрыг сонсох төдийгөөр хийрхэн магтах бус эсвэл барьцалдаж муушаах бус Гэгээнтэний аврал адистэдийг урлагаар нь дамжуулан ойлгоход орших юм.

Таны ном найман бүлэгтэй, сүүлийн бүлэг нь их сонин түүхтэй бүтсэн гэж байсан?

Өндөр Гэгээнтэнийхээ урлалын дээд 21 Дара эхийн бүтсэн мөн чанарыг “Хүн ёс дагаж, хүүхэд удам дагадаг”-ийн жам ёсны мөн чанараас нь хайх нь дотор сэрэхүй оюун санаа минь хэлээд байсан. Өндөр Гэгээнтэн 21 Дара эхээ бүтээхдээ:

-Монгол хатадын бүхий л эрдэм чанар бүрдсэн элбэрэлт ижий Ханджамцтаны ачийг хариулах , Эх -Монгол түмэнээ сахиуслан харж хамгаалах хайраас бүтсэн гэж ухаардаг.

Таныг Өндөр Гэгээнтнийг судлаж, ном бичиглэсэн анхны эмэгтэй гэж ойлгож болох уу?

Өндөр Гэгээн Занабазарын билэг билгүүнийг эрэмбэлсэн хүн гэж ойлгож болох юм.

Нэгэнт та Монгол түмнээ Монголоороо үлдээсэй гэж энэ номоо мутарлажээ. Тэгвэл та өнөөгийн цаг үеийн байдал, хүмүүсийг хараад үе үехэн гунигладаг байх?

Би хавар нэг их гунигласан юм. Гэхдээ энэ харамсал бөгөөд гэгээн гуниг байсан. Учир нь Монгол уламжлал, хүмүүжил алдагдсаар л байна. Эмэгтэйчүүд бид хүртэл ахуй амьдралаа авч явж чадахаа байжээ.  Гэртээ оройтож ирээд хам хум унтаад л, өглөө босоод эргээд гүйдэг. Энэ алдагдсан уламжлал л өнөөгийн бидний зөрчил болоод байна. Монгол хүмүүжил гэдэг бол өглөө эртлэн босч,  цайныхаа дээжийг өргөөд, нарнаасаа энергиэ авдаг. Ийм хүмүүс ухаан нь эрүүл саруул, ахуй амьдрал нь тэгширчихсэн, ард түмнийхээ язгуур үзлийг үргэлжлүүлэн сахидаг мундаг хүмүүс байдаг. Би хориод жилийн өмнө оюутан байхдаа нэг нийтлэл бичиж байлаа. Эр хүн эм хүнд түшигтэй, Их Монголдоо түшигтэй.  Европ боловсролтой хүмүүс эмэгтэй хүнээ урдаа оруулж хүндэлдэг, тэгтэл Монгол эрчүүд халхайчихаад л эмэгтэйнхээ урд нь ороод явдаг.  Энэ нь бүдүүлэгтээ биш, ертөнцийн буруу зохилдолгоот энергийг хаахын тулд эр хүн нь урдаа гарч алхдаг. Ингээд л эхнэр хүүхэд нь галуу шиг араас нь дагаад алхдаг, энэ чинь л Монгол соёл Монгол уламжлал юм шүү дээ. Гэтэл үйлдэл, үг бүр нь ухаантай учиртай энэ сайхан заншилыг алдаж гээгээд Монголоо алдах гээд байгаад нь л би гуниглаад байх юм даа.

Нээрэн тийм шүү. Энэ бүхнийгээ мэдээж та номондоо шингээсэн байхаа.

Энэ номын маань хуудас бүр, үг бүр зөвхөн үүний төлөө л зориулагдсан. Монголоо мэдэж Монголоороо байгаасай.  Гэтэл би энэ номныхоо үг бүрийг судалгаа шинжилгээ хийж, бэдэрч байж бичсэн. Ерөөс Өндөр Гэгээнтэний тэргүүн урлал нь хорин нэгэн Дара эхээр төсөөлөгддөг, Хатан язгуур үндэс сахисны мөн чанар, хатан билгэ санаа биелэлээр Өндөр Гэгээнтэний сэтгэлгээний эрх чөлөөний аврал, шүншгээр Монгол төрийн гал голомтоо эгүүрд манасан, сахисан, бадраасан хатан сахиуст хорин нэгэн Дара эхийн энэрэл хайр, өмгөөллөөр өөрийн номоо жаргаасан юм.

Ярилцлагаа ч бас энэ их хайр энэрэл, өмгөөллөөр жаргаах уу?

Наран ургах зүгт цайгаа дээжилж өргөсөн Миний Монгол Хатад

Саран гийх зүгт сүүгээ залбирч өргөсөн Миний Монгол Хатад

Гариг эрхэст гайхамшгийг бүтээж  Гал голомтоо хамгаалж сахисан Миний Монгол хатад аа, Хурай Хурай Хурай...

Хурай, Хурай, Хурай... Номын цагаан буян дэлгэрэгээ. Бид дараагийн удаад уншигч бүсгүйчүүдийнхээ гэгээн оюунд зориулан уг номын наймдугаар бүлэг “Хатан сахиуст хорин нэгэн Дара эх”-ийг цувралаар хүргэх болно.  Тунгаан болгооно уу?

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.