Боксын ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг:Би ямар нэг алдаа, хожигдол бүрийг өөртөө хариуцлага болгодог

Мягмардуламын Нандинцэцэг ОУХМ, Үндэсний шигшээ багийн, мөн “Хангарьд” спорт хорооны тамирчин
2005, 2006 он Насанд хүрэгчдийн УАШТ - Мөнгөн медаль   
2007-2014 он Насанд хүрэгчдийн УАШТ - Алтан медаль /найман жил дараалан/




Дэмбэрэлийн Оюунномин.Багш минь надад агаар ус мэт хэрэгтэй, түүнгүйгээр би хэн ч биш” гэж бичсэнийг тань уншсан. Тэгэхээр тамирчин хүнд багш гэдэг юу юунаас чухал бололтой?

Мягмардуламын Нандинцэцэг. Хамаг бүхэн нь шүү дээ. Зөвхөн дасгалжуулаад зогсохгүй эмч, бариач, сэтгэлзүйч, сайн найз, түшиг тулгуур болно. Манай багшийг Л.Энхбаатар гэдэг. Би багшийнхаа анхны эмэгтэй шавь гэдгээрээ бахархдаг.

Д.О. Мэргэжлийн тань онцлогоос шалтгаалж танд байдаггүй дүрийг хүмүүс бий болгох юм уу?

М.Н. Хөгжилтэй ч юм шиг, заримдаа гомдмоор ч юм шиг, олон хүний хэлдэг зүйл юу гээч, “Чи боксчин юм чинь нөхөртэй болвол тэрийгээ ч болгож өгөх байх даа” гэдэг. Бокс бол спорт, миний мэргэжил болохоос гэр бүлийн харилцаа, цаашлаад хүмүүстэй харилцахдаа давуу тал болгон ашиглах зэвсэг биш. Бокс тоглодог болохоороо би бүхнийг нударгаар шийдэх гэдэг, тэр тусмаа нөхрөө “болгож тавина” гэсэн үг биш шүү дээ.



Д.О. Та УАШТ-д найман жил дараалан түрүүлсэн. Таны замналыг харахаар, боксоор хичээллэж эхэлсэн цагаасаа л шаггүй тамирчин байсаар ирж. Тэгэхээр, энэ бүх хугацаанд тантай өрсөлдөх тамирчин байсангүй юу, эсвэл та тэднээс үнэхээр илүү байв уу?

М.Н. Би багаасаа л хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Манай сургуулийн биеийн тамирын багш намайг боксоор хичээллүүлэхээр Спортын төв ордонд дагуулж очиход би 15-тай байлаа. Эмэгтэй боксчин гэж байдаг юм байх даа гэж гайхаж байсан би өөрийгөө дэлхийн хэмжээний боксчин болно гэж бодоо ч үгүй. Эхэн үедээ тэмцээн болгонд М.Бямбацэцэгт хожигддог байв. Түүнийг хожих нь л миний гол зорилго байлаа. Нэгэн удаагийн хожигдлын дараа аав маань “Чиний тухай сонин дээр гарсан байхаар нь авчихлаа” гээд нэг сонин авчирч өгсөн.



Аав миний хамгийн үнэнч шүтэн бишрэгч л дээ. Тэгэхэд би “М.Бямбацэцэг алтан медаль авч, М.Нандинцэцэг уламжлал ёсоор мөнгөн медаль авлаа” гэж бичсэнийг уншаад, илүү хөдөлмөрлөх ёстойгоо, зөвхөн нэг хүнийг ялахын төлөө биш, илүү сайн тамирчин болох ёстойгоо ойлгосон. Дараа нь 2006 онд ДАШТ-ий өмнөх спаринг дээр М.Бямбацэцэгийг анх удаагаа ялаад, тэмцээнд явах эрхээ авч байлаа. Хичээллэх тусам, тэмцээн уралдаанд оролцох тусам илүү зорилготой болж байв. Манай үеийнхэн бол монголын эмэгтэй боксчдын хоёр дахь үе шүү дээ. Тиймээс, түүхийн эхлэлийг тавихын төлөө бүх хүчээ дайчилъя гэж бодох болсон...



Үргэлжлэлийг Гоодаль сэтгүүлийн 3-р сарын дугаараас уншаарай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.