Зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн анхны спортын цогцолбор нээгджээ

Та гайхаж байна уу? Зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн анхны спорт цогцолбор нээгджээ. Исламын шашны хатуу ёс жаягийг баримталдаг Саудын Араб улсад эмэгтэйчүүдэд зориулсан спортын анхны цогцолбор нээлтээ хийсэн тухай AFP мэдээлсэн байна. Тэдний уламжилснаар Аль-Хобар мужийн төвд байгуулагдсан спортын цогцолборт эмэгтэйчүүд карате, иог, бялдаржуулах болон бусад спортын төрлөөр хичээллэх боломжтой болж байгаа аж.

Уг спортын цогцолборын захирал, каратегийн хар бүстэй Хана Аль-Зухайр ярихдаа “Энэ бол эмэгтэйчүүдэд зориулсан спортын сайхан цогцолбор юм. Эндээс магадгүй ирээдүйн олимпийн аваргууд төрөн гарахыг үгүйсгэхгүй байна” гэжээ.

Саудын Араб улс өнгөрсөн оны Лондоны олимпийн тэмцээнд хөнгөн атлетикийн хоёр эмэгтэй тамирчнаа оролцуулсан юм. Энэ нь исламын шашинтай орнуудын эмэгтэйчүүдийн спортын оролцоог нэмэгдүүлсэн хэмээн Олон улсын олимпийн хороо өндрөөр үнэлжээ.
Дашрамд дурьдахад өнгөрсөн сарын 19-нд, Саудын Арабын 25 настай бүсгүй Раха Мохаррак дэлхийн ноёр оргил Эверестэд амжилттай авирснаар уулын спортын төрөлд исламын шашинтай эмэгтэйчүүдийн замыг нээсэн юм.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.