Санаанд оромгүй “хачирхалтай” хуримууд


Амьдралд тохиох хамгийн гайхалтай хором мөчүүдийн нэг бол хайртай хүнтэйгээ гэр бүл болж, хуримын ёслолоо үйлдэх билээ.

Өдгөө эх дэлхийн дурлалт хосууд маань энэхүү баярын өдрөө этгээд сонин байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх болжээ. Ингээд зарим нэг нь сэтгэлт хүнээс илүү эд зүйлийг шохоорхон хуримласан хачирхалтай явдлуудтай танилцацгаая.

“Сарнайн” хурим
Гэрлэх ёслолын энэхүү сонирхолтой тохиолдлын эзэн бол Хятадын Сяо Ванг гэх залуу бөгөөд тэрээр гэргий Люгийнхээ хэлж байсанчлан хамгийн мартагдашгүй, хамгийн романтик хуримын ёслол үйлдэхээр сэдсэн нь 99.999 сарнайн хурим байжээ. Тэрээр бүтэн нэг жилийнхээ хөдөлмөрийн хөлсийг энэхүү 99.999 улаан сарнайг худалдан авахад зарцуулсан бөгөөд 999 гэсэн тоо нь тэдний хувьд аз хийморь, амжилт бүтээлийг бэлгэдэх онцгой тоо ажээ.

Энэхүү сарнайгаараа тэрээр 30 орчим машиныг чимэглэж хуримынхаа ёслолыг үйлдсэн ба энэ арга хэмжээндээ туслах жолооч нарыг зурагтаар зарлал явуулж урьсан байна. Тэрээр энэхүү сарнайг худалдан авсан мөнгөнийхөө 20 хувьтай тэнцэх хэсгийг сайн үйлсэд зориулж хандив өргөсөн ба энэ нь тэдэнд аз авчрах болно гэсэн байна.

“Эйфелийн цамхаг”
Спортын салбарын алдартай эмэгтэй Эрика Ла Бри 2007 онд дэлхийд алдартай Эйфелийн цамхагтай гэр бүл болжээ. Тэрээр амьгүй зүйлст татагдах онцгой мэдрэцтэй хүмүүст зориулсан “OS Internationale” байгууллагыг үүсгэн байгуулагч бөгөөд 2004 оноос Эйфелийн цамхагийг шохоорхох болжээ. Биеэр хурьцах бус харах мэдрэхүйгээр хайрыг харамгүй мэдрэх өвөрмөц мэдрэмжтэй Эрика овгоо өөрчилж нөхөр болох Эйфелийн цамхагийн нэрээр Эрика Эйфел гэгдэх болсон байна. Үүний нэгэн ижил тохиолдол нь Эйя - Рита Берлинер - Мауэр гэх эмэгтэй байх агаад тэрээр Берлиний ханатай 1979 онд гэрлэж, ханыг нураахад эмгэнэн гашуудаж байсан гэдэг.


Роботоор "адислуулсан" гэрлэлт
Өмнөд Солонгосын төдийгүй дэлхийн түүхэнд урьд хожид байгаагүй нэгэн тохиолдол 2007 онд бүртгэгджээ. Энэ нь тус улсын “Hanool Robotics” компаний инженерүүдийн зохион бүтээсэн Тиро робот нэгэн хосын хуримын ёслолыг адисласан явдал юм. Робот нь эмэгтэй хүний хоолойгоор ярьдаг бөгөөд ийнхүү хос хоёрын хуримыг адислан гэрлэх ёслолын үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Энэхүү өвөрмөц хуримын гол эзэн болсон Тиро робот тухайн үед $215.000 хол давсан өртгөөр хийгдэж байсан гэнэ.

Дельфинтэй гэрлэсэн нь
Хүн төрөлхтөн амьтадтай гэр бүл болох явдал дэлхийн өнцөг булан бүрт цөөнгүй гарах болжээ. Тэдний нэг бол Синди хэмээх дельфиний хурим юм. Дэлхийн хамгийн өхөөрдөм бас ухаантай энэ амьтан Лондонд амьдардаг Еврей саятантай гэрлэсэн тохиолдол 2006 онд гарчээ. Энэ эмэгтэйг Шэрон Тендлер гэдэг ба тэрээр дельфинийг анх харсан цагаасаа хойш түүнд татагдах болжээ.


Шэрон Синди дельфинийг харах гэж Израиль руу нилээд аялдаг байжээ. Ингээд 14 жилийн дараа дельфиний дасгалжуулагчаар дамжуулж Синдид гэрлэх тавьснаар тэд Израилийн Эйлат хотод гэр бүл болжээ. Харамсалтай нь Синди удалгүй өтөлж нас барсан байна. Магад Синди нэрнээс нь эм дельфин байсан эсэхийг гайхаж байгаа бол тэрээр эр хүйстэй байсан гэнэ.

Их Дэлгүүр ба Хурим
АНУ-ын “T.J.Maxx” их дэлгүүрийн гутлын тасагт нэгэн хос гэрлэх ёслолоо үйлдсэн явдал 2010 онд гарчээ. Хуримын энэхүү хачирхалтай үйл ажиллагааг сүйт бүсгүй Лиза Сатаютын хүсэлтээр хийсэн бөгөөд тэрээр Дрю Эллистэй гэр бүл болжээ. Түүний хувьд энэ дэлгүүр хамгийн аз жаргалтай, эрх чөлөөтэй газрын нэг учир ийнхүү “T.J.Maxx” их дэлгүүрт хуримласан байна. Их дэлгүүрт өрнөж байгаа хуримын ёслолын үйл ажиллагаанд алмайрсан худалдан авагч нар мэл гайхаж байсан ч хурсан олны дуу хуур, инээд наргианаар хөглөгдсөн гайхалтай нэгэн хурим болж өндөрлөжээ.

Унадаг дугуй ба Гэрлэлт
Унадаг дугуйгаар аялах дуртай ОХУ-ын нэгэн хос хуримын ёслолынхоо үйл ажиллагааг унадаг дугуй сонирхогч найз нөхдөөрөө хүрээлүүлэн эрүүл агаарт итгэмээргүй сонин тохиолдлоор хийжээ. Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулахаас бусдаар сүйт бүсгүй ба сүйт хархүү нар баярын өдрөөрөө унадаг дугуйнаасаа огт салаагүй гэдэг.


“Нүцгэн” гэрлэлт
Элли Бартон ба Фил Хендикот нарын Австрали хос эхээс төрсөн нүцгэн биеэрээ хуримласан тохиолдол 2009 онд гарсан байна. Тэд хуриманд уригдан ирсэн 250 зочдын өмнө бараг л нүцгэн байсан бөгөөд сүйт бүсгүй Элли хөх ба ичимдэг эрхтнээ тойруулан цагаан өнгөөр зураг зуруулж гоёсон бол сүйт хархүү Филийн хувьд нандин эрхтнээ халхлах хар бүрх малгайнаас өөр юу ч өмсөөгүй байсан гэнэ. Эгэл биш энэхүү хуримын гэрчээр уригдсан 250 зочноос гадна Австралийн Брисбен хотын FM - B105 радиогийн хэдэн мянган сонсогч сонгогдсон бөгөөд хос хоёрын хурим агаарын цэнхэр долгионоор шууд цацагдсан байна.


Нас барсан хүнтэй "гэрлэсэн" тохиолдол
Нас барсан хүнтэй гэрлэсэн тохиолдлын тухай хоёронтоо олж уншлаа. Хэдий сонин болгож бичиж байгаа ч сэтгэл эмтрэм гунигт хайрын түүхүүд билээ. Эхний тохиолдол нь Тайландын найруулагч Чадил Деффид тохиолдсон явдал юм. Их сургуульд байхаасаа биенээ мэддэг Саринья Камсук бүсгүй түүнд нэгэн цагт гэрлэх санал тавьж байжээ. Ажил байдлын шалтгаанаас болоод Чадил түүний гэрлэх саналыг хүлээж аваагүй байна. Гэтэл Саринья бүсгүйд гэнэтийн золгүй явдал тохиолдож 2012 оны эхээр машины ослоор нас баржээ. Чадил сэтгэлээр маш их унаж, түүнийг оршуулсан өдөр гэрлэхээр шийдэж авсан дахь Саринья Камсуктай гэрлэсэн байна. Энэ нь түүний алдаагаа ухамсарласны тэмдэг бөгөөд түүнийгээ одоо ч амьд хэмээн хайрлаж, сэтгэлийн жаргал дүүрэн амьдарч байгаа гэнэ.


Харин удаах нь Мишель Томаст тохиолдсон ба тэрээр нөхөр Кевин Лавилыгаа нас барсан эмнэлгийн моргт гэрлэсэн байна. Гэргий Мишель нь хуримаа хойшлуулсаар байсан нь ийм явдалд хүргэсэн бөгөөд нөхөр нь бусдын гарт амиа алдсан байна.

Энэ мэт хуримын сонирхолтой тохиолдлууд муур, үнээ, ямаа, нохой, могой гэхчилэн амьтдад цөөнгүй тохиолдсон байх ба амьгүй биетээс гал тогооны сав суулга, галзуу хулгана, секс хүүхэлдэй болон ачааны машинтай гэрлэсэн тохиолдол ч байх юм. Хамгийн сонин нь Хятад залуу Лю Иэ 2007 онд өөрөө өөртэйгөө гэрлэжээ...
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.