”Face of beauty international” олон улсын миссийн тэмцээнд оролцож байгаа Г.Билгүүнийг дэмжээрэй!
Ийгл телевизийн сэтгүүлч Г.Билгүүн олон улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо өөрийн оюун ухаан, гоо үзэсгэлэнгээ уралдуулан төлөөлөн оролцох гэж байна. ”Face of beauty international” олон улсын тэмцээнийг Шинэ Зеланд улсын иргэн Мила Мануэл санаачлан, үүсгэн байгуулсан бөгөөд жил бүр 70 гаруй орноос үзэсгэлэнт охидоо илгээдэг аж. Монгол улсын хувьд энэ жил анх удаа халхын хацар гоо охиноо илгээхээр онлайн сонгон шалгаруулалтыг албан ёсны лиценз эзэмшигч “Эн Си Би Эм” компаниас явуулж, 40 гаруй оролцогчдын материалыг Шинэ Зеланд улс дахь төв рүү илгээжээ. Харин уг шалгуурт сэтгүүлч Г.Билгүүн шалгаран тун удахгүй болох ”Face of beauty international” олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болжээ.

Эх дэлхийн эв найрамдлын бэлэг тэмдэг болсон гоо сайхны “олимп” арваннэгдүгээр сарын 3-наас 13-ны өдрүүдэд Тайланд улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдаж, 2012 оны ялагч Дани улсын оролцогч Жозефин Эгэбжерг титмээ шилжүүлэн өгөх юм байна. Г.Билгүүн нь Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн аж.

Түүнчлэн “Монгол модель” загварын агентлагт харъяалагддаг бөгөөд “Face Model” тэмцээний шилдэг тав, Залуу модель улсын уралдааны тэргүүн байр, STYLE 7 тэмцээний дэд байрын шагналуудыг хүртсэн төдийгүй олон реклам, клипэнд тоглож, уншигч үзэгчдийн хэзээний танил болсон билээ.
Тэгвэл тун удахгүй эхлэх тэмцээний онлайн шалгаруулалт албан ёсоор эхэлсэн бөгөөд, уншигч бүсгүйчүүд та бүхэн Г.Билгүүнийг дэмжиж доорхи линкээр саналаа өгөөрэй. Энэ номинацид тэргүүлсэн оролцогчид хагас-финалд өрсөлдөх эрхээ олж авах аж.
https://www.facebook.com/FaceBeautyInternational/app_278465152274055












