Ч.Энхчулуун: ММаркет нь байнга хувьсан өөрчлөгдөх хэрэглэгчдийн хүсэл сонирхол, шаардлагад маш уянаар хүрч үйлчилдэг

1. Сайн байна уу өөрийгөө товчхон танилцуулаач.
Сайн байна уу, намайг Чулуунхүүгийн Энхчулуун гэдэг, MMarket.mn онлайн худалдааны сайтыг анхнаас нь үүсгэн байгуулалцаж одоо систем талаас нь хөгжүүлэлт хийж байгаа Мачворкс ХХК компаний гүйцэтгэх захиралаар ажиллаж байна.
Өөрийгөө товч танилцуулахад БНСУ-д INHA -гийн их сургуулийг програм хангамжийн чиглэлээр суралцаж төгсөөд 2007 оноос CTUnion гэх онлайн суртгалтын систем хөгжүүлдэг дунд зэргийг компанид 3 жил ажиллаж байгаад 2010 онд
Солонгосын хамгийн том хайлтын систем болох Naver -т (www.naver.com) ороод онлайн тоглоом борлуулах платформ (game.naver.com) дээр 3 жил ажиллаж туршлага хуримтлуулсны дараа 2013 онд Монголд буцаж ирсэн дээ.
Тэгээд ирснийхээ дараа Солонгост хамт суралцаж ажиллаж байсан залуучуудтайгаа хамтраад ММаркет онлайн худалдааны үйлчилгээ гаргахаар ажиллаж эхэлээд өнгөрсөн оны намраас дэлгүүрээ ажиллуулж эхэлсэн байгаа.

2. Цахим худалдааны Дэлхий чиг хандлага хашаа явж байна вэ?
Өөрийн туршлага болон цахим худалдаа өндөр хөгжсөн газар амьдарч ажиллаж байснаасаа харахад одоо цахим худалдааны 3 дахь үе эхлэж байгаа гэж боддог. Анхных нь 2000 -аад оны үед интернет.ком бүүм буюу тэсрэлт болоход хүмүүс өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ интернетээр дамжуулан зарж эхэлсэн ба Amazon, eBay, Alibaba, www.gmarket.co.kr, www.11st.co.kr, зэрэг цахим лангуу түрэслэх үйлчилгээнүүд маш том амжилтыг бий болгосон. Энэ хэн ч юу ч зарж болно гэсэн ойлголт байлаа л даа. Дараагийн хоёрдугаар шат нь бол 2000 -аад оны сүүл гэхэд энэ зах зээлд маш олон цахим дэлгүүрүүд бий болсон ба хэрэглэгчдэд дэндүү олон дэлгүүр, дэндүү олон барааны сонголтууд бий болсон. Энэ нөхцөл байдлыг ашиглан хэрэглэгчдэд яг хэрэгтэй барааг нь хамгийн боломжийн үнээр санал болгодог буюу Curration (хэрэглэгчдэд барааг нь сонгож өгдөг) хийдэг www.groupon.com, www.tmon.co.kr зэрэг үйлчилгээнүүд төрөн гарч ирсэн яг энэ үетэй давхцаад ухаалаг гар утасны хэрэглэээ маш их нэмэгдсэн ба мобайлд ээлтэй үйлчилгээнүүд гарсан юм.
Харин түрүүний хэлсэн одоо эхлэж буй 3 дахь үед шат нь сошиал буюу нийгмийн сүлжээ, харилцаан дээр тулгууралсан илүү ухаалаг худалдан авалт хийх боломжтой шинэ цахим худалдааны үйлчилгээнүүд түрэн гарч ирж байна. Жишээлвэл Хойд Америк, Европд ихэд амжилттай явж байгаа www.wish.com гэсэн сайт нь ямар ч барааны ангилал категори байхгүй ба та гишүүн болж элсээд ганц нэг барааг хүслийн жагсаалтдаа нэмэх эсвэл сагсанд хийх бүр худалдан авалт хийхэд таныг яг ямар насны, ямар дур сонирхолтой, ямар барааг авахыг хүсч байгааг систем нь өөрөө ойлгож мэдээд танд яг хэрэгтэй бараануудыг санал болгодог.
Ер нь хүн хэзээ ч дангаараа худалдан авах шийдвэр гаргадаггүй үргэлж бусдаас зөвөлгөө авах эсвэл бусадтай хамт худалдан авалт хийдэг сошиал буюу нийгмийн шинж чанарыг илүү сайн ойлгож тэдэнд яг хэрэгтэй барааг нь санал болгох чиглэлд дэлхийн чиг хандлага явж байгаа гэж хэлж болох байх.
3. Сүүлийн үед Монголд цахим худалдааны хэд хэдэн сайтууд үйл ажиллагаа явуулж байна. Монголд цахим худалдаа ямар шатандаа явж байна гэж та үзэж байна вэ?
Товчхон хэлэхэд яг хөгжлийнхөө эхэн шатанд явж байгаа гэж хэлэхэд буруудахгүй байх. Учир нь одоо ч ММаркетаас бараа авч байгаа хүмүүс манай дэлгүүрийн хаяг, байршлыг их асуудаг. Очиж өөрийн биеээр барааг үзэж авдаг тогтсон сэтгэлгээ нь хэвээрээ байгаа болов уу. Энэ нь аргагүй юм, Монголчууд маань одоо л цахимаар бараа худалдан авч гэртээ хүргүүлж хүсвэл бараа буцааж, солиж дөнгөж сурч эхлэж байна шүү дээ.
Гол зүйл гэвэл цахим худалдаа хөгжих хамгийн чухал гурван зүйл болох интернет хэрэглээний хүртээмж, банкны картын болон дансны төлбөр тооцоо, шуурхай хүргэлтийн үйлчилгээ харьцангуй сайжирсан байгаа нь интернет худалдаа хөгжих орчин бүрэн хангагдсан гэж хэлж болно.
Мөн хотын түгжрэл, бараа сонгох гэж гадуур явах нь маш их цаг зарцуулсан ажил байдаг зэрэг нь хурдасгуур хүчин зүйл болно.
4. Монголд байгаа олон он-лайн шоп, page, сайтаас MMARKET.MN технологийн хувьд юугаараа давуу вэ? Мөн та бүхний урд нь хөгжүүлж байсан төслүүдээсээ танилцуулаач.
Хамгийн гол ялгагдах зүйл гэвэл ММаркет нь технологид суурилсан бизнес бөгөөд зах зээл, эрэлт хэрэгцээ, байнга хувьсан өөрчлөгдөх хэрэглэгчдийн хүсэл сонирхол, шаардлагад маш уян хатнаар тасралтгүй систем болон сайт үйлчилгээний хөгжүүлэлтийг хийдэг гэж хэлж болно. Монголд байдаг ихэнх онлайн дэлгүүрүүдийн хувьд эхлээд үйлчилгээгээ гаргахдаа захиалгаар худалдааны веб сайт хийлгээд түүнийгээ орхичихдог. Энэ нь сайндаа 6 сар магадгүй 1 жил явах ба түүнээс хойш засвар, шинэчлэлт, шинэ боломжуудыг оруулдаггүй. Хэрэглэгчид маш хатуу шаардлагатай хүмүүс тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан байнга хувьсан өөрчлөгдөж байх ёстой л доо.
Мөн бидний ялгагдах бас нэгэн гол онлцог бол ухаалаг худалдан авалтыг бий болгохоор ажиллаж байгаа юм. Энэ нь хамгийн сүүлийн үеийн МТ-гийн технологиуд болох Machine Learning буюу Машин Сургалт, Data Mining буюу Өгөгдөл Олборлолт зэргийг ашиглан хэрэглэгчдийн зан төлөв, дур сонирхлыг автоматаар танин ойлгож тэдэнд тохирсон, яг хүссэн бараануудыг нь санал болгох юм. Жишээлбэл хүүхэддээ живх худалдан авдаг эзэгтэй манай хэрэглэгч байлаа гэж бодьё. Хоёр долоо хоногт 60 ширхэгтэй живх нэг удаа авдаг байхад машинуу түүнийг олж ойлгоод дараагийн живх хэрэгтэй болохоос нь өмнө бид яг тэр живх эсвэл ижил тэстэйгөөс илүү сайн живхийг хямдралтайгаар өөрт санал болгох зэрэг байж болно.
Манай компаний өмнө хийж байсан томоохон ажлуудаас дурьдвал 2013 онд бид Скайтел Грүппын захиалгаар Mapps (www.mapps.mn) Андройд Мобайл Аппликейшн Дэлгүүрийг хөгжүүлээд 2014 онд 6 сард ашиглалтанд оруулсан. Уг дэлгүүр нь Google Play Store, Apple App Store, Naver App Store зэрэг дэлхийн шилдэг мобайл аппликейшн дэлгүүрүүдийн адилаар төлбөр тооцоо, хөгжүүлэлтэд зориулсан Open API SDK зэрэг олон улсын стандарт болсон бүхий л бүрдэл хэсгүүдийг агуулсан сайн систем болж чадсан гэж боддог. Хамгийн гол нь Монгол инженерүүд хамтран бүтээсэнд байгаа юм. Сая 4 сард болсон Bloomberg Awards 2014 (http://news.gogo.mn/r/159483) -д оны шилдэг инновациар шалгарсан. Мөн Techinasia.com сайтаас Монголоос 2015 онд онцлох гарааны 10 бизнесүүдэд MMARKET.MN (https://www.techinasia.com/10-startups-watch-mongolia/) орсон.

5. Манай сайтыг маш олон бүсгүйчүүд үзэж сонирхдог тэдэнд хандаж MMARKET.MN-ийн зүгээс юу амлаж чадах вэ?
Тиймээ, танай сайт бол Монгол бүсгүйчүүдэд маш хэрэгцээтэй, өгөөжтэй мэдээ, мэдээлэл, зөвөлгөөнүүд тавигддаг маш сайн сайт гэж боддог. Тэгээд танай сайтын байнгийн зочид болох эмэгтэйчүүд, бүсгүйчүүдэд бидний зүгээс амлаж чадах зүйл бол цаашдаа та бүхэндээ чанартай, боломжийн үнэтэй, сайн бараануудыг илүү олноор, илүү өргөн сонголттойгоор санал болгоноо гэж хэлмээр байна. Мөн дээрээс нь та бүхний санал хүсэлтийг чих тавих сонсож илүү чанартай үйлчилгээ, баталгаатай төлбөр тооцоо, найдвартай шуурхай хүргэлтийг амлаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







