Насанд хүрэгчдийн шатрын УАШТ-д оролцох бүсгүйчүүд

Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 54 дэх, эмэгтэйчүүдийн 46 дахь удаагийн тэмцээн ирэх сарын 4-12-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт болно.

Хоёр жилд нэг удаа явагддаг шатрын хамгийн том наадам болох "Дэлхийн шатрын олимпиад" наймдугаар сарын 1-14-нд Норвеги улсын Тромсо хотноо болно. Улсын аваргын эхний таван байрт шалгарсан тамирчид Норвегийн эрхээ өвөртлөх юм.

 Олон улсын мастер Батхуягийн Мөнгөнтуулын тухайд энэ жил эрчүүдтэй дөрөв дэх удаагаа хүч үзнэ. Өнгөрсөн жил тэр IV байр эзэлж байлаа.

Эмэгтэйчүүдийн тухайд Олон улсын мастер Баянмөнхийн Анхчимэг 18 дахь удаагаа оролцож, дээд амжилтанд дөхсөөр. Түүний урд 19 удаа оролцсон Спортын мастер Гэндэнжамцын Баярмаа бий.



ФИДЕ мастер Сэнгэравдангийн Отгонжаргал Австрали улсаас хүрэлцэн ирж 16 дахь удаагаа, Улсын гурван удаагийн аварга Ууганбаярын Лхамсүрэн 11 дэх, Цэгмэдийн Мөнхчулуун 12 дахь, Баярсайханы Янжинлхам гурав дахь удаагаа оролцоно.

Сүүлийн хэдэн жил спортоосоо түр хөндийрсөн Спортын мастер Янживын Батзаяа найм, өнгөрөгч оны медальтнууд Сэнгээбаатарын Сарантунгалаг ес дэх, Баяржаргалын Баярмаа долоо дахь, Өнөржаргалын Нямтуяа найм, Энхсайханы Хулан дөрөв дэх удаагаа оролцох бол Спортын дэд мастер Үүрцайхын Үүрийнтуяа, Сарантуяагийн Жаргалмаа нар анх удаагаа хүчээ үзнэ. Эдгээр шатарчдаас олдсон боломжоо хэрхэн зөв ашиглаж, давуу өрөгтөө хэрэгтэй үр дүнгээ салгаж, хүснэгтийн оноо болон олимпийн шигшээгийн тоог бага зүүдэлж, сэтгэл зүйгээ удирдаж чадсан нь өндөр амжилт үзүүлэх болов уу.

Бүсгүйчүүдийн эрчүүдээс ялгарах нэг онцлог нь эцсийн мөч хүртлээ тэмцдэгт оршино. Гэхдээ энэ нь нэг талаасаа зөв боловч нөгөө талаасаа олон хоногийн чухал тэмцээнд өөрийгөө ядраах сул талтай байдаг.

Эмэгтэй шигшээд оролцож байгаа 12 тамирчны адармаатай өрсөлдөөн гарах шинжтэй.

"Од нь гүйж, хийморь нь тэтгэсэн" хэн ч бахдам амжилтанд хүрнэ дээ. Бүгдэд нь амжилт хүсье!

Үзэгч, сонирхогчдын  хувьд аягатай хоолоо мартам, амтархан сонирхох, арав хоног айсуй.

ФИДЕ шүүгч, Спортын мастер
Дархинт Батболдын НЯМДАВАА
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.