Талийгаач бүсгүй ахдаа “Ганболдын Гэрэлцэцэг намайг зарчихлаа, Гэрэлцэцэг шүү” гэж хэлж байжээ
Б.Энхтуяа охин харамсалтайгаар амиа алдсан гэдэг яриа байгаа ч яг юу болсныг цагдаагийхан ч тогтоогоогүй байгаа. Охиныг хар тамхи хэрэглэдэг, биеэ үнэлдэг гэх мэдээллийг энэ хэрэгтэй холбогдсон ихрийн өрөөсөн өгч байсан. Мөн Sen Than Tin гэх залуутай буудалд хамтран амьдарч хар тамхи хэрэглэдэг байсан гэх мэдээллийг тараасан байдаг.
Иймэрхүү мэдээлэл олон байгаа. Угаасаа талийгаач өөрөө босч ирээд үнэнийг хэлэхгүйгээс хойш түүнийг хэн ч болгож хувиргаж болно. Гэтэл охин нас барахынхаа өмнө өөрийнхөө хэрэгтэй холбоотой бүхнийг ахдаа хэлж ярьж байж. Ингэхээр бидэнд талийгаачид итгэх үү, өөр бусдын үгэнд итгэх үү гэдэг хоёр сонголт гарч ирнэ.
Малайз руу хэргийг шуурхай сурвалжлахаар явсан “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Г.Дэлгэрцэцэг талийгаачийн төрсөн ах Б.Батзоригтой ярилцжээ. Тэрбээр дүүгийнхээ хэргийн талаар бодит үнэнийг мэдэхгүй байгаа ч нас барахаасаа өмнө хэлж байсан үг, явуулсан зураг, бүр уйлж байсан хоолойг нь хүртэл тод санаж байгаа.
Охин ах руугаа гэнэт залгаж “Ах аа би хүмүүсээс зугтааж явна, хүмүүс намайг зодоод байна” гэсэн байна. “Ямар хүмүүс вэ” гэхэд “Монгол охид” гэжээ. Тэр өдрөө тэрээр дахиж яриад “Намайг зарчихлаа шүү дээ, Ямар аймар юм бэ” гээд л утас нь тасарсан гэсэн.
Ингээд маргаашнаас нь Баянзүрх дүүргийн цагдаа, Эрүүгийн цагдаагийн газрын хүний наймаатай тэмцэх хэлтэс гээд олон газраар өрөгдөл барьж гүйсэн ч тусыг эс олсон байна.
Талийгаач хамаатныхаа дүүтэй холбогдож “Мэдэхгүй, эд нар намайг танихгүй гээд байна. Ингэж эд нар хүмүүс зардаг юм байна. Намайг хүмүүс зарсан нь Ганболдын Гэрэлцэцэг шүү. Нөгөөдөх нь ихэр. Бүгдээрээ холбоо сүлбээтэй, банкаар мөнгө гуйвуулдаг юм байна” гэж байж.

Дүү нь ч энэ бүхнийг хуулж аваад баримт болгон цагдаад өгсөн аж. Мөн нэг өдөр талийгаач руу залгахад “Миний утсыг хураагаад авчихдаг, таны яриаг сонсож байгаа, камераар манадаг, хаалганы цаана Аксент гэдэг хүн байх шиг байна. Нэгнийгээ тэгж дуудаад байна. Биднийг манаж байдаг өндөр хар залууг Аксент гэдэг бололтой” гээд “Жалаа хүлү” гэдэг зочид буудалд байгаагаа ч хэлж байж.
Мөн арван нэгдүгээр сарын 9-нд эгч рүүгээ залгаж “Надад өөр хүний хувцас өмсүүлээд, хоёр гадаад хүн аваад явж байна” гэж хэлээд хоолой нь зангираад “Би үхэх нь тодорхой, намайг яаж үхсэн гэж хэлэх бол доо” гэж байжээ. Ингээд маргааш нь “Агаа би амьд. Үхсэн болоод худалдагдлаа” гэсэн байна. Гурав хоногийн дараа буюу 12-ны шөнө “Намайг гурав дөрвөн хүн аваад явж байна. Эд нар пиво ууж байна” гэж хэлээд дахиж гэр бүлийнхэнтэйгээ холбоо бариагүй байна. Үүнээс хойш таг чиг байсаар энэ сарын 4-нд Аксент гэдэг хүн дүүгийнх нь утсаар залгаж өнгөрчихлөө гэж хэлсэн байна.
Охин амиа аврахын тулд, ээждээ ирж үнсүүлэхийн тулд хангалттай тэмцэж зугтааж, өлсгөлөн зарлаж, Монголын цагдаатай хүртэл холбогдож чадсан. Тэр намайг энэ хүмүүс яаж үхсэн гэж хэлэх бол доо гэж хэлээд олон олон баримтыг ахдаа өгсөн. Гэтэл цагдаа юу ч хийж чадалгүй байсаар эцэст нь охин яргалуулан байж насан өөд боллоо. Түүнийг амиа хорлосон хэмээн мэдэгдэж, цогцост нь дур зоргоороо задлан шинжилгээ хийгээд эрхтэн нь бүтэн гэж л хэлсэн. Энэ бүх хэргийн цаана Монгол, гадны нийлсэн бүлэг хүмүүс байгааг охин хангалттай хэлж бичиж байж. Харамсалтай нь түүнийг биеэ үнэлэгч байсан гээд гадныхан таглахыг хүсэж байгаа. Ямартай ч тэр ахдаа бүгдийг хэлсэн.






