Хайрын увидас

Хайр... хөнгөхөн гуниг, хэмжээлшгүй жаргал, бас инээдийг бэлэглэх. Сонин увидастай. Таахын аргагүй. Бас хариу хайраас өөр эдгээх эм үгүй.

Энэ дэлхий дээрх элдвийн нууцаас эхлээд гариг эрхсийг судлан таньж, саран авхай дээр хүртэл бууж үзсэн хүчирхэг хүн төрөлхтөн гагц хайр гэгч тэр харагддаггүй, баригдашгүй зүйлийн өмнө өөрийн эрхгүй өвдөг сөхрөх нь гайхалтай. Бас сонин.

Элдэв төрлийн аймшигт өвчнөөс сэргийлэх вакцин гаргасан атлаа сэтгэл зүрхийг өвтгөн байж ядахад хүргэдэг хайраас сэргийлэх вакциныг л олж чадсангүй...

Огт танихгүй хэн нэгэнд зүрхээ өгчихөөд сэтгэлээ өвтгөх... Зовлонтой жаргал, жаргалтай зовлон... Цаг хугацаатай уралдан амьдрах байтал харин ч хором, мөч бүхэнтэй уралдан түүнийгээ л бодох... Хайр үргэлж дэргэд байх ажээ...

Tаны хамгаас хайртай хүн гарыг чинь барьж, зүрхийг чинь жаргааж байна уу. Тэгвэл та азтай хүн юм. Түүнийгээ гомдоохгүйн төлөө, хайрыгаа хөргөхгүйн төлөө дөлгөөхөн инээмсэглэж, дулаахан хайраар үргэлж төөнөж яваарай. Учир нь хайр гэдэг ирсэн шигээ амархан буцаж мэдэх эмзэгхэн цэцгийн дэлбээ юм шүү.

Харин энэ өдөр хажуудаа тэврэх хүнгүй ч хаа нэгтээ байгаа хэн нэгнийг үгүйлэн суугаа нь ч бий. Та ч бас азтай хүн юм. Хэзээ нэгэн цагт таны чихэнд хайртай гэх нандин үгийг шивнэх тэр нэгэн танд ойртсоор л байгаа. Дэргэдээ байгаа жаргалтай хосуудад атаархах өдөр өнөөдөр ч, дэндүү их хайраар чамайг хөтлөх тэр өдрүүд маргааш ирнэ гэдэгт итгээрэй. Гагцхүү та өөртөө итгэлтэй, өөдрөг байгаарай.

Xүн бүхэн хайраар гэрэлтэж, сэтгэлийг тань татсан хайртай хүн чинь баяраар бялхаж байх болтугай. Энэ хорвоо дээр хүмүүн заяаг олон амьдарч буй зургаан тэрбум хүнээс ганцхан таныг л хайсаар ирсэн дур булаам бүсгүйгээ, сэтгэл татам залуугаа хайраар бүү дутаагаарай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.