Эрүүл мэндийн сайдын хийж чадаагүйг хийж чадсан долоодугаар ангийн сурагч Ц.Ухаанзаяа
Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Нийслэлийн “Шилдэг сурагч”, Хэнтий аймгийн 2013 оны “Шилдэг сурагч”,Эрүүл мэндийн салбарын “Эх хүүхдэд ээлтэй” сурагч Ц.Ухаанзаяа хандивын тоглолт хийж олсон орлогоороо эмнэлгийн төрөх тасгийн орнуудыг шинэчилж өгсөн тухай мэдээлэл сүүлийн үед гарсан хамгийн бахархмаар, гэгээлэг үйл явдал болоод байгаа билээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын I сургуулийн 7а ангийн авьяаслаг сурагч Ц.Ухаанзаяа “Ачийг тань хариулья” нэртэй уран бүтээлийн хандивын тоглолтоо тавдугаар сарын 19-ний өдөр гурван удаа хийж, тоглолтынхоо орлогыг аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийн орнуудыг солиход зарцуулсан.
Ц.Ухаанзаяа охин хорвоод мэндлэх бяцхан дүү нарынхаа өмнө томоохон ажил хийж пүрш нь сунасан 16 орыг будаг нь ханхалсан модон ороор сольж өгсөн байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг нь анх байгуулагдсан цагаасаа эхлэн ганц ч удаа ороо солиогүй байсан ба төрөхийн өмнөх болон төрсний дараах өрөөнүүдийн орыг бүгдийг шинээр сэлгэжээ. Мөн “Хүүхдийн тасаг”, Уламжлал анагаах ухааны төвийн дэргэдэх Хоол тэжээл, сэргээн засах сувилалд 300000 төгрөгийн 7 төрлийн 22 тоглоом, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн түрдэг тэргэнцэр зэргийг бэлэглэсэн байна.
Ийнхүү долоодугаар ангийн сурагч охин Эрүүл мэндийн сайдын хийж чадаагүйг хийж чадсан гэхэд хэлсдэхгүй болов уу. Ц.Ухаанзаяа охин бяцхан биедээ баймгүй их ухаан ур чадвар гарган эх үрсийг энх тунх байх нөхцөлийг бүрдүүлж өгсөнд уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс талархаж байна.
Ухаанзаяа охиндоо сурлага, урлаг спортын өндөр амжилт хүсэн ерөөе!










