Инээдмийн баяр бусад оронд

 

 
Чухам яагаад дөрөвдүгээр сарын 1-нийг инээдмийн буюу, “тэнэгүүдийн баяр”-ын өдөр болгосон тухайд албан ёсны тайлбар байдаггүй. Гэхдээ хэд хэдэн хувилбар бий. Тухайлбал, эл баярыг эртний Ромоос гаралтай гэж зарим эх сурвалжид тэмдэглэсэн байна. Гэхдээ дөрөвдүгээр сарын 1 бус хоёрдугаар сарын дундуур “тэнэгүүдийн баяр”-ын өдөр гэж тэмдэглэдэг байжээ. Анх 1582 онд Ромын пап XIII Григорий шинэ цаг тооны бичиг ашиглах тушаал гаргасан аж. Энэхүү цаг тооны бичиг ёсоор шинэ жил нэгдүгээр сарын 1-нээс эхэлж байв. Гэвч шинэ хуанлитай санал нэгдээгүй хэсэг нь шинэ жилийг урьдын адил дөрөвдүгээр сарын 1-нээс тэмдэглэсээр байжээ. Шинэ хуанли мөрдсөнөөс хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа ч Европын дийлэнх хэсэг нь хуучин хуанлиг мөрдөж байсан тул эдгээр хүмүүсийг “April Fools” буюу “дөрөвдүгээр сарын тэнэгүүд” хэмээн нэрлэх болжээ. Эл өдөр хүмүүс танилуудынхаараа зочилж, бие биестээ бэлэг өгдөг байж. Цаг хугацаа өнгөрөх тусам бэлэг нь тоглоомын хэв шинжтэй болсон төдийгүй хүмүүс ч “танайд очно” гэчихээд очихгүй байх зэргээр биесээ хуурах болжээ. Ийнхүү шинэ жилийн баярын өдөр биесээрээ даажигнах өдөр болон хувирчээ. Харин зарим түүхчид уг баярыг эртний Энэтхэгээс гаралтай хэмээжээ. Мөн ирландчууд шинэ жилийн анхны хавартай холбогдуулан эртнээс тэмдэглэж ирсэн гэх хувилбар ч бий. Баярын үүсэл хэдий бүрхэг ч олныг хамарч чадсаныхаа ачаар дэлхийн дахинаа өргөн тэмдэглэгдэх болжээ. Анх христийн соёлтой барууны орнуудад өргөн дэлгэрсэн бол өдгөө Ази, Дорнын орнууд төдийгүй лалын шашинт орнуудад түгээмэл дэлгэрчээ. Ийнхүү дэлхий нийтийг хамарсан баяр болоход нь уг хөгжөөнт үйлдлүүдийг сурталчилсан барууны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд болон уран сайхны болон хүүхэлдэйн кинонууд чухал үүрэг гүйцэтгэсэн хэдий ч ард олны биесээрээ даажигнах инээд наадгай нь хүмүүст илүү баяр хөөр авчирч чадсанаараа түгээмэл болох ач холбогдлыг дагуулжээ. Жилийн нэг л өдөр хүмүүс ажил хэрэгч байдлаасаа татгалзаж, нөхөрсөг шог чанаруудаа тодотгосноор буруудсан зүйлгүй төдийгүй харин ч өөр хоорондоо илүү дотносдог эерэг баярын өдөр гэж болно. Ингээд эл баярын өдрийг дэлхийн бусад орны иргэд хэрхэн тэмдэглэдгээс сонирхъё. Туркийн ард түмэн энэ өдөр мөн л монголчуудын адил биесээ хууран даажигнадаг. “Машиныг тань хулгайлчихлаа”, “Өнөөдөр ажилдаа ирэхгүй байж болно” хэмээн биесээрээ даажигнах нь хэвийн зүйл. Хамгийн аюултай нь эл өдөр хэн нэгэн танаас ямар нэг зүйлийг тань хэрэглэчихээд өгье хэмээн авчихаад өгөхгүй байх нь хатуу тоглоомт өдрийн хэвийн дүрэм. Өөрөөр хэлбэл, та эл өдөр бусдад юмаа санамсаргүй байдлаар өгчихөөд хэзээ ч буцаан авч чадахгүй байж болно. Гэхдээ ард олныг үймүүлэх хэмжээнд хатуу тогловол хуулийн арга хэмжээ авхуулна. Тухайлбал, 2010 онд тус улсын иргэн Мурат Алас гэгч Стамбулийн усан онгоц дээр зорчиж явахдаа “Надад тэсрэх бөмбөг бий шүү” хэмээн онгоц даяар хашгиран, ард олныг үймүүлэн тоглосныхоо хариуд 15 сар шоронд суух шийтгэл хүлээж байсан “гашуун” сургамжтай. Энэтхэгчүүд эл өдрийг борооны улирлын эхлэл хэмээн билэгшээж, бие бие рүүгээ ус шүршин тэмдэглэдэг. Мөн инээж хөхөрсөн хөгжилтэй хүмүүсийн цуваа энд тэндгүй хөлхөлддөг байжээ. Их Британид эл өдрийг гэр бүлийн хэмжээнд хөгжилдөн өнгөрүүлэх нь түгээмэл. Гэр бүлийн гишүүд элдэв янзаар хоорондоо даажигнадаг. Тухайлбал, өглөө босоход хэн нэгэн нь бусдынхаа өмсөх цамцны ханцуйг хоолойтой нь оёсон байх энүүхэнд. Мөн өглөөний цайнд зориулан бэлтгэсэн хоол утгаа алдсан байх нь ч бий. Чанасан өндөг хоосон байх юмуу амтат зууш хиймэл тоглоом ч байж болно. Мөн хүүхдүүдээ дэлгүүрээс “тагтааны сүү, хулганы чавх гэх зэрэг элдэв бусын санаагаараа зохиосон зүйл худалдан авч ир” хэмээн явуулдаг байна. Харин Герман болон Австрид дөрөвдүгээр сарын 1-нийг азгүйтлийн өдөр хэмээдэг. Мөн библийн Иудагийн мэндэлсэн өдөр гэж тооцдог. Эл өдөр хүмүүс шинэ ажил эхлэх дургүй байдаг төдийгүй зарим нь бүр ажилдаа ч явдаггүй байна. Түүгээр зогсохгүй өөрт таалагддаггүй хүмүүстэйгээ огт харьцахгүй, зайгаа барих нь хэвийн зүйл аж. Францад цаасаар төрөл бүрийн загас хийн бусдын нуруунд мэдэгдэлгүй зүүх даажигнал түгээмэл байдаг. Ялангуяа сургуулийн сурагчид эл өдрийг бусдаас илүүтэйгээр хөгжилдөн өнгөрүүлдэг. Хөгжилдсөн олны хөлд гудамжаар яваа иргэд төдийгүй заримдаа цагдаа нар өртөх нь ч энүүхэнд. Нидерландад тэнэгүүдийн баярын өдөр хүмүүс сонин уншихыг илүүд үздэг байна. Учир нь жил бүрийн энэ өдрийн дугаарт төрөл бүрийн шуугиант мэдээлэл нийтлэгдэн олны сонирхлыг татдаг. Эдгээр шуугиант мэдээллийн дийлэнх нь худал байдаг ч жил бүр хүмүүс өмнөх худал мэдээллүүдэд хууртсанаа умартан шинэ дуулиан, шуугиан болохыг сониноос сонирхон “гэгэлзсээр” байдаг аж. Америкчууд эл өдрийг бусад орныхноос илүү өргөн тэмдэглэдэг гэж болно. Хүүхэд, хөгшидгүй элдэв хачин даажигнал зохион олж хөгжилддөг байна. Зарим нь бүр хэр олон хүнийг худал зүйлд итгүүлэх, эвгүй байдалд оруулахаа эртнээс төлөвлөн ажилласнаар ямар “амжилт” гаргаснаа баримтжуулан бусдад сонирхуулдаг аж. Тухайлбал, 1974 онд Аляскийн оршин суугч Порки Биккар унтаж буй галт уулын тогоонд мод овоолон гал асааж, утаа гарган “галт уул идэвхжиж эхэллээ” хэмээн хүмүүсийг сандралд оруулж байжээ. Мөн 1998 онд даажигналдаа хэт итгэсэн хакерууд Массачусетсийн технологийн их сургуулийн цахим хуудсыг эвдлэн орж, “АНУ-ын хамгийн нэр хүндтэй, алдартай сургуулиудын нэг болох манай сургуулийг “Disney” компани худалдан авлаа” гэсэн мэдээлэл оруулан шуугиан тарьж байв. Уг баярыг америкчууд хэрхэн өргөн тэмдэглэдэг нь жирийн иргэдийн төдийгүй нэртэй, томоохон компаниудын зүгээс гаргасан даажигналын баримтуудаас харагддаг. Тухайлбал, “Burger King” компани солгой хүмүүст зориулсан онцгой гамбургер гаргасан тухайгаа эл баярын өдөр мэдээлж, олон сониуч хүнийг өөртөө татахын сацуу даажигнаад авсан удаатай. Мөн шар айрагны “Miller Lite” компанийнхан Техас мужийн Марфа хотын дээгүүр үдэш бүр үзэгдэх болсон учир битүүлэг бяцхан галын ерөнхий спонсор нь бид хэмээн өөрсдийгөө “рекламджээ”. Тэр ч атугай энэ галыг “Miller Lites” хэмээн нэрлэсэн гэж зарлан ард олныг итгүүлсэн байна. Тус улсын мэдээллийн хэрэгслүүд ч эл өдрийг таатайгаар ашигладаг. Олны анхаарал татсан шуугиант мэдээлэл нийтэлж уншигчдын хүрээг тэлээд зогсохгүй багагүй орлого дагуулж болох сайн талтай. Худал мэдээлэл түгээх гол шалтгаан нь “дөрвөн сарын нээээгэн” юм чинь буруудах үндэслэлгүй. Хятадын удирдлагууд ард иргэдээсээ хэзээд үнэнч байх зарчмыг шаарддаг. Ямар ч тохиолдолд, хэдийд ч зөвхөн үнэнийг ярьж, үнэнийг баримтлах үүрэгтэй эндхийн ард түмэн сүүлийн жилүүдэд “худалч”-ийн баярыг өргөн тэмдэглэх болжээ. Худал, хуурмагийг дураараа үйлдэж болох эл өдрийг хятад залуус ч өргөн ашиглах болсон гэнэ. Тэд бусад орны залуусын адил биесээ тохуурхах, бусдад хор учруулахгүйгээр хууран мэхлэх зэрэг түгээмэл хэлбэрээр хөгжилдөн өнгөрүүлдэг. Оросууд эл баярыг I Петр хааны үеэс тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Энэ өдрийг эерэг уур амьсгал, инээд хөгжөөнтэйгээр угтаж чадвал тухайн жилээ ийм байдалтай өнгөрүүлнэ гэж оросын ард түмэн итгэдэг. Жирийн үед ч наадам, наргиагаар бялхаж явдаг “онигоосог” ард түмэн бол яах аргагүй оросууд. Тиймээс инээдмийн баярын өдөр тэдний хувьд хамгийн онцгой хөгжөөнтэй өдрүүдийн нэг байдаг. Баярын өдрийн наргианууд дийлэнхдээ хэн нэгнийг гомдоохооргүй, мартагдашгүй, сайхан дурсамж үлдээхүйц хандлагатай. Хамгийн гол нь тухайн хүнийхээ нулимсыг гартал инээлгэх зорилготой. Тэмдэглэлт өдрийн хүрээнд Москва болон бусад томоохон хотуудын төв талбай болон гудамжаар элэгсэг шоу, концерт, алиалагчдын тоглолт зохион байгуулагдаж ард олныг хөгжөөдөг байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.