Дэлхий дээрх хамгийн шилдэг “10” арлын жагсаалт

Дэлхийд танигдсан аялалын “цахим” хөтөч болсон “www.TripAdvisor.com” сайтаас дэлхий дээрх хамгийн шилдэг дараах “10” арлын жагсаалтыг танилцуулжээ.

АНУ-д төвтэй тус сайт 2000 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэхүү жагсаалтыг дэлхийн өнцөг булан бүрээс холбогддог сайтынхаа үнэнч хэрэглэгчдээс авсан санал асуулгад үндэслэн гаргажээ.

10. Нуси Би, Мадагаскар / Nosy Be, Antsiranana Province
Энэхүү арал нь Мадагаскарын баруун хойд хэсэгт орших үзэсгэлэнтэй арлуудын нэг бөгөөд хамгийн томоохонд тооцогддог төдийгүй жуулчдын хөлд ихээр дарагддаг газар юм. Гайхамшигтай анхилам үнэртэй арал ч гэж нэрлэдэг энэ газар галт уулын гаралтай бөгөөд галт уулын гаралтай үзэсгэлэнтэй 11 нуураар хүрээлэгддэг байна. Түүнчлэн энд дэлхийн хамгийн жижигхэн мэлхий нутагладаг ажээ.

9. Ийстер, Чили / Easter Island, Chile
ЮНЕСКО-гийн “Дэлхийн үнэт өв”-д бүртгэгдсэн Ийстер арлыг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэгээр нэрлэдэг ч зарим эх сурвалжид шөнийн цагаар айдас төрүүлэм газраар дурьдах нь бий. Ямартаа ч Номхон далайд орших Чили улсын алдартай энэхүү арлыг зорих жуулчид маш олон байдаг. Арлын нэрийг Недерландын аялагч Жэйкоб Рогевинь өгсөн ба түүний арал дээр ирсэн тэр өдөр Улаан өндөгний баяр тохиож байсан учраас “Easter Island” гэжээ.

8. Ко Тау, Тайланд / Koh Tao, Surat Thani Province
Яст мэлхий шиг хэлбэртэй харагддаг учраас ийнхүү Ко Тау буюу Яст мэлхий арал хэмээн нэрлэсэн Тайландын үзэсгэлэнт арлыг жагсаалтын №8 дугаарт жагсаажээ. Энэхүү арал нь усны ертөнцийн гайхамшигт ертөнцөөрөө алдартай бөгөөд усанд шумбахаар эндэхийг зорих хүмүүс олон ажээ.

7. Мүүра, Франц / Moorea, Society Islands
Галт уулын гаралтай Мүүра / Мүүрие арал нь Полинезийн арлуудын нэг болох Тахитигийн газар нутагт хамаарагддаг бөгөөд арлын нэр нь эндэхийн уугуул иргэдийн хэлэлцдэг Тахити хэлээр “Шар гүрвэл” гэсэн утгатай юм байна. Энэхүү үзэсгэлэнт арлыг зорьсноор байгалийн гайхамшигт тогтоц бүхий уул нурууд, хүрхрээгээр аялахын зэрэгцээ хан боргоцойн шүүсний үйлдвэрээр зочлох боломжтой. Түүнчлэн морь унаж, дэлгүүр хэсэхээс гадна салхи татуулан давхиж, уулын бартаат замаар зугаалах зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд бий.

6. Айла Мюүжерэс, Мексик / Isla Mujeres
Испаниар “Island of Women” хэмээн нэрийддэг энэхүү арал нь Мексикийн Кинтана Ро мужийн нутаг дэвсгэрт хамаарагддаг ба 1000 гаруй жилийн турш Маяачуудын бурхан Икскалын адисласан дагшин газар байжээ. Энд ирснээр устаж мөхөх аюулд өртөөд байгаа өхөөрдөм яст мэлхийнүүдийг харж, аварга халим ба дельфинтэй аялалд явахын зэрэгцээ элсний воллейбол тоглож, нутгийн иргэдийн сонирхолтой домог яриаг өрнүүлэхээс гадна гольфийн унаа түрээсэлж, гольф тоглох ч боломжтой ажээ.

5. Садорини, Грек / Santorini, Cyclades
Грекийн эх газраас зүүн урагш 200 км зайд сунаж тогтсон Садорини арлыг албан ёсоор Тира хэмээн нэрлэдэг ба энэ нь галт уулын тогооны үлдэц бүхий өвөрмөц тогтоцтой бүлэг арал юм. Энэхүү арал нь “BBC” болон “Travel + Leisure” сэтгүүлээс нэрлэсэн шилдэг арлуудын нэг бөгөөд усан үзмийн дарс, газар тариалангаараа дэлхийд танигдсан юм. Гэсэн хэдий боловч ямар ч гол горхигүй хуурай уур амьсгал зонхилдог уг арал дээр ундны усны асуудал багагүй хурцаар тавигддаг гэнэ.

4. Сэнь Хуан, АНУ / San Juan Island, Washington
Энэ нь Вашингтон мужийн газар нутагт харъяалагддаг дөрвөн бүлэг арлын нэг бөгөөд хүн ам олноор суурьшсан №2 дахь хөл хөдөлгөөнтэй арал гэнэ. Арал дээр олны танил алдартнууд амьдрах нь түгээмэл бөгөөд Америкийн мэргэжлийн бөх Лиза Моретиг онцлон дурьдсан байна. Сэнь Хуан арлыг 1791 онд олж нээсэн бөгөөд яргай загасны ангаас эхлээд олон зүйлийн жигүүртэн, ан амьтдаар баялаг фермер, аялал жуулчлал хөгжсөн газар юм байна.

3. Бора Бора, Франц / Bora Bora, Society Islands
Франц улсын Номхон далай дахь үргэлжлэл болсон Бора Бора арал нь далайн үзэсгэлэнг цогцлоосон тансаг зэрэглэлийн амралтын газруудаараа алдартай юм байна. Энэхүү арлыг зорин ирснээр далай дунд баригдсан “бунгало”-д тухлан амрахын зэрэгцээ далайн гүний үзэсгэлэнг тольдохын сацуу аварга халим хооллох зэргээр усны ертөнцийг танин мэдэх боломжтой юм.

2. Гэгээн Жон, АНУ / Saint John, U.S. (Virgin Islands)
Байгалийн гайхамшигт тогтцыг тэр хэвээр нь хадгалж аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлсэн гэгддэгээрээ алдартай энэхүү арал нь хосуудын бал сараараа зорин ирэх дуртай “Топ” газруудын нэгт ордог бөгөөд U.S. Виржиний бүлэг арлуудын өртөг өндөртэй, хамгийн чинээлэг арал юм байна. Энэ ч утгаараа баячууд олноор ирдэг ба Карибын тэнгисийн “Беверли Хилз” гэдгээрээ дэлхий дахинаа танигджээ.

1. Эмбергриз Ки, Белиз / Ambergris Caye, Belize
Эмбергриз нь арлын орон Белизийн томоохонд тооцогддог үзэсгэлэнтэй арал бөгөөд уртаашаа 40 км харин өргөөшөө 1.6 км сунаж тогтсон байгалийн гайхамшигт газар ажээ. Арлын нэр нь “кашалот” халимны хоол боловсруулах эрхтнээс гарсан хар бараан, саарал өнгөтэй шатамхай чанар бүхий хатуулаг бодисын нэр бөгөөд эрэг орчмоор ийм зүйлсийг олонтаа харах ажээ. Кашалот нь шүдэт халимны төрлийн хамгийн том төрөл зүйл бөгөөд хамгийн том тархитай (7 кг) амьтан юм. Арал дээрх аялал жуулчлал 1970-аад оноос хөгжиж эхэлсэн ба энд ирснээр дэлхийн №2 дахь шүрэн арлыг үзэхээс эхлээд олон гайхалтай газруудаар аялангаа амрах боломжтой юм байна.  


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.