Энэ зуны нүүр будалтын чин хандлага

Нүүр будалт бол хувцас загварын адил өнгө аяс нь үргэлж хувьсч байдаг урлаг юм. Тиймдээ ч жилийн дөрвөн улиралд хэв маяг нь өөрчлөгдөж байдаг. Тиймээс бүсгүйчүүддээ 2014 оны зуны нүүр будалтын чиг хандлагыг танилцуулж байна.

1. Нил ягаан өнгийн нүдний будалт

Зуны зугаатай өдрүүдэд цахирмаа, лаванда цэцэгсийнх шиг нил ягаан өнгө бүсгүй таны нүдийг чимэх нь… Ингэхдээ тод бус уусалттай нимгэн будалт зонхилно. Хэрвээ та энэхүү будалтыг туршиж үзэхээр шийдсэн бол уруулаа өөр өнгөөр будахыг зөвлөж байна.

2. Улбар шар уруул

Неон гэрлийг санагдуулам улбар шар өнгийн уруултай бүсгүй гудамжаар зөрвөл бүү гайхаарай. Энэ этгээд өнгө зуны нүүр будалтын нэг хэсэг байх нь. Та уруулаа тодотгож өгөхийн тулд үл ялиг хүрээлсэн ч болно. Мэдээж будалт хийхийн өмнө таны хувцас сонголт, үс засалттай хэр нийцэхийг бодолцоход илүүдэхгүй юм.

3. Хурц өнцөг бүхий контуран будалт

Өнгөрөгч оны контуран будалт энэ зун үргэлжлэх хэдий ч хэлбэрийн хувьд бага зэрэг өөрчлөгдөх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл хурц өнцөг бүхий хэв маяг ноёлох юм. Үүнийг нүдний смоки будалттай хослуулахад бүсгүй та эрч хүчтэй, дур булаам харагдах болно.

4. Гэрэлтсэн мэт царай

Гэрэлтсэн мэт царай энэ зуны нүүр будалтын хэв маяг ажээ. Энэ будалтыг хийхийн тулд бүсгүй та чангаанзны өнгөтэй хацар өнгөлөгчийг хэрэглэхийг зөвлөж байна. Мөн нунтаг энгэсэг, нүүр чийгшүүлэгч, будаг шингээгч (шүршигч) түлхүү хэрэглэвэл зохимжтой. Гэрэлтсэн мэт царай нь таны арьсыг эрүүл харагдуулдгаараа онцлогтой.

5. Нүдний дээд болон доод сормуусны будалт



Нүүр будалтын ертөнцөд “согоон” будалт хэмээн нэрлэгддэг дээд, доод сормуусыг будах хэв маяг энэ зун давамгайлна. 1960-аад онд барууны орнуудад түгээмэл дэлгэрсэн тус будалтыг хийхийн тулд хиймэл сормуус ашигласан ч болно. Ингэснээр бүсгүй та эрч хүчтэй, зоримог харагдах юм. Харин уруулаа бүдэг, завсрын өнгөөр өнгөлөөрэй.

6. Өргөн бас өтгөн хөмсөг

Загвар өмсөгч Cara Delevingne-ийнхтэй адил өргөн, хэт нуман биш хэлбэртэй, өтгөн хөмсөг энэ зуны нүүр будалтын нэг хэсэг юм. Харин та энэ хөмсгийг сонгохоор шийдсэн бол нүүрний хэв маягт тань зохих эсэхийг бодож үзээрэй.

7. Нүдний цагаан өнгийн хүрээлэгч

Энэ зун таны нүдийг тодотгох, цоглог эрч хүчтэй харагдуулахад цагаан өнгийн хүрээлэгч тусална. 1990-ээд онд дэлгэрч байсан нүүр будалтын энэхүү загвар нь дээд доод зовхио цагаан өнгийн хүрээлэгч харандаагаар эсвэл нүдний эхлэл хэсгийг тосон цагаан тениэр будах хэв маяг юм. Үүнийг та дээр дурдсан нил ягаан өнгийн тень, эсвэл улбар шар өнгийн уруулын будагтай хослуулж ч болно.

8. Будаагүй мэт харагдах нүүр будалт

Хэзээ ч хоцрогддоггүй нүүр будалт бол яах аргагүй будаагүй мэт харагдах нүүр будалт юм. Та энэхүү будалтыг сонгосон бол өнгөгүй уруул өнгөлөгчийг ашиглаж, сормуусаа дэрвийлгэж, хөмсгөө үл ялиг будах хэрэгтэй. “Хамгийн сайхан будалт бол будаагүй мэт харагдах хэв маяг” хэмээн алдарт загвар өмсөгч Cindy Crawford нэгэнтээ хэлсэн байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.