Охиныхоо төлөө өөрийгөө умартах уу?

Би долдугаар ангид
байхаасаа нөхөртэйгээ үерхдэг байлаа. Манайх хашаандаа том саравчтай байсан юм.
Саравчин дээрээ гарч суугаад элдвийг ярилцаж, ирээдүйн амьдарлаа хүртэл тэнд л
төсөөлж, мөрөөдөж суудагсан. Харин одоо бидний охин түүнийг хүлээн, өнөөх
саравчин дээр өнждөг боллоо. Тэр саравчийг одоо граж болгоод засчихсан л даа.
Бид бараг нэг жилийн өмнө салсан. Яагаад гэдгийг бичвэл даанч урт түүх болох
нь. Бидний үзэл бодол байнга зөрөлдөж, хэрэлдэнэ, хардана. Нэг удаа гар хүрсэнээс нь болоод
одоогийн нөхцөл байдлын суурь тавигдсан ч юм шиг.
Охин минь өдөр бүр аавыгаа
хэзээ ирэх вэ гэж асуух юм. Маргааш ирнэ, арав хуруугаараа гозолзуулан ийм
хоногийн дараа, аав нь гэнэт их ажилтай болж гээд л өдөр бүр худлаа түүх зохиож
ярьсаар залхаж байна. Охин минь өнөөх саравчин дээрээ гарчихаад хойш, урагш
холхиж, байн байн бараа хараад л... Аав нь цагаан өнгийн жижиг машинтай юм л
даа. Гэтэл охин минь цагаан машин харагдах болгонд аав ирлээ гэж учиргүй баярлан
хашгирч, хашааны хаалга руу гүйн гарахад өнөөх машин нь хажуугаар нь өнгөрөөд
алга болно. Хөөрхөн хоёр алаг нүднийх нь аяга нулимсаар дүүрээд мэгшин уйлаад
л... Үүнийг харах юутай өрөвдөлтэй гээч.
Бага байхад миний аав өнгөрчихсөн юм. Ээж минь надад үнэнийг хэлсэн хэлээгүй аавыгаа өдөр бүр л хүлээн суудаг байж билээ. Охин минь миний бага насыг санагдуулж байна.
Өнөөх саравчин дээрээ холхиж гүйсээр байтал дээвэр нь элэгдээд борооны дусал дусдаг болчихсон. Бороо дусаад байна ахиж битгий гараарай гэж загнасан ч саравчин дээрээ гарч аавыгаа хүлээсээр л сууна. Хонгор охиноо элэг бүтэн өсгөхийг хүсвэл магадгүй өөрийгөө умартах хэрэгтэй байх. Би энэ асуудлаа яаж шийдвэл зөв бэ? та бүхэн надад туслаач.






