Ивана Трамп: “Гэр бүл гэдэг бол санхүүгийн гэрээ хэлэлцээр”

Ашигтай гэрлэлтийн талаарх бодол хүүхэн бүрийн толгойд эргэлддэг. Ийм бодолтой хүн орчин үед их болсон. Харин хуучин нийгмийн үед ховор шүү.

Харин 1972 онд яг л ийм бодолтой нэгэн бүсгүй ирээдүйн амьдралынхаа эхлэлийг тавьжээ. Тэр бол хувцасны "Ивана" брэндийн эзэн, нэрт бизнесмен Дональд Трампийн эхнэр асан Ивана Трамп юм.

Ивана Трамп 1949 оны 12 сарын 20нд Чехийн нийслэл Прага хотноо мэндэлжээ. Түүний бага  нас, өсвөр үе нь ядуусын хороололд бусдаас ялгарах юмгүй өнгөрчээ. Тэр багаасаа цанын спортоор уйгагүй хичээллэж улмаар үндэсний шигшээ багийн тамирчин болж чадсан юм. Гэхдээ түүнийг авъяас чадвараараа биш дасгалжуулагч багштайгаа дотно харьцаанд орсны хүчинд шигшээ багт орсон гэх яриа нэлээд гардаг байжээ. Ямартай ч гэсэн багаасаа сонирхсон энэхүү спортынхоо ачаар Ивана Австрийн цаначин Альфред Винкельмайертай танилцаж түүний эхнэр болсноор эх орноо орхисон юм. Ашиг сонирхлын холбоон дээр үндэслэсэн тэдний гэрлэлт удахгүй салалтаар дуусч Ивана Канад улсыг зорьжээ.


Сайхан төрсний хэргийг гаргажээ

Гоо сайхан бие, царайлаг төрх нь Иванаг модель болгоход нөлөөлөв. Хэрвээ тэр загварын чиглэлээр тууштай явсан бол илүү их амжилт гаргах байсан ч байж болох. Гэвч тэрээр Нью-Йоркийн нэгэн загварын шоунд оролцох үеэрээ зоогийн газарт Дональд Трамп гэх чинээлэг эртэй танилцжээ. Мөнгийг баруун солгойгүй цацдаг баян эр Иванаг Лас-вегас, Парисаар зугаалуулан очир эрдэнийн тансаг зүүлт хүртэл бэлэглэж байв. Дональд Трамп Иванад гэрлэх санал тавьж, Нью-Йорк хотын хамгийн өндөр, хамгийн тансаг барилга болох “Тower”-ийг бэлэглэжээ. Тэр хоёрын хамтын амьдралын арван гурван жил эд баялаг эрх мэдэл дунд бялхаж өнгөрсөн байна. Учир нь 1980-аад он бол АНУ-ын түүхэнд "Трампийн ноёрхлын арван жил" гэж тэмдэглэгдсэн байдаг. Эцгээсээ авсан нэг сая долларыг нэг тэрбум болтол нь өсгөж чадсан Трампийн амжилтын ард үзэсгэлэнт эхнэр Ивана байсан нь гарцаагүй. Ивана энэ үед ”Трамп организэйшны” дэд ерөнхийлөгч, Атлантик-Ситигийн хамгийн тансаг казино ”Трамп-касл”-ын ерөнхийлөгч, дараа нь Нью-Йоркийн “Плаза” зочид буудлын эзнээр ажиллаж, чадварлаг бизнесмен мөн гайхалтай удирдагч болохоо харуулсан юм.

Хууран мэхлэлт ба салалт

Дональд Трампийн ил далд амрагийн явдлыг Ивана мэдсэн ч мэдээгүй юм шиг дүр үзүүлэн олонтаа өнгөрүүлсэн гэдэг. Гэвч кино жүжигчин Марла Мэйплсийн “Дональд миний хүссэн бүхнийг биелүүлдэг” гэсэн мэдээллийг үзээд Трампаас салахаар шийдсэн байна. Ивана гурван хүүхдээ, хоёр чемодан дүүрэн үнэт эдлэл, үслэг ангаар хийсэн 150 ширхэг нөмрөг, үдшийн гоёлын 270 ширхэг даашинз зэргээ аваад явжээ. Мөн эр нөхрийнхөө бизнесийн амжилтанд миний оруулсан хувь нэмэр багагүй бий хэмээн шүүхэд мэдүүлээд хоёр тэрбум доллар нэхэмжилээд 50 сая доллар л салгаж чадсан байна. Тэрнээс гадна жил бүр 500 мянган долларыг ойрын хэрэгцээндээ зориулан авч байхаар болсон ба Флоридад байх 47 өрөө “Мар-а Ларго” эдлэнгээ эзэмших эрхтэй болжээ.


Амттай, халуун амьдрал

Иванагийн ганц бие амьдрал түүнд өөрийн гэсэн бизнесийг эхлүүлэх шинэ боломжийг нээж өгсөн. Тэрээр дээд зэрэглэлийн загварын ертөнцөд хүчээ үзэж, богино хугацаанд хоёр ч компани үүсгэн байгуулж өөрийн худалдааны шошго бүхий хувцас үнэртэн зэргийг үйдвэрлэж эхэлсэн байна. Мөн телевизэд өөрийн нэвтрүүлэгтэй болсон ба түүнийхээ ачаар хэдхэн цагийн дотор  150 мянган даашинзийг борлуулж байсан түүхтэй. Ивана зөвхөн өөрийн брэндийн хувцас, гоёл чимэглэлээр гоёдог бөгөөд энэ нь нэг ёсны сурталчилгаа болдог байна. 2001 онд Ромд “Амттай, халуун амьдрал” уриан дор бүх насны бүсгүйчүүд өмсөж болохоор богино буюу мини банзал, даашинзыг санал болгожээ. Тэрээр өөрөө богино даашинзыг таалдаг бөгөөд төрөлхийн сайхан хөлөөрөө үргэлж бахархдаг нэгэн юм. Мөн Ивана дэлхийд алдартай шоу тэмцээнүүдийн шүүгчээр ажилладаг. Үүний зэрэгцээ ашигтай газруудад хөрөнгө оруулалт хийж эдийн засгаа улам баталгаажуулдаг ажээ. Ивана үрэлгэн гэдгээрээ алдартай бөгөөд зөвхөн дотуур хувцсыг нэг удаа худалдан авахдаа 2000 хар, 2000 цагаан, 2000 хүрэн өнгөтэй левчик авдаг тухайгаа сэтгүүлчдэд ярьсан байдаг. Энэ ердөө хагас жилийнх нь хэрэглээ юм байна.

Хоолны тухайд загас, тахиа, ногоогоор ихэвчлэн хооллодог түүний хувьд жин нэмнэ гэсэн ойлголт амьдралд нь байгаагүй бөгөөд буцалсан ус маш их хэмжээгээр уудаг ажээ. Харин амттан тэр дундаа шоколадыг хэзээ ч хэрэглэдэггүй гэнэ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.