Уучилж хайрла

    Хайрлахын эсрэг утга “үл тоох” юм. Хайртай түүндээ шалтгаантай бас шалтгаангүйгээр гомдож туних явдал бидэнд бишгүйдээ л байдаг. Анх мэдэрсэн хайрын тэр гэгээн сэргэг мэдрэмж аажимдаа замхарч холдож байгаа мэт санагдахад, магадгүй ганцхан намайг л хайрладаг гэж итгэж явсан тэр минь өөр нэгнийг сонжин шохоорхохыг анзаарах тэр агшин бол гомдлын гунигт хэлбэр. 


    Ийм л нэгэн гунигт мэдрэмжийг мэдрээд хэд хоног утсаа нээлгүй, гэрээс гарч орохоосоо ч төвөгшөөн орондоо хэвтсэнсэн. Сайхан дурсамжуудаа бодоод бүхнийг анзаараагүй мэт өнгөрөөх, үнэн гэж бодсон өөрийн бодолдоо найдаад бүхнийг дуусгах гэсэн хоёр сонголтын өмнө өөрийгөө зогсож байна гэж төсөөлөөд л ... Ер нь эмэгтэйчүүд бид юмыг дэвэргэж, сүр оруулан төсөөлж, хийсвэрлэн бодох чадвар өндөртэй хүмүүс.

    Ингээд бодоод л бодоод л, шаналаад л шаналаад л байлаа. Хаалга хэн нэгэн тогших чимээ гарч үүд нээхэд өөдөөс сагс дүүрэн сарнай тэвэрсэн нэгэн “үүнийг танд” гэж өгөөд, ум хумгүй алга боллоо. Сагстай цэцгээ арайхийн дааж ядан гэртээ оруулаад эргүүлж, тойруулж их л ажиглав. Сэтгэлийн гүнээс баяр баясал мэдрэгдээд, хөөрч байлаа, би. 99 сарнайн дотроос жижигхэн дугтуйтай захидлыг дэлгэн үсэглэн байж хэд хэдэн удаа уншлаа. “Би ганцхан чамд л хайртай” гэсэн бичиг байлаа. Хоёр нүднээс нулимс асгарч, төөрч явсан бодлууд хормын төдийд замхарч, түүнрүүгээ гүймээр, очмоор, тэвэрмээр тийм л мэдрэмж, бодол толгойд орж ирсэн юм. Утсаа нээтэл “Би явлаа, удахгүй уулзъя” гэсэн мессеж. Яг л зүүд шиг. 

    Бид ялих шалихгүй жижиг зүйлс, андуу бодол, хийсвэр төсөөллөөсөө болж хайртай хүнээ, хань ижлээ гомдоож өөрийгөө болон бусдыг сэтгэлийн зовлонд унагах хэрэг юун. Хайран хамтдаа сайхан байх цаг хугацаа. Арга учрыг нь олж болдоггүй, шийдэж болохгүй зүйл гэж амьдрал дээр байхгүйсэн. Уучилсан хойно эргээд бодоход “уучлал” хамгийн зөв сонголт байсныг мэдэрдэг. 

    Ямар ч их гомдол цөхрөл, гутрал гунигийг эдгээх ганцхан л зүйл байдаг. Тэр бол “уучлал”. Хайртай түүнийгээ “уучил”, түүндээ боломж олго. Уучилж хайрласан хайр хамгийн урт настай. Өнгөрсөн бүхнийг мартаж хамтдаа ирээдүйрүү хөтлөлцөөд алх. 

    Хайр бол нэгнийгээ унахад түшиж босгоод, хамтдаа байхын нэр. Хайр уучлахдаа шалтгаанаа тоочдоггүй сэтгэл. Хайр нэгнээ хүндлэх итгэлцэл. Хайр хааяа холдохдоо эргэж тэмүүлэх тэмүүлэл. Хайр хаана ч байсан үгүйлэн санах энэрэхүй. Хайр хатуу үгийг мартахуй, үнэн үгийг санахуй. Хайр халамжаар илэрч, талархлаар сүлэгддэг хамтын амьдралын дээд нь юм шүү. Уучилж, уучлуулах хайртай хүнтэй байх сайхан. 




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.