УДЭТ-ын гурван бүсгүйг урвуулсан “Хувьсал” продакшн шинэ, залуу уран бүтээлчдийг шалгаруулж авахаар боллоо

Тайз дэлгэцийн олон сайхан дүрээрээ үзэгч олны талархлыг хүлээсэн гавьяат жүжигчин У.Уранчимэг, Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг, жүжигчин А.Ганчимэг нарыг УДЭТ-ын нүүр царай болсон чадварлаг уран бүтээлчид гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Гоо үзэсгэлэн, авьяас чадвар, хөдөлмөрч зангаараа нэгэн цогц болж чадсан эдгээр гурван бүсгүй “Хувьсал” продакшны дэлгэцийн анхны бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны киног бие даан хийжээ.

Монголын театрын урлагт өөрийн гэсэн байр суурийг тодорхойлж, нийгэмд буй олон асуудлыг уран бүтээлээрээ дамжуулан дуугарч чадсан “Хувьсал” продакшныхан шинэ содон, сонирхолтой жүжгээрээ цаг ямагт тэсрэлт хийсээр ирсэн. Тухайлбал, тус продакшны 2002 онд найруулан тавьсан анхны бүтээл буюу “Надаар тоглосон хайр” жүжиг нь багагүй шуугиан дэгдээж, үзэгчээ алдсан театрын өнгөрсөн цагийг мартагдуулсан төдийгүй тасалбар нь шагийн үнээр олдож байсан түүх бий. Мөн дуу, бүжиг хослуулан мюзикл хэлбэрээр найруулсан “Шөнө дундын бүжиг” жүжиг үзэгчдийн дунд эрэлт ихтэй, урлагийн мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан бүтээл байлаа.

Үүний дараагаар “Хувьсал” продакшныхан нийгмийн амьдралын далд сэдэв болсон хар тамхи, мансууруулах бодисны эсрэг дуугарахаар шийдэж “Дурлахыг хориглоно” жүжгээ тавьсан нь нүдээ олсон алхам болжээ. Чухамхүү энэ жүжгээс хүмүүний амьдралын олон зүйлийг мэдэж, өөрийн үнэ цэнийг ухаарах боломжийг тэд үзэгчдэдээ олгосон гэдэг. Харин манайдаа л анхдагч болох “Чи минийх” нэртэй ганц хүний жүжиг нь тухайн үедээ жинхэнэ утгаараа шуугиан тарьсан юм.

Энэ мэтчилэн театрын урлагт тэсрэлт болохуйц шилдэг бүтээлүүдээрээ олонд танигдаж яваа “Хувьсал” продакшн шинэ залуу, авьяаслаг уран бүтээлчдийг шалгаруулж авахаар зэхэж байгаа аж. Урьд нь “Акапелла” хамтлагийнхан болон топ модель Д.Пүрэвсүрэн зэрэг залуу жүжигчид тус продакшнаас уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан түүхтэй. Тэгвэл өдгөө гавьяат жүжигчин У.Уранчимэг, Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг, жүжигчин А.Ганчимэг тэргүүтэй УДЭТ-ын урдаа барьдаг авьяаслаг, туршлагатай уран бүтээлчид “Хувьсал” продакшныг өнгөлж яваа бөгөөд цаашид тайз, дэлгэцийн олон сайхан бүтээлээр үзэгч олонтойгоо уулзахаар зорьжээ.

Тиймээс өнөө цагийн урлагийн сайхан бүсгүйчүүд, чадварлаг уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажиллаж, авьяас чадвараа таниулан, хүсэл зорилгоо биелүүлэхээр шамдаж буй охид залуус “Хувьсал” продакшны шалгаруулалтад оролцох боломжтой боллоо. Шалгуур өндөр боловч урлагийн тайзнаа өөрийн байр суурийг олоход тань хамгийн чухал алхам болох энэхүү шалгаруулалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/Huvisalproduction хуудаснаас аваарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
bayrmaa (202.55.182.82) 2013-08-29 21:11:48
ta narta bayrlalaa goe goe medeelel gargaj bgaad