“Бриллиант” клубээс санаачилж буй “НАЙЗЫН ЦҮНХ” аянд нэгдээрэй
Нийгмийн Ардчилал, Монголын Залуучуудын Холбооны дэргэд бүсгүйчүүдийн Бриллиант клуб байгуулагдсаар нийгэмд чиглэсэн олон ажлууд хийж буйг мэдээлж байсан. Стикер арга хэмжээгээр эмэгтэйчүүдийн асуудлыг бодитоор сонсч, эмэгтэйчүүдийн эмнэлгийн чанар стандартын талаарх хэлэлцүүлэг, 100 бизнес эмэгтэйн нэрийн хуудас солилцох үдэшлэг, Төв аймгийн Баянчандмань дахь МСҮТ-д шилдэг зуун ном бэлэглэсэн зэрэг ажлуудыг санаачлан хийжээ.

Эх үрсийн баяраар тус клубын гишүүд ЭМШУИС-н ахлах курсын оюутнуудтай хамтран Ботаник, Долоон буудал, Баянхошууны эцэс, Ханын материалын автобусны төвлөрсөн буудлуудад 4 багт хуваагдан ажиллаж тэр орчмын 800 ээжийн даралтыг үнэгүй үзэж баярлуулсан аж.
Харин ойрын өдрүүдэд “Найзын цүнх” нэртэй аяныг өрнүүлж, айл бүрт шахуу байдаг хэрэглэдэггүй сурагчийн цүнхийг хандиваар цуглуулан авч номтой хүн болох мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа хүүхдүүдэд бэлэглэж урам өгөх гэнэ. Цүнх хандивлан хүүхэд баярлуулах аянд та ч бас нэгдэж болохыг тэмдэглэе.
Дашрамд дурдахад Бриллиантын бүсгүйчүүд дэлхийн 90 гаруй оронд гишүүнчлэлтэй BPW (International Federation of Business and Professional Women) байгууллагын гишүүнээр клубээ элсүүлээд амжсан тухайгаа Facebook page-рээ хуваалцжээ.







