Алдарт “Twilight Saga”-ын зохиолч Stephenie Meyer

Мартагдах шахсан цус сорогчдын тухай зохиолыг шинээр амилуулж дэлхийн олон сая уншигчдын талархлыг хүлээсэн эмэгтэй бол авьяаслаг залуу зохиолч Стефани Маер юм. Түүний үлгэрийн мэт, ер бусын сонирхолтой “Бүрэнхий” зохиол нь дэлхийн 37 орны хэл дээр зуун саяаас илүү хувь борлогдож номонд дуртай  хэн бүхний амтархан уншдаг бүтээл болсон юм. Харин тэрээр энэ өвөрмөц содон зохиолынхоо санааг хаанаас яаж олсон нь тун ч сонирхолтой.

2003 оны 6-р сарын 2-ны өдөр Стефани Маерийн амьдрал огцом өөрчлөгджээ. Гурван бяцхан хүүгээ хараад гэртээ суудаг байсан тэрээр нэгэн өглөө жинхэнэ мэт санагдах дүр дүрслэл бүхий зүүднээсээ сэрсэн байна.

Түүний зүүдэнд “...Хурц нарны гэрэл тусах жижигхэн талд нэгэн ер бусын сайхан залуу жирийн нэгэн охинтой ямар нэг зүйлийн талаар ярилцаж байлаа. Цус сорогч залуу тэр охинд ухаангүй хайртай болж, түүнд хичнээн их санаа зовж байгаагаа, мөн түүнийг алахыг ямар их хүсч байгаагаа өгүүлж байв. Энэ бол түүний төсөөлөл байсан. Эхэндээ зүүд нь үнэхээр сонирхол татам байсан учир үйл явдлыг мартахгүй гэж тэмдэглэл хөтөлж байсан нь эцэстээ “Бүрэнхий” туужийн 13-р бүлэг болон хэвлэгджээ.    

Стефани: “Хийх зүйл хичнээн их байсан ч би зүүднийхээ талаар бодон орондоо удтал хэвтдэг байсан. Эцэст нь орноосоо босч яаралтай хийх ёстой зүйлсээ амжуулчихаад, хойшлуулж болохыг нь орхиод зүүднийхээ тухай бичихээр компьютерийнхаа урд яаран суудаг сан. Эхэндээ бичихэд нэг л эвлэж өгөхгүй сонин санагдаж, удаан хугацаанд мэдрээгүй сонин мэдрэмж төрж байсан шүү.”

Өдөр усанд сэлэлтийн хичээлийн үеэр, хүүхдээ өөрөө бие засч сургах үеэр, шөнө бүх хүн унтсаны дараа Маер үйл явдлыг нь зохион бичдэг байжээ. Гэрлээд 15 жил болсон ч Стефани шинэ сонирхлынхоо талаар нөхөртөө юу ч дурсаагүй аж. Түүний толгойд салахгүй байнга эргэлдэж байсан цус сорогчийн талаарх бодол нөхөрт нь этгээд сонин санагдахаар байв. Гурван сарын дараа тэр анхны тууж болох “Бүрэнхий”-гээ дуусгалаа. Түүний ойр дотны хүмүүсээс ном бичиж байсан туршлагатай цорын ганц хүн болох эгчийнхээ дэмжлэгтэйгээр Маер хэд хэдэн уран зохиолын агентлаг руу өөрийн гар бичмэлээ явууллаа. Агентлагт ирсэн зохиолуудаас “Бүрэнхий” тодрон сонгогдож “Литл Браун” хэвлэлийн компанид хэвлэлтэнд орохоор болсон нь том амжилт байлаа. Ийнхүү  азгүй хувь заяатай дурлалт хосын түүхэнд хүн бүр татагдаж эхэлсэн юм. Эгчийнх нь оруулсан  хувь нэмрээс гадна ээж нь түүний “Бүрэнхий”-гийн 2 дахь боть болох “Шинэ сар”-ын төгсгөлийг өөрчлөн, илүү амттай болгоход чухал нөлөө үзүүлсэн гэдэг.

Тэрээр ном унших үнэхээр дуртай. 8 настай байхдаа л “Салхинд туугдагсад /Gone with the Wind/”, “Бардамнал ба бахархал” /Pride and Prejudice/-ыг ямар насныханд зориулсныг нь мэдэлгүйгээр уншчихдаг байжээ. Jane Austen, William Shakespeare түүний уран зохиолд дурлах эхлэлийг тавьж өгсөн бөгөөд  Orson Scott Card, Maeve Binchy, Charlotte Bronte, Daphne DuMaurier, L.M. Montgomery, Louisa May Alcott, Eva Ibbotson, William Goldman, Douglas Adams, Janet Evanovich нарын зохиолыг амтархан уншдаг байжээ.

Харин одоо энэ бүсгүй дэлхий дахинд танигдсан олон сая уншигч үзэгчдийн талархлыг хүлээсэн хүндтэй нэгэн болжээ. Түүний хамгийн их ашиг орлого олсон жил бол 2008, 2009 он. Зөвхөн 2008 онд л гэхэд түүний зохиол 29 сая хувь борлогдсон юм. Энэ бол “Бүрэнхий” зохиолыг оны шилдэг борлуулалттай ном болоход хангалттай тоо байлаа. Үүний дараагаар 2009 онд 26,5 сая ширхэг ном хэвлэлтээс гарч  уншигчдын гар дээр хүрсэн.

Түүний байгуулсан гавьяа, хийсэн зүйлд талархаад баршгүй. Маерийн хийж бүтээсэн бүхнийг үнэлж “Time” сэтгүүлээс 2008 оны хамгийн нөлөө бүхий 100 хүний тоонд оруулсан юм. Түүнчлэн “Forbes” сэтгүүл 2009 оны хамгийн хүчирхэг алдартнуудын жагсаалтад хатагтай Стефани Маерийг 26-д нэрлэсэн байдаг. 2010 онд мөн байр сууриа алдалгүй жилийн 40 сая долларын орлоготойгоор жагсаалтын 59 дүгээрт оржээ.

Одоо уншигчдын хамгийн их хүлээж буй зүйл бол тэдний амтархан уншдаг энэхүү бүтээл цаашид хэрхэх бол гэдэг асуудал юм. Тэгэхээр сая сая уншигчдын зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан “Бүрэнхий” цувралын гол дүр болох Эдвард, Бэлла хоёрт цаашид юу тохиолдох бол? Тав дахь боть хэвлэгдэн гарах болов уу? Энэ бүх асуулт дэлхийн сая сая уншигчдын анхаарлыг соронз мэт татсаар байна.

Гэвч Стефани Маер цус сорогчидтой хийх аяллаа түр завсарлахаар шийдсэн бөгөөд “Бүрэнхий”-гээс илүү сайн бүтээл хэмээн батлагдсан харь гаригийнханд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ. Хэдийгээр Эдвард, Бэлла хоёрт юу тохиолдохыг, тэдний ирээдүй чухам ямар байхыг аль хэдийнэ зурчихсан байгаа ч одоохондоо тав дахь боть уншигчдын хүртээл болохгүй нь бололтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.