
Анх 2005 онд би зуучлалаар нөхөр болох хүнтэйгээ зөвхөн цээж зургийг нь хальтхан харснаар танилцаж сонголтоо хийсэн билээ. Харин би өөрөө үл таних тэр эрд гоё дээрээ тавьсан хэдэн зургаа илгээж биеийн өндөр, жин, гэр бүлийн байдал гээд л олон зүйлээ тоочин байж энэ “шалгалтанд”тэнцсэн гэж хэлж болно.
Урилга, виз гээд шат дараалсан алхамуудын дараа би хэл усыг нь ч мэдэхгүй хүний нутаг руу ниссэн. Онгоцноос буухад миний нэрийг мурий сарий бичсэн цаас өргөсөн намхан залуу бас нэг настай авгай намайг тоссон.
Энэ хүн бол миний нөхөр бас хадам ээж болох хүмүүс байсан юм. Нөгөө танилцуулга дээр байсан хувийн жижиг үйлдвэрийн эзэн гэх залуу маань ажилгүй дээрээс нь надаас 14 насаар ах, ээжийн эрх хүү байсан. Гурван дүүтэй. Айлын том хүү... Мэдээж баян биш.
Ингээд хэлийг нь мэдэхгүй, нэрийг нь мэдэхгүй, ёсыг нь мэдэхгүй харийн бэр, мэдэхгүй олон зүйлийнхээ боол нь болсоор хэдэн сар өнгөрсөн. Очсон өдрөө шууд л нөхөр болсон солонгос эртэй нэг оронд орж хэлгүй, дур хүсэлгүй, хайр үгүй хүчирхийлэлд автсан. Цаг хугацаа өнгөрсөөр л... Би жирэмсэн болж манайх охинтой болсон. Надаас 14 насаар ах, 1метр 52 см өндөртэй солонгос эр миний охины аав.
Өнөөдрийг хүртэл би хадмуудтайгаа амьдарч байгаа. Хадам ээж миний өмсөх хувцсыг сонгож өгдөг. Хамт зах гараад яг өөрийнхөө насанд таарсан урт банзал, сул ноосон цамц, өсгийгүй углааш авч өгдөг. Мэдээж хамгийн хямдаас нь...
Монголд байгаа ээж дүү нар маань намайг үйлдвэрийн эзэн баян эртэй суугаад аз жаргалтай байгаа гэж боддог байх. Гэтэл үнэндээ тийм биш шүү дээ.
Өнөөдрийг хүртэл намайг тайтгаруулдаг ганцхан зүйл бол миний охин. Хадамдаа уурлаж, нөхөртэйгөө хэрэлдэхээрээ би эх монгол хэлнийхээ хамгийн муухай хараалуудыг түүж байгаад урсгадаг. Сохроор сонгосон амьдралынхаа золиос нь зөвхөн би л өөрөө шүү дээ.
Өөр олон зүйл миний сэтгэл дотор байгаа. Түүнийгээ уудлах зориг, зүрх надад алга...
Баяртай.
Захидлаас үүдэн доорх нийтлэлийг орууллаа:

Солонгос
дахь цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагын саяхны судалгаагаар
Солонгос улсын эрчvvд нь гаднын бэр авах явдал элбэг гэсэн дүгнэлт гарчээ.
Ялангуяа Ази, зvvн өмнөд Азийн улсын бүсгүйчүүд голлодог байна. Тус төвийн
захирлын өгүүлснээр Солонгост гаднаас ирж буй бvсгүйчүүдийн ихэнх нь эдийн
засгийн шалтгаанаар ирдэг ба Солонгос эртэй суусан хойноо хэл соёл, амьдрал
ахуйн урьдчилан төсөөлсөн, төсөөлөөгvй янз бүрийн асуудлаар тус төвд хандах нь
элбэг байдаг гэнэ. Цагаач бүсгүйчvvдийн 37% бусдын болон төлбөрт зуучлалаар,
34.3% нь ойр дотны найз нөхдийн дэмжлэг зуучлалаар, 10% өөрсдөө, 7% нь шашны
байгууллагын шугамаар Солонгос нөхөртэйгөө танилцан ирсэн байдаг ажээ.
Бэр болон ирсэн бүсгvйчvvдийн нас нь залуу байх тусмаа Солонгос нөхрөөрөө зардал бүх юмаа даалган ирсэн байх нь илүүтэй байдаг гэнэ. Гэхдээ хамгийн харамсалтай нь ихэнх бүсгүйчүүдийн хувьд танилцахад зуучилсан байгууллагууддаа хууртагдан сайн сайхан амьдралыг төсөөлөн ирэхэд огт өөр орчин угтддаг байна.
Царайлаг залуу хүний зураг үзүүлэн, амжилттай бизнесмэн, чинээлэг ганц бие эр хүн хэмээн магтаад байсан хүн нь нас нэлээн хэвийсэн, ажил төрөлгvй, ядуу, зарим нь бүр өвчин эмгэгтэй байх нь олон гэнэ. Солонгост бэр болж ирсэн бүсгүйчүүдийн 47% хадмуудтайгаа хамт амьдардаг ба нөхөр нь ядуу тусдаа гарах чадваргүйгээс болдог гэнэ. Хөдөө газар тариалан ферм дээр амьдрах нь их байдаг ба тийм тохиолдолд хадмуудтайгаа нэг гэрт амьдрах нь илүүтэй байдаг. Хадмуудтайгаа хамт амьдрах нь үнэхээр хэцүү маш их дарамтанд байдаг хэмээн бүсгүйчүүд ярьжээ.

\Цагаач бүсгүйчүүд Солонгос нөхөртэйгөө амьдралын хэв заншил өөр учраас хэрүүл хийх нь их. Монгол болон Филипин бэрүүд энэ тал дээр дээгүүр буюу ойролцоогоор 30% байсан байна.
Гэр бүл дотроо хэр зодоон цохион хийдэг вэ гэсэн санал асуулгад оролцсон бүсгүйчүүдийн 54% хариу хэлээгүй байна. Нөхөр нь насаар ахимаг байх тусмаа авгайдаа гар хүрэх нь илүүтэй байдаг гэнэ.
Сонирхолтой нь гадны бэрүүдийн 60% гаруй хувь нь нөхрөөсөө салах хүсэлгүй гэсэн бөгөөд 16% салах өргөдлөө өгсөн, салахаас өөр аргагүй гэж хариулсан ба нөхрөөсөө салах хүсэлтэй бүсгүйчүүдийн ихэнх нь Монгол Тайланд бүсгүйчүүд байсан гэнэ.
Судалгааны төвийн үзэж буйгаар 2015-2020 он гэхэд Солонгосын хөдөө орон нутагт гаднын бэртэй гэр бүлүүд нийт гэр бүлийн 50% орчим хувийг эзлэх ба хэл, соёл, заншил, амьдрал ахуйн ялгаанаас үүдэлтэй асуудлууд байсаар байх болно гэжээ.







