2014 оны хаврын загварт савхин эдлэл давамгайлна

Дэлхийн загварын гэгдэх томоохон хотуудад хавар, зуны коллекциудыг танилцуулах загварын шоунууд ар араасаа болж байна. Загвар, стильд дурлагсдын мянга мянгаараа цугларсан эдгээр шоунуудаас ирэх хавар, зуны загварын өнгө төрхийг тодорхойлдог гэхэд буруудахгүй. Тэгвэл Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцож байгаа дизайнеруудын бүтээлүүд дунд савхин хувцас нэлээд давамгай байр суурийг эзэлж байгаа ба энгийн болоод этгээд дүр төрхийг бүтээхийг хүсдэг хэн бүхний байнгын сонголт болдог савхин хувцас энэ хаврын загварын гол ноён нурууг тодорхойлно гэдгийг алдартай дизайнерууд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа аж.
 
Италийн Милан хотын загварын шоуны үеэр ч энэ хаврын хувцасны загварт голлох савхин эдлэл, тэр дундаа хар болон цагаан өнгө хосолсон, мөн хүрэн өнгийн савхин хувцаснууд загварын чиг хандлагыг тодорхойлохын зэрэгцээ энэ салбарт дурлагсдын хаан сонголт байх мэдээллүүдийг цацаж байна. Үүнтэй зэрэгцэн дэлхий дахинаа нэрээ дуурсгасан, мөн загварт дурлагсдын сонгож хэрэглэдэг алдарт брэндүүд мөн өөрсдийн хавар, зуны загварын чиг хандлагын талаархи мэдээллүүдийг түгээж байгаа юм. Ингээд цэнхэр дэлхийг хэрэн олны танил болсон тансаг хэрэглээний болоод бусад нэр хүндтэй брэндүүдийн 2014 оны хавар, зуны загвараас та бүхэнд мэдээлэл хүргэе.

Burberry
Их Британийн дээд зэрэглэлийн брэнд Burberry коллекцийн 2014 оны хавар, зуны загварын зурагчнаар алдарт загварын гэрэл зурагчин Mario Testino ажиллажээ. Burberry-ын гүйцэтгэх захирал Кристофер Бэйлигийн мэдээлснээр бол тэд шинээр гаргасан коллекци бүртээ Их Британийн шинэ залуу загвар өмсөгч болон уран бүтээлчидтэй хамтран ажиллахыг илүүд үздэг гэнэ. Тэд энэхүү хавар, зуны коллекцийнхоо танилцуулгад шинэ залуу уран бүтээлчдийг хамруулсан бөгөөд “The Mortal Instruments: City of Bones,” болон  “Twilight” цуврал кинонуудад тоглож байсан Английн залуу жүжигчин Жейми Кэмпбелл Бауэр мөн “Childhood” хамтлагийн дуучин, хөгжимчин Лео Добсон, шинэ залуу загвар өмсөгч Малаика Ферт болон Матильда Лоутер, Нилам Жохал, Каллум Болл болон Жан Кэмпбелл нар  оролцож байгаа аж.

Энэ хавар, зуны хувьд тус брэндийн цувнууд бор шаргал өнгийг голчилсон байх бол харин уламжлал болсон хумбагар цүнх өмнөх жилүүдийнхээсээ илүү баяжиж гарах нь. Учир нь, ийм хэлбэрийн цүнхний борлуулалт тус брэндэд багагүй ашиг, орлогыг авчирсан учраас энэ жил гутлын нийтлэг өнгө гэгддэг хар, улаан, хүрэн бор өнгөөр чимэглэл хийж, уламжлалт загвараа хадгалсан байдлаар цүнхнүүдийг танилцуулж байгаа юм байна.


Just Cavalli
Дизайнер Just Cavalli болон Roberto Cavalli наргүйгээр орчин үеийн загварын ертөнцийг төсөөлөхийн аргагүй. Тэгвэл тус компанийнхан 2014 оны хавар/зуны загварын шинэ коллекцио танилцуулжээ. Зураг авалтад Эмили ДиДонато (Emily DiDonato), Саманта Градовилль (Samantha Gradoville), Адриана Кардосо (Adriana Cardoso) нар оролцсон байна.
2013 онд цулгай өнгийн загварыг дагнасан тус брэнд энэ хавар, зуны хувьд байгалийн өнгийг сонгож авсан нь танилцуулсан загварууд, загварын ката¬логиос харагдаж байлаа. Барын эрээн болоод цэцгийн тод өнгө, том дэлбээнүүд, хурц тод алаг эрээн шийдэл тус брэндийн энэ хаврын өнгө төрх байх бололтой.


Виктория Бэкхем
Английн алдарт охидын хамтлагийн гишүүн асан, өдгөө нэр хүндтэй хөлбөмбөгчний эхнэр гэдгээрээ алдаршсанаас гадна өөрийн гэсэн загварын орон зайг хэдийнэ бий болгож, энэ салбарт амжилттай яваа Виктория Бэкхем бүсгүй өөрийн загварын шоуны гараануудад танилцуулагдсан загваруудаараа гангарч, багагүй сурталчилгаа хийдэг бол ажил хэрэгч эмэгтэй хувцасны салбарт тэрбээр багагүй шүтэн бишрэгчтэй, худалдан авагчтай болоод амжсан юм.

Тэрбээр хэдхэн хоногийн өмнө 2014 оны хавар, зуны коллекцио танилцуулав. Нью-Йорк хотноо болсон загварын долоо хоногийн үеэр Виктория Бэкхемын загваруудыг сонирхохоор маш олон хүндтэй зочид, загварын хорхойтнууд хуран цугларсныг энд дуулгах нь зүйн хэрэг биз ээ. Түүний загварууд ихэмсэг хэрнээ дэгжин төрхийг илтгэсэн байх бол дийлэнх нь ажил хэрэгч эмэгтэйчүүд рүү хандсан загвар байсан гэдгээрээ өвөрмөц байв. Харин өнгөний хувьд цагаан болон цайвар өнгө энэ хавар, зун түүний загварын трэнд байх аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.