Салалт дагасан саар бодлууд

“Салалт моод юм гэж үү”
Билэггүй үгээр эхэлж байвал уншигч Та өршөөгөөрэй. Үхсэний хагацалаас амьдын хагацал хэцүү хэмээх үг байдаг. Ингэж эхлэхийн учир нь гэвэл сүүлийн үед нийгэмд гэр бүл салалт арай л хэтрээд байх шиг. Энэ тал дээр төр засаг ч таг дуугүй, төрийн бус байгууллагууд ч чимээ аниргүй байсаар.
Төрийн түшээ түмэн олныхоо итгэлийг хүлээсэн хүмүүс хүртэл гэр бүлээсээ салж, моодорхоод байгаа болохоор дуугарч чадахгүй байгаа биз дээ. Ажил алба нь ахиж, олох мөнгө нь арвижих тусам авааль гэргийгээ голж орхин, үр хүүхдээ сайхан царайтай, гоо биетэй залуухан хойд эхтэй болгож, өөрсдөө тэднээрээ гангарч байгаа улс юу дуугарах вэ дээ?
Олны танил урлагийнхан хүртэл юугаар дутав гэсэн шиг. Сүр дуулиантай хурим найрынх нь тухай яриа намжиж амжаагүй байтал л салснаа дуулгах юм. Өчигдөрхөн л хайр халамж нь савнаасаа сагах нь холгүй байсан зарим нэг эрчүүд моодыг дагаж, сэтгүүлийн нүүрэн дээр гарах царайлаг бүсгүйг даган хуйларна. Хөрөнгө мөнгөнд хөтлөгдөн хүүхэд гэр бүлээ орхин одохдоо, хаалганы цаана уйлан хоцрох нялх үрсийнхээ талаар бодсон нь хэд байдаг бол.
“Салалтаар хооллогсод”
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олны танилууд эрхэмүүд салалтаар хэрхэн моодорхож байгааг олон нийтэд мэдээлэх гэж уралдан, ур чадвараа гарган бичнэ. Тэгээд энэ сэдвээрээ “хоногийн хоолоо олж” оршин тогтнох болжээ.
“Аргагүй амрагууд”, “Хоёр эхнэртэй харчуул”, “Хоёр дахь амьдрал нь амжилт авчирсан хосууд” “ Хамгийн үнэтэй салалт” гэхчилэн нэрлэж хагацал зовлонг дэмжих юм. Тэдний энэ моодыг зарим нэг ухамсар дорой залуус даган дуурайж байна. Наад захын нэгэн жишээ хэлэхэд гуч хүрэх насандаа дөрвөн ч удаа амьдрал зохиогоод үзчихсэн, таван хүүхдийн аав болчихсон залуу байна. Таны эргэн тойронд ч иймэрхүү салалтын жишээ олон байгаа байх.
“Салалтын хохирогчид”
Салалтын хохирогч нь хүүхэд байдаг. Хувийн дунд сургуулийн хорин таван хүүхэдтэй нэг ангиас арван найман хүүхдийнх нь аав ээж нь салсан жишээ байна. Эх орны маань ирээдүй болсон алдрай үрс маань эцэг эхийнхээ хариуцлагаа умартсан алдаанаас л болж элэг бүтэн гэр бүлийн хайр халамжинд хүмүүжин бусдын адил өсөн торних эрхгүй болж, өөрийгөө салалтын буруутган хэмээн бодож, амьдралыг үзэн ядаж, бяцхан зүрхэндээ шарх тээн амьдарч байна.
“Салалтын түрлэг ”
Салалтанд түрлэг нэмсэн нэг зүйл залуу гэр бүлийг дэмжих зорилгоор гэж таван зуун мянган төгрөг тарааж, хуурамч гэр бүлийн тоог мөн ч их нэмсэн дээ. Үнэндээ гэр бүл болж байгаа залуусд орон гэр л хамгийн чухал байдаг. Орон байрны тал дээр нь түлхүү анхаарч, урт хугацааны зээлд хамруулж чадвал салалт буурна. Залуу гэр бүл ямар нэгэн зээлд хамрагдах гэхэд зээл авахад шаардагдах олон нөхцлийг хангаж чаддаггүй. Тэдний ажилласан жил, олдог орлого, хөрөнгийн барьцаа гээд л бүх зүйл нь нас шиг нь “залуухан” байдаг. Тийм болохоор зөвхөн залуу гэр бүлд зориулсан зээлийн хөтөлбөрийг засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх хэрэгтэй.
Мөн залуу хосуудыг амьдралын шаардлага нэрийн дор “хүчээр” салган гадаад дотоодод мөнгөний ажилд явуулах нь буруу юм. Бие холдвол сэтгэл холдоно гэдэг үг энэ тохиолдолд биелэгддэг.
Үүний оронд хамт явуулж гэр бүлээрээ амьдралын төлөө зүтгэхэд нь туслах ёстой бус уу? Эрчүүдийг гадаадад хөлсний ажилд явуулж хүйсийн тэнцвэргүй байдлыг улам ихэсгэсэн нь салалт гарах бас нэгэн шалтгаан болж байна. Айлын гэргий, хүүхдийн ээж болох насан дээрээ эмэгтэйчүүд хэн нэгний нууц амраг болж амьдрах нь харамсалтай. Энэ бол хүйсийн тэнцвэргүй байдалтай шууд холбоотой юм. Монгол орны хувьд иргэд нь анх төрөхдөө эрэгтэй эмэгтэй хүйс тэнцвэртэй байдаг бөгөөд, дунд сургуульд ч тэр тэнцвэрээ хадгалдаг байна. Харин 20-35 насны хооронд эрчүүд ихээр цөөрдөг гэнэ. Энэ нь мэдээж 1990-ээд оноос хойш гарсан өөрчлөлт. Харь нутагт хөдөлмөрлөж, ар гэрээ тэтгэж байгаа залуусийн дийлэнх нь 20-35 насныхан эзэлдэг. Ойролцоогоор 130 гаруй мянган залуус тэнд байгаа гэсэн баримжаа байдаг ажээ.
Гадаадад ажиллах хүч зуучилдаг байгууллагуудын дүн мэдээгээр хүйсийн харьцаа маш их
зөрүүтэй буюу 20 хувь нь эмэгтэй үлдсэн нь эрчүүд байдаг гэнэ. Монголын залуучуудын дунд хүйсийн хэт тэнцвэргүй байдал зохиомлоор бий болж, улам бүр гүнзгийрсээр байна.
Одоо харин уул уулхайн хөгжилөө дагаад манай залуус хөдөө орон нутагт ажиллах нь ихэслээ. Тэднийгээ л гэр бүлтэйгээ очиж ажиллах бүх боломжоор нь хангах хэрэгтэй юм. Тэгвэл хөгжил дагасан зохиомол салалт үүсэхгүй байх боломжтой биз ээ.
Д. Байгалмаа






