П.Одгэрэл: Энэ амьдрал өөрөө хар бараан зүйлээр хучигдсан болохоор тэр бүгдийг өөдрөг үзэл, өнгөлөг цайвар өнгөөр будахыг хичээж амьдардаг

Үдэш бүр гэрийн тань хойморт урилгагүй залардаг хүмүүс бол телевизийн сэтгүүлч, нэвтрүүлэгч, хөтлөгчид билээ. Тэр дундаа манай ууган телевизүүдийн нэг болох UBS телевизийн “Universe Best songs” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Одгэрэлийг танихгүй хүн бараг үгүй биз ээ. Тэгвэл саяхан болсон "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-ийг тохиолдуулан сэтгүүлч бүсгүйтэй ярилцсан юм.
Сайн байна уу? www.emegteichuud.mn сайтын хамт олон болон нийт уншигч авхай нарынхаа өмнөөс танд энэ өдрийн мэндийг болон "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-ийн мэнд хүргэе.
Баярлалаа. Танай сайтын хамт олон болон нийт уншигч бүсгүйчүүддээ энэ өдрийн мэнд хүргэе.
Багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байсан бэ?
Багадаа хөдөлгөөнтэй, ахыгаа дагаад бараг л тэвэг тоглочихдог охин байлаа. Харин дунд ангид орох шилжилтийн насны үедээ ичимхий болчихсон. Банди нарын харц үүнд буруутай. Өсвөр насандаа нэг их хөдөлгөөнтэй байгаагүй ээ. Оюутан байхдаа нийгмийн идэвхитэй, давхар ажилтай оюутан болсон. Ер нь цаг тутамд л өөрчлөгдсөөр ирсэн юм шиг. Гэхдээ багаасаа л тэмдэглэл хөтөлдөг, өөртэйгөө ярьдаг хүүхэд байсан минь одоо ч хэвээрээ.
Яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон бэ? Өөр мэргэжил сонгосон бол хаана юу хийгээд явж байгаа бол?
Сэтгэлийн дуудлагаараа өөрийнхөө давуу талыг үндэслээд л сэтгүүлч болсон. Ер нь бага ангид байхдаа хэл бичгийн олимпиадад орж, ахлах ангидаа монгол хэлний гүнзгийрүүлсэн сургалттай лицейд суралцаж байсан нь бичих, унших талыг минь хөгжүүлсэн шиг байгаа юм. Өөр мэргэжлийн тухайд зураач эсвэл жүжигчин. Ямар ч л байсан урлаг соёлтой холбоотой. Бүр байг гэхэд Монгол хэлний багш болох магадлал байсан.

Монголын нэрт сэтгүүлч хөтлөгч нараас хэнээс нь үлгэр дууриал авдаг вэ?
Миний хүндэтгэж биширч явдаг хүмүүс бол Бямбын Ренчин, Цэндийн Дамдинсүрэн, Шаравын Чоймаа багш гээд нэрлэвэл олон бий. Яагаад ч юм монгол хэл соёлын тухай хүмүүс ярих мөртөө Монгол бичгийн тухай дуу авиа гаргаж чадахгүй болсон. Мэддэг хүн нь цөөрсөн учраас. Би хувьдаа Уйгаржин Монгол бичгээ сурч, өвлөж авсны хувьд үүнийхээ ид шид, үнэ цэнийг Монголчууддаа хүргэхсэн гэж бодож явдаг болсон. Тийм ч учраас Монгол бичгээрээ тэдэнтэй адил тэмдэглэл хөтөлж, эмэгтэй гэж өөрийгөө гололгүй их олон зүйл тэдний залгамж болон хийхсэн гэсэн мөрөөдөж, зорьж явна.
Та биеэ их сайхан авч явдаг эмэгтэй. Магадгүй энэ бүгд таны бясалгал, ногоон хоолны сонголттой холбоотой байх?
Баярлалаа, эмэгтэй хүн хаана ч явсан биеэ сайхан авч явах хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол сайхан чанар чинь сэтгэлд байдаг учраас би сэтгэлээ сайхан авч явахыг хүсдэг. Одоо махнаас татгалзаад 8 жил болжээ. Энэрэнгүй хүнстэн, ургамалан хоолтон гэсэн үг. Байгаль цаг уур, соёл иргэншил хувьсан өөрчлөгдөж байдаг учраас хүний идэх уух, өмсч зүүх, хэрэглэх хэрэглээ, хэл соёл хүссэн хүсээгүй өөрчлөгдсөөр ирсэн. Энэ жамаар би цаг үеэ дагаад зайлшгүй хийх өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлсэн.
Сэтгүүлч мэргэжилтэй, хөтлөгчийн үүрэгтэй. Бас дээр нь шүлэг бичдэг болохоор бие даасан уран бүтээлч гэж болох байх. Олон жилийн өмнө шүлгийн ном гаргаж байсныг тань санаж байна?
Шүлэг бол миний эрх чөлөөний индэр. Тэр индэр дээр зогсох их таатай байдаг юм. Хэн нэгнээс хараат бус, өөрийнхөө харах өнцөг, хэлэх үгийг бусдад илэрхийлэх боломж. 2005 онд “Хар шилний цаана” нэртэй шүлгийн номоо гаргаж байсан. Тухайн үед их л зоригтой байж дээ. Одоо хоёр ч ном гаргахаар гар бичмэл, шүлгийн түүвэр бүрдсэн. Гэсэн ч эхнийхээ номыг одоо харахаар их тоодог шүү. Тиймээс илүү сайн зүйл гаргахсан гэж бодож байна. Бас хувь хүний хувьд, мөн чанарын хувьд дотооддоо өөрийгөө нээх цаг хугацаа хэрэгтэй байна л даа. Тиймээс дараагийн номоо зав л гарвал дахин дахин шалгаж, нягталж, шүүлтүүрээр шүүж сууна.

Саяхан дизайнер Катяа Золын оролцсон Mercedes Benz fashion week шоуг сурвалжлаад ирсэн. Төрсөн сэтгэгдэлээсээ хуваалцаач?
Хүний нутагт Монголчууд маань бие биенээ гэсэн сэтгэлээр ажиллаж чадвал амжилтанд хүрэх ойрхон болжээ. Бас энэ жилийн загварын шоуны чансаа их дээгүүр байсан нь сэтгэл хөдөлгөж байлаа. Монголын залуус их дайчин, өөртөө итгэлтэй болж байгаа нь ямар нэг зүйлийг яах бол гэж болгоомжлохоос илүүтэй хийе гэсэн хүслээр жигүүрлэж байгаа нь хүчтэй мэдрэгдсэн. Нэг жишээ нь дизайнер Золцэцэг байлаа. Эмэгтэй хүний хувьд, адилхан залуу хүний хувьд, Монгол хүний хувьд, загвар сонирхдог сэтгүүлч хүний хувьд бахархсан тийм л өдрүүд байсан. Монголын түүх соёл, уламжлалт урлаг өөрөө агуу учраас хүссэн хүсээгүй хүн төрөлхтний анхаарлыг татах нь ойлгомжтой юм байна гэж бодсон. Загвар хийгээд урлагийн номерууд их сайхан нэгдмэл болсон.
Өөртөө зориулж чөлөөт цаг хэр гаргаж байна? Чөлөөт цагаараа хийх дуртай зүйлсийн жагсаалт гаргавал?
Өөртөө цаг гаргахгүй байх нь буруу зүйл гэдгийг мэдэрсэн л дээ. Гэхдээ суралцах, ажиллахаа нэгт тавьсан минь нэг их буруудаагүй. Одоо харьцангуй чөлөө зав гарч байна. Амьдралд хандах хандлага өөрчлөгдөж байгаа нь алхам тутамд мэдрэгдэж байгаа. Энэ юу гэвэл ажил амьдралаа зөвөөр зохицуулж сурч байна, тийм шаардлага ч гарч байна. Ер нь чөлөө заваараа бясалгал хийнэ, зураг зурна, ном уншина, шүлэг бичнэ, унтана, найзуудтайгаа уулзана, дугуй унана, салхинд гарна, дэлгүүр хэснэ, гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа байна гээд хүний хийж болох бүх л сайхан зүйлсд цаг гаргадаг шүү.
Таны ойрын болон хэтийн зорилго?
Ойрын зорилго бол бэлэн болсон номоо хэвлүүлчих санаатай. Хэтийн зорилгоо одоохондоо өөртөө хадгалмаар байна. Мэдээж биелэлээ олно. Тэр үед нь харна биз. Олон зүйл энэ тархинд буцалж байна. Гэхдээ аливаад тайван бөгөөд цаг үеийн мэдрэмжтэй хандах нь зөв гэж үздэг. Хэтэрхий яарч, туйлбаргүй гүйвэл эцэхдээ амархан, алдах нь ч элбэг. Гэхдээ нэг тодорхой болсон зүйл бий. Сүүлийн үед хүүхэд эмэгтэйчүүд фэйсбүүкээр дамжуулан хөтлөгчийн сургалт хийгээчээ гэсэн хүсэлт явуулах болсон. Бас хувь хүний зүгээс зөвлөгөө, сургалт авмаар байна гэж хандах нь маш их болсон учраас энийг нэг цэгцлэх хэрэгтэй шиг санагдаад байгаа. Сургалт явуулах төлөвлөгөө байгаагаа дэлгэе.

Та өөрийгөө нэг үгээр илэрхийлнэ үү? Яагаад
Ялалт. Яагаад гэвэл би өөрийгөө хүртэл ямар нэг хэмжээгээр ялсан гэж боддог. Надад сул тал байдаг түүнийгээ засахыг хичээдэг. Буруу зуршил, бодлогогүй алхамуудаас өөрийгөө хол байлгаж дөнгөдөг. Хэн нэгний эрхшээлд автахаас зайлсхийдэг, хэлсэн үгнээсээ буцах дургүй. Яаж ийж байгаад ямар ч байдалд орсон сайнаар, зөвөөр, сайхнаар өдөр бүрийг ялахыг хүсдэг. Энэ амьдрал өөрөө хар бараан зүйлээр хучигдсан болохоор тэр бүгдийг өөдрөг үзэл, өнгөлөг цайвар өнгөөр будахыг хичээж амьдардаг. Энэ бол миний амьдралын ялалт.
Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Таны цаашдын ажил, уран бүтээлд тань өндөр амжилт хүсье.
За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье.






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.229.121.245)
2015-09-04 23:07:25
b giin ger bulees
0
0
0
Хариулах
zochin
(103.229.121.245)
2015-09-04 23:06:34
darvaasan durak min manai ger bulees hol bgaarai ugui bol chini shivshigiig chin delgene shu
0
0
0
Хариулах
bi
(202.179.0.238)
2015-01-04 01:27:24
Odgereliin yrianaas uldetstei zuil bhgui yumuuriigee neeh magtsanyasan yadruuhan yriatslaga ve
0
0
0
Хариулах







